Малаас ч дор үзэгдсэн малчид мандтугай…

Хуучирсан мэдээ: 2024.02.22-нд нийтлэгдсэн

Малаас ч дор үзэгдсэн малчид мандтугай…

Малаас ч дор үзэгдсэн малчид мандтугай…

Индианчуудыг элдэв халамжаар сүйрүүлсэн эмгэнэлт түүхийг бид бишгүй ярих ч тэдний нэгэн адил монголчууд малчиддаа хандаж иржээ. Монгол хүнийг бодсондоо бус малыг нь өсгүүлэхийн тулд малчдад анхаарлаа хандуулж байсан өнгөрсөн нийгмийн бодлого ч өнөөдөр үргэлжилж байна. Хоттой хониноосоо гаргаад идчих мэдэлгүй, ноосоо дутаахгүй гэхдээ үстэй дээлийнхээ ноосыг хярган нэмэрлэдэг харгис он жилүүд хойно хоцорсон ч хүн биш мал төрийн хамгаалалтад байхаар нийгмийн гэрээгээр тунхагласан хэвээр байна. УИХ дахь АН-ын бүлгийн малтнуудын нэгэн атгаг санааг дэвшүүлэн оноо авахаар орилох болсон бөгөөд түүний хохирлыг жирийн иргэд үүрэх бол ашгийг нь улстөрчид хүртэнэ. Хэдийгээр тэд наанаа зуданд нирвэгдэж, хотоо харлуулаад буй малчдын төлөө мэт боловч үнэн хэрэгтээ “би үхэхээр чи үх” эсвэл “зудад алдсан миний хөрөнгийг чиний төлсөн татвараас төлье” гэснээс огтхон ч ялгаа алга.

Монголыг сүйдэлж байхад тамганы хэрүүл хийж явсан АН-ын төлөөлөл эдийн засгийг элгэдсээр байгаад эвхрүүлсэн эрх баригчдаас ч хорон санааг бодож олсон төдийгүй тэр нь хувийн хөрөнгө зоорио зузаатгахын тулд улсаа ч золихоос буцдаггүй эрх баригчдыг зөөлөн суудлаас нь зайлуулах сонголтыг ч хийж мэдэх аюултай аж.

Зах зээлийн харилцааг бий болгох хувьсгалын автор гэгддэг намын төлөөлөл өөрсдөө түүнийхээ эсрэг нулимж буйгаа ч анхаарсангүй. Нүд улаан мөнгө цагаан гэж энэ ажээ.

Монгол Улсын хэмжээнд 140 мянга гаруй малчин бий бөгөөд 1.2 их наяд төгрөгийн малчны зээл авсан мэдээлэл бий. Тэдний 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг ХААН банкнаас тус тус олгожээ. Энэхүү зээлийг тэглэнэ гэдэг зуун жилийн өмнөх Хятадын пүүсүүдийг дээрэмдээд, өрийн бичгийг нь шатаахдаа адилгүй. Хэн нэгэн тэрхүү зээлийг төлнө. Мэдээж банк өгсөн зээлээ өөрсдөө сайн дураараа тэглэхгүй. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөнд гар дүрж гэмээнэ тэглэнэ. Зээл тэглэх саналыг гаргагчид хэзээ ч халааснаасаа малчдын зээлийг гаргаж өгөхгүй учраас л ийм санааг хорон санаа гээд буй хэрэг.

ӨӨРСДИЙН АШГААСАА ТАТГАЛЗААД, АЛДАГДАЛ ХҮЛЭЭГЭЭД ӨНГӨРНӨ ГЭЖ СЭРҮҮН ЗҮҮДЛЭВ

Хэдийгээр Монгол Улсын 330 гаруй сумдаас 250 орчимд нь зуд нүүрлэж, хаваржилт хүндэрснээс малчдын хувьд зээлээ эргэн төлөхөд бэрхшээл үүсч, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлтийг Шадар сайд тавьж, банкууд хүлээж авсан мэдээлэл гараад буй ч түүний төлбөрийг ч төр хийнэ.. Банкныхан өрөвчдөө биш. Өөрсдийн ашгаасаа татгалзаад, алдагдал хүлээгээд өнгөрнө гэж сэрүүн зүүдлэв.

Цар тахлын үед ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсантай үүнийг зүйрлүүлж бодож буй бол уучлаарай. Тухайн үед зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган өрхийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Гэтэл төрийн харалган бодлогоор халамж шиг болсон төдийгүй дахин ипотекийн зээл олгох эх үүсвэргүй болох аюултай үүд хаалгыг нээсэн юм. Үүнийг Монголбанкны 2023 оны Мөнгөний бодлогын төсөлд дурдсан байна. Өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар банкуудад нийт 14400 иргэний ипотекийн зээлийн хүсэлт ирсэнээс 2600 иргэн буюу 20 хүрэхгүй хувьд зээл олгосон гэсэн үг юм.

Зээлийн төлөлтийг нь хойлуулснаар гурван их наядын зээл хойшилсон учраас тэр чинээгээрээ дараагийн эх үүсвэр тасалдсан гэсэн үг.

Энэ хооронд юу болсон бэ гэхээр урьдчилгаагаа бэлдэж, байр авахаар төлөвлөсөн иргэд байраа авч чадахгүйд хүрчээ. Үүнийг дагаад барилгын материалын үнэ өсчээ. Харин байр авахаар мөнгө хуримтлуулсан залуус ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байсаар өөр зүйлд зарцуулж, үржээ.

Ипотекийн зээлийг хүлээсэн хэдэн мянган орон гэргүй иргэд байсаар байтал эрх баригчдын  сонгуулийн шоугаар хямд хүүтэй зээлээ улсын мэдэлд авч байгаад олгох тухай яриад зогсохгүй хийх үйл явц өрнөж байна. Ипотекийн зээлийн давуу тал нь олгосон зээлийнхээ төлөлтөөр дараа дараагийн зээл хүсэгчдийг санхүүжүүлээд явдаг. Тэрхүү урсгалыг нь зогсоочихоор энэ тогтолцоо нуран унахад хүрсэн гэсэн үг. Үүнээс болоод барилгын салбараа ч татаад унагаах нь. Эргэлтийн хөрөнгөгүй болсон барилгын салбарынхан материалын өсөлт, худалдан авалт буурсан зэргээс үүдээд алдагдалд орохгүй тулд үнээ нэмсээр байна. Өнөөдөр ам метрт нь 2 саяас доош үнэтэй барилга байхгүй болсон. Гэтэл хэдэн мянгаараа зээл хүлээсэн иргэд түрээсийн төлбөрт цуглуулсан урьдчилгаагаа дуусгаж байна. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр иргэддээ гай болж, халамжаар дулдуйдаж, аж ахуйн нэгжээ өрсөлдөх, иргэдээ амьдрах чадваргүй болгосон дайсагнасан бодлого ингэж гай болдог нь бидний хамгийн ойрын жишээ энэ.

Хэрэв малчдын зээлийг тэглэвэл үүнээс илүү хорон үр дагавар гарна.

Тэтгэврийн зээлийг тэглэх сургаар хамгийн өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди зээл авсан бол бор зүрхээрээ амьдралаа болгож, багахан тэтгэврээ хүргээд явсан жирийн ахмадуудад сая төгрөгийн талон олгосон тэдний хэлээд буй шударга ёс.

Өнөөдөр ч малчин хүний наад захын эрх зөрчигдөж байхад үл тоодог хэр нь тэдний өрсөлдөх чадвар, дэд бүтцийн асуудлыг шийддэггүй, малчны эрүүл мэндээс илүү малын вакцин шашах тухай бодлого баримталж ирсэн нь өнөөгийн энэ их гамшгийг дагуулав.

Харин малчдыг хадлан, тэжээлээ бэлтгэх үед нь түлш, шатахууны хомсдолд оруулж хорлосон эрх баригчид өнөөдөр сүүлийн 40 жил болоогүй зуд болж буй талаар тэнэглэлээр өөрсдийгөө өмөөрч сууна. Зуд болоход малчдыг муу хэлүүлж, тэдэнд тусгай хангамж үзүүлж, тэтгэврийн шимтгэлийг нь хүртэл бусад татвар төлөгчдийн мөнгөөр төлөх тухай хууль батлагчид үнэн хэрэгтэй монголын малчдыг бодсондоо бус мөхөөх бодлого барьж буйг ойлгосон цагт л жинхэнэ утгаараа малчдын магнай тэнийх нь зайлшгүй. Тэр болтол бид зуд болох тоолонд зулгуй хэрүүлээ хийсээр байх болно. Тиймээс малчдын төлөө нэрээр малаас ч дор болтол хорлож буй улстөрчдөд хариуг нь барьцгаая. Монголын малчид мандугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж