Орос улс стратегийн ач холбогдол бүхий байгалийн баялаг олж авахын тулд Африкийн засгийн газарт "амьд үлдэх багц"-ыг санал болгоод байна. Баруун Африкийн бүс нутгаас өрнөдийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх зорилготойгоор уул уурхайн хууль дүрэмд Орос өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйг “BBC” агентлаг мэдээллэв. Энэ нь ОХУ хөлсний цэргийн бүлэглэл болох Вагнерийг өөрийн эрхэнд авах гэсэн арга гэж ажиглагчид дүгнэлээ.
Евгений Пригожин 2023 оны зургаадугаар сар гэхэд дэлхийн хамгийн айдас хүргэм, алдартай хөлсний цэрэг болсон ба түүний Вагнер групп олон тэрбум доллар бүхий компани, төслүүдийг хянадаг. Гэвч ОХУ-ын Украин дахь түрэмгийллийн гол хүч Вагнер групп Москвад бослого гаргаснаар Путины заналхийлэгч болжээ. Пригожин жанжин штабын дарга болон Батлан хамгаалах сайдыг огцруулах тэмцэл өрнүүлснээсээ хэдхэн долоо хоногийн дотор онгоцны осолд орсон юм. Түүний үхэл, Вагнер группийн ирээдүй асуултаар дүүрэн үлдсэн хэдий ч Африк дахь Оросын шийдвэр бүх зүйлийн хариултыг ил болгох шиг.
Хуурай замын дайны мэргэжилтэн, доктор Уотлингийн хэлснээр, Пригожин Москвад бослого гаргасны дараа Кремльд хурал болж, Африк дахь Вагнер группийн үйл ажиллагааг засгийн газар хяналтандаа авахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу 29155-р ангийн дарга, генерал Андрей Аверьянов Африк дахь Вагнер группийг хяналтандаа авсан ба энэ нь гадаадын засгийн газрыг тогтворгүй болгох нууц ажиллагаа байжээ. Гэхдээ генерал Аверьяновын шийдвэр, бизнес санаанууд гадаадын засгийн газрыг тогтворгүй болгох бус улам тэдний ирээдүйн ашиг орлогийг бататгана гэх таамагч бий.
Оросын Батлан хамгаалах дэд сайд Юнус-Бек Евкуровын хамт генерал Авьянов өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Вагнерийн Африк дахь үйл ажиллагаатай танилцаж эхлэв. Тэд Ливи, Буркина Фасо, Төв Африкийн Бүгд Найрамдах улсаар айлчлан Хунтагийн удирдагчидтай уулзжээ. Эдгээр уулзалтууд нь Пригожин нас барсан ч Вагнерийн үйл ажиллагаа дуусгавар болохгүй гэдгийн баталгаа. Буркина Фасогийн ахмад Траоретай хийсэн уулзалтын тайланд "Буркинабегийн курсант, бүх түвшний офицеруудыг Орост цэргийн болон нисгэгч бэлтгэх сургалтанд сургана" гэж дурджээ. Үүний адил Пригожины үхэл Вагнер болон Хунтагийн харилцаанд завсар үлдээхгүйг батална. Өмнө нь Францийн аюулгүй байдлын алба болон НҮБ хамтран Африкийн үймээн дэгдсэн бүс нутгаар явж аюулгүй байдал хангах санал тавьсан. Гэвч тэдий саналыг Мали , Сахел зэрэг бүс нутаг татгалзсан бөгөөд Вагнер, Оросын хүчинг илүүд үзсэн байна. Аюулгүй байдлыг нь хангасны хариуд Баруун Африкийн олборлогчид шинэ Вагнер группт алт, зэсийн үйлдвэрийн хяналтаа өгч, бусад оронтой хийх гэрээгээ цуцалхаар болов. Мөн Орос Баруун Африкийн уран олборолтонд хяналтаа тогтоож чадвал Европ эрчим хүчний хомсдолд орох аюултай.
Франц дэлхийн бусад улсаас илүү цөмийн эрчим хүчинд хамааралтай бөгөөд тус улсын нийт эрчим хүчний гуравны хоёрыг 56 реактор үйлдвэрлэдэг. Нийт ураны тавны нэгийг Нигерээс импортолдог ч Франц тус улсын эрчим хүчийг хямд үнээр мөлжиж байна гэх шүүмжлэлийг хүртсэн юм. Бодит байдал дээр "Экспедицийн корпус" гэх Авертяновын ажиллагаа нь Оросын гадаад бодлогыг эрс өөрчилсөн гэхээсээ илүү "Вагнер 2.0" шиг харагдаж байна. Пригожин Африк тивд улс төр, эдийн засаг, цэргийн гүн гүнзгий харилцаа холбоог бий болгосон. Үүний адил Оросын хяналтад орсон Вагнер нь хуучин шигээ ижил зорилготой ажиллаж байна.
Эх сурвалж: BBC, CNN
Холбоотой мэдээ