ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хоёрдугаар сарын 16-ны өдөр Арктикийн Ик-3 шоронд нас барсан. Түүнийг нас бараад гурав хоносны дараа эхнэр Юлия Навалнаяа нь "Владимир Путины дэглэмийг түлхэн унагаах нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлнэ" гэж мэдэгдсэн юм. Бид энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Путины шинэ дайсан гэж нэрлэгдээд буй Юлия Навальнаяаг онцолж байна.
Юлия Борисовна Навальная 1976 онд Москва хотноо эрдэмтэн Борис Александрович Абросимовын гэр бүлд төрсөн. Навальнаяг тавдугаар ангид байхад эцэг эх нь салж, улмаар ээж нь хоёр дахь удаагаа гэрлэжээ. Хойд аав нь ЗХУ-ын Улсын төлөвлөлтийн хорооны ажилтан байв.
Төрсөн эцэг Борис Александрович Абросимов нь 1996 онд нас барсан. Гэтэл Борис Абросимов гэх хүн нь амьд мэнд, Их Британи дахь Оросын Элчинд нарийн бичгийн даргын ажил хийдэг гэх мэдээллийг 2020 онд сэтгүүлч Олег Кашин олонд дэлгэжээ. Навальный хариуд нь хадам эцгийнхээ нас барсны гэрчилгээг үзүүлж байсан. Харин түүний авга Елена Борисовна Абросимова нь Оросын Үндсэн хуулийг зохиогчдын нэг юм.
Навальная Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн академийн Олон улсын эдийн засгийн харилцааны факультетийг төгссөн. Ажилчин анги болсон хойноо Москвагийн банкинд ажиллаж явжээ.
НАВАЛЬНЫЙН НӨГӨӨ ТАЛ
Навальная 1998 оны зун Турк улсад амарч байхдаа хуульч Алексей Навальныйтай танилцжээ. Улмаар 2000 онд гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон. Охин Дариа нь 2001 онд, хүү Захар нь 2008 онд төрсөн.
Навальная 2007 оноос хойш албан ёсоор хаана ч ажиллаагүй бөгөөд ар гэрийн өдөр тутмын амьдрал, хүүхдийнхээ хүмүүжилд голчлон анхаарч иржээ. Тэр хэвлэлд бараг ярилцлага өгч байгаагүй. Нэг удаа ярилцлага өгөхдөө Кремлийн зүгээс дарамт шахалт ихэсч байгаатай холбоотойгоор "Юу ч болж байсан гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэх бол миний гол зорилго" гэж хэлж байв.
Нөхрийгөө нас барсны дараа тэр "YouTube" бичлэгээр дамжуулан "Путин Алексейг алснаар миний хагасыг, зүрх сэтгэлийн минь талыг үгүй хийлээ. Гэхдээ нөгөө тал нь надад бий. Тийм учраас би бууж өгөх эрхгүй. Би Алексей Навальныйн үйл хэргийг үргэлжлүүлэх болно" гэжээ. Энэ бол эргэлзээгүй улс төрийн шинж чанартай мэдэгдэл байв.
Гэр бүлийн хоёрыг сайн мэдэх эх сурвалжуудын хэлж буйгаар Навальная нөхрөө дэмжээд зогсохгүй үзэл бодлыг нь төлөвшүүлэхэд хүртэл үүрэг гүйцэтгэсэн аж.
Навальныйн Авлигатай тэмцэх сангийн АНУ дахь салбарын ажилтан Анна Ведута хэлэхдээ "Алексейн карьерын бүх үе шатанд Юлия үргэлж түүний хажууд байсан. Тэдний хооронд үл мэдэгдэх утасгүй холбоо байсан. Тэд заримдаа ярих ч шаардлагагүйгээр ижилхэн бодсон байдаг" гэжээ.
Аливаа жагсаал, шүүх хурлын үеэр Навальная олны нүдэнд төдийлөн харагдаад байдаггүй ч гайхалтай төв цэгц, тайван байдлаараа хэвлэлийнхний анхаарлыг татдаг байв. Харин Навальный эсрэгээрээ эхнэрээ байнга алдаршуулдаг байв. Гэгээн Валентины өдрийг тохиолдуулж инстаграм хуудсаараа дамжуулан эхнэртээ мэнд хүргэсэн нь түүний хамгийн сүүлчийн хайрын илэрхийлэл байжээ.
2020 оны зун Алексейг "Новичок" хэмээх мэдрэлийн бодисоор хордуулсны дараа Навальная олны нүднээс хол байх ямар ч боломжгүй болжээ. Тэрбээр Навальныйг Омскийн эмнэлгээс гаргаж, гадаадад эмчлүүлэх ажлыг зохион байгуулж, хэвлэл мэдээллийнхэнтэй нүүр тулж байлаа.
ХЭЗЭЭ Ч ТАЙВШИРЧ БОЛОХГҮЙ
Навальная сүүлд нь нэг ярилцлага өгөхдөө "Гол нь тайвширч, сул дорой байдлаа харуулж болохгүй гэх мэдрэмж л намайг эзэмдэж байлаа. Хэрвээ би хяналтаа алдчих юм бол бүгд сүйрнэ" гэжээ.
Алексей Навальныйг хордуулахаас хоёр сарын өмнө Навальная хордож байсан. Үүнийг сөрөг хүчний удирдагчид халдах гэсэн бүтэлгүй оролдлого гэж эрэн сурвалжлах сэтгүүлчид сэжиглэж байв.
Навальная нөхрөө хордсоноос хойш амар тайван амьдрал нь тасалдсан юм. Алексейг 2021 оны эхээр ОХУ-д буцаж ирэхэд Шереметьево нисэх онгоцны буудлаас баривчилснаар энэ бүхэн эхэлсэн. Тухайн үед Навальная тайван байж, биеэ барьж, нөхрөө үнсээд явуулжээ. Үүнийг нь Навальныйн дэмжигчид сайшаан ярьцгааж байсан.
Ийнхүү Навальный хоригдсоноос хойш Навальнаяагийн олон улсын тавцан дахь дүр төрх улам тодрох болжээ. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард Оскарын шагнал гардуулах ёслол дээр, хамгийн сүүлд Мюнхенд нөхрөө нас барсныг мэдээд хэдхэн цагийн дараа илтгэл тавьсан юм.
КРЕМЛИЙН ШИНЭ БАЙ
Навальнаяг "зөөлөн хоол" биш гэдгийг мэдсэн Оросын эрх баригчид түүнийг сулруулахаар хичээсээр байна. Олны өмнө гарч ирэх бүртээ тэр Оросын төрийн хэвлэлүүдэд элдвээр гоочлуулдаг.
Навальныйд олон жил ажилласан хуульч Любовь Собол хэлэхдээ "Тэр маш их зориг гаргасан. Учир нь тэр Кремлийн гүтгэлгийн кампанит ажлын дараагийн бай болох нь тодорхой. Тэд түүнийг үгүй хийхийг оролдох болно" гэжээ.
Нөхрөөсөө ялгаатай нь Навальная өдгөө ОХУ-д байхгүй. Энэ нь түүнийг Кремлийн хүрээнээс холдуулж буй.
Навальная гэр бүлээ хамгаалж, хүүхдүүдээ хүүхэд хэвээр нь үлдээхийг хүссэн ч одоо түүнд сонголт үлдсэнгүй. "Навальный нас барсан учир одоо түүнд өөр сонголт байхгүй. Тэр нөхөртэйгөө нэг цул юм. Тэр хэзээ ч ухрахгүй. Навальныйн үзэл санаанаас урвахгүй" гэж Навальныйн холбоотон Ведута хэлжээ.
Эх сурвалж: POLITICO
Холбоотой мэдээ