Яагаад Мбаппе ПСЖ-ийг орхиж, Реал Мадридыг сонгосон бэ?

Яагаад Мбаппе ПСЖ-ийг орхиж, Реал Мадридыг сонгосон бэ?

Яагаад Мбаппе ПСЖ-ийг орхиж, Реал Мадридыг сонгосон бэ?

Багагүй хугацаанд үргэлжилж, цуурхсан Мбаппегийн шилжилт хөдөлгөөн нэг мөр шийдэгдэж, Реал Мадридын фэнүүд баяраа тэмдэглэж байна. Франц довтлогчийн хувьд ПСЖ-ийн удирдлагуудад энэ зун гэрээгээ дуусгаад багаас явна гэдгээ хэлж, Испанийн Реал Мадридтай урьдчилсан байдлаар гэрээ байгуулсан гэх.

Өмнө нь 2017 онд Мбаппе Реал Мадридад очих боломжтой байсан ч ПСЖ-ийг сонгож байв. Дараа нь 2021 оны зун ирэх боломж байсан ч ПСЖ-ийн удирдлагууд болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнийг нутагтаа үлдэхийг хүсч байсан түүхтэй. Тэгвэл эцэст нь гэрээгээ дуусган Реал Мадридтай үнэгүй нэгдэж байна.

Зах зээлийн ханш нь 151.3 сая еврогийн тамирчинг үнэгүй багтаа элсүүлнэ гэдэг хулгай гэлтэй.

Өнгөрсөн жилийн зургадугаар сард л Мбаппе багтайгаа гэрээгээ сунгахгүй, чөлөөт агентын хувиар багаа орхино гэх мэдээ гарсан. Реал Мадрид ч түүнийг ирэхийг нь мэдэж, ПСЖ-тэй холбогдохоо болив. Сүүлд гарсан мэдээллээр Мбаппе Реалтай таван жилийн гэрээ байгуулж, улирал бүр 15 сая еврогийн цалин авах аж. Мөн Реалыг сонгож, гэрээнд гарын үсэг зурсаны урамшуулалд 150 сая евро хүртэж, зурагнаасаа олох ашгаа эзэмших гэнэ.

Хэрэв Модрич энэ зун багийг орхивол Мбаппе 10 дугаарыг авна.

ЯАГААД МБАППЕ РЕАЛ МАДРИДЫГ СОНГОСОН БЭ?

Цаасан дээр энэ шийдвэр тун амархан харагдаж магадгүй. Гэхдээ хөшигний цаана өөр асуудлууд бий.

Парист төрсөн Мбаппе ПСЖ-д долоон улирлыг өнгөрүүлэхдээ дотоодын бүхий л цомдоо түрүүлж, шилдэг довтлогч гэдгээ хангалттай харуулсан. Мөн Парис хотод УЕФА Аваргуудын лигийн анхны цомыг нь авчрах гэж хичээсэн ч 2020 онд финалд хожигдсон. Гэхдээ л ПСЖ-ийн бүх цаг үеийн мэргэн бууч гэх алдрыг богино хугацаанд олж, Златан, Кавани, Полета нарын амжилтыг ахиулсан. Харин одоо 11 настайгаас нь хойш араас нь хөөцөлдөж буй багтайгаа нэгдэх гэж байна.

Мбаппе болон ПСЖ-ийн удирдлагуудын дунд үл ойлголцол нэг бус удаа гарсан. Түүний гэр бүлийн ойр эх сурвалж "ESPN"-д өгсөн ярилцлагадаа "Мбаппег удирдана гэж амаргүй. Тэр ухаантай, тэмүүлэлтэй, ялахын төлөө, од байхын төлөө тэмцдэг нэгэн. Клубын удирдлагууд болон Мбаппегийн хооронд нэг бус удаа санал зөрөлдөх, хэцүү үе байсан" гэв.

Мбаппе ПСЖ-ийн спортын захирал асан Леонардотой асуудалтай байсан. Леонардо 2023 онд өгсөн ярилцлагадаа "Мбаппегүй бид УЕФА Аваргуудын лигт түрүүлэх боломжтой" гэж хэлсэн түүхтэй.

Түүнээс гадна Мбаппе клубын ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифитай сайнгүй харилцаатай. 2023 оны зургадугаар сард Мбаппе клубтэйгээ гэрээгээ сунгахгүй гэж хэлсэн гэх мэдээ гарсны дараа ПСЖ-ийн зүгээс түүн дээр санал сонсоно гэдгээ ил зарласан. Мөн клубын шинэ дасгалжуулагч Луис Энрикег танилцуулах үеэр Аль-Хелаифи "Би үүнийг жил бүр давтахыг хүсэхгүй байна. Хэрэв Килиан үлдэхийг хүсвэл бид түүнийг үлдээхийг хүснэ. Гэхдээ тэр шинэ гэрээ байгуулах хэрэгтэй. Бид дэлхийн шилдэг тамирчинг үнэгүй алдмааргүй байна. Бид тэгж чадахгүй. Энэ бол Франц клуб. Мбаппе хэзээ ч үнэгүй явахгүй гэдгээ хэлсэн. Хэрэв тэр өнөөдөр бодлоо өөрчилвөл энэ миний алдаа биш. Бид дэлхийн шилдэг тамирчинг үнэгүй алдмааргүй байна. Энэ л ойлгомжтой" гэжээ.

ПСЖ-ийн зүгээс Мбаппег ятгах гэж үйлээ үзсэн. Мбаппе өнгөрсөн зун багийнхаа бэлтгэлд хамрагдаагүй, улирлын өмнөх аялан тоглолтуудад оролцоогүй. Гэтэл энэ хооронд ПСЖ-ийн зүгээс түүний дүү Этанг үндсэн багийнхаа бүрэлдэхүүнд багтааж, талбайд гаргаж, удахгүй гэрээг нь сунгах гэж байна.

Мөн Аль-Хелаифи түүнд шийдвэр гаргах эрх мэдлийг өгч, Мбаппетай асуудалтай Леонардог халж, түүний оронд Луис Кампосыг авчирсан. Үүнээс гадна торгуулийн цохилт цохих эрхийг Неймараас авч, Мбаппед хүртэл өгсөн. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ч түүнийг нутагтаа үлдэж, Парисын олимпийн нүүр царай, элч төлөөлөгч болооч гэж гуйсан гэхээр Мбаппе үнэхээр супер од.

ПСЖ клуб Мбаппед Европын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээг санал болгосон ч тэрбээр нүүр өгөөгүй.

Мбаппе багаасаа л Реал Мадридын цагаан өмсгөлийг өмсч, Бернабеуд тоглохыг мөрөөдсөн. Харин зөв цаг үеэ мэдэрч, мөрөөдлөө биелүүллээ. Мбаппегийн гэрээний хугацаа дуусахад нэг жил дутуу байхад Реал Мадрид 160 сая еврогийн санал тавьсан ч ПСЖ тоогоогүй. Харамсалтай нь, одоо супер одоо үнэгүй алдаж байна.

Мбаппе Реал Мадридад ирснээр түүний Баллон д’Ор хүртэх магадлал үлэмж өсч байна. Тэрбээр 2023 онд Лионель Месси, Эрлин Холанд нарын араас гуравдугаарт бичигдсэн. Гэтэл ирэх намар Мадридад Винисиус Жуниор, Жюд Беллинхем нартай хамт Карло Анчелоттигийн удирдлага дор тоглоно.

Мбаппе ахлах сургуульдаа испани хэл сурч байсан учир шинэ багийнхантайгаа асуудалгүй ойлголцоно гэжээ.

ПСЖ Мбаппег орлуулахаар Наполигийн Виктор Осимхен, АС Миланы Рафаэль Леао, Ньюкасл Юнайтедын Бурно Гимараеш, Манчестер Ситигийн Бернардо Силва авах тухай яриа гарчээ.

Эсрэгээрээ нөгөө талд Реалаас ирэх зун хэн явах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Бенземаг явуулсан тэд бүтэн улирал цэвэр довтлогчгүй гарааны бүрэлдэхүүн ашиглаж байгаа. Үр дүн нь ч муугүй. Гэхдээ Европын хөлбөмбөгийг дахин эрхшээхэд 10 дугаарын довтлогч хэрэгтэй гэдгийг Перес хэнээр ч хэлүүлтгүй мэднэ. Багаас явах тоглогчдын жагсаалтыг Родриго, Хоселу, Брахим Диаз нар тэргүүлж байна. Родриго одоо ч тоглох минутдаа сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд ирэх зун Мбаппе, Эндрик хоёр ирэх учир түүний минут улам л багасч, сэлгээнд суух нь ихсэх шинжтэй. Тиймээс түүнийг ирэх зун биш гэхэд өвөл явна гэж үзэж байна.

Дашрамд дурдахад, Реал Мадрид Бразилаас Эндрик гэх хүлээлт өндөртэй, залуу авьяастныг багтаа элсүүлсэн билээ.

Ямартай ч Мбаппе УЕФА Аваргуудын лигийн дэлдэн чихт цом, Баллон д’Ор, хүссэн нэр алдар, хэвлэлийн анхаарал, хөрөнгөө эрж олохоор нарлаг Испанид ирдээ. Ододтой харьцаж сурсан Реал Мадридын ерөнхийлөгч Флорентино Перес түүнийг хэдэн жил багтаа уяж, хэрхэн эрхлүүлэхийг хамтдаа харцгаая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

pele 2024-02-22 203.23.199.221

tiiim ucnraas pele domog bolson um

Avatar

Нэргүй 2024-02-22 213.87.154.227

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Бадарч тахар 2024-02-22 66.181.181.63

Тэмээ Рональдо ямаа Мёсси үнэг Холланд нарыг бодвол хонь Мбаппё шуналгүй даруухан хүн л дэ ! Пeлe маягийн төрх зан түүнд бий шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж