ЦЭЦ хэмээх толгойгүй институци жинхэнээсээ “морг” болов!

Хуучирсан мэдээ: 2024.02.21-нд нийтлэгдсэн

ЦЭЦ хэмээх толгойгүй институци жинхэнээсээ “морг” болов!

ЦЭЦ хэмээх толгойгүй институци жинхэнээсээ “морг” болов!

Хуульч Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцийг  улстөрчдийн “морг” боллоо гэж шүүмжилдэг. Хатуу ч гэсэн энэ бол үндэслэлтэй шүүмжлэл. Үндсэн хуулийн цэц өнөөдөр Үндсэн хуульдаа манаач болох нь бүү хэл мануухайн үүргийг гүйцэтгэж чадахгүй сууна. Үндсэндээ, Үндсэн хуулийн цэцэд засаглалын хямрал нүүрлэсэн нь Үндсэн хуулийг хяналтгүй, хамгаалагчгүй болгоход хүргэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц нийт есөн хүнээс бүрддэг. Гурвыг нь парламентаас, гурвыг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Улсын дээд шүүх санал болгосныг УИХ томилдог.

УИХ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан-2023.11.16-ны өдөр томилогдсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Э.Энхтуяа-2023.11.16-ны өдөр томилогдсон.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Х.Эрдэнэбулган-2021.03.26-ны өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Д.Гангабаатар-2021.10.07-ны өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн О.Мөнхсайхан-2023.11.16-ны өдөр томилогдсон.

Хамгийн сүүлд Д.Одбаяр, Н.Чинбат, Н.Нанзаддорж нарыг чөлөөлж, тэдний оронд Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг томилсноор Үндсэн хуулийн Цэцийн 50 хувь нь шинэчлэгдсэн юм. Гэвчиг үнэндээ Үндсэн хуулийн цэцэд шинэ хүмүүс томилогдсоноос өөрөөр тэнд шинэчлэлт явагдаж чадсангүй. Тэр ч бүү хэл шинээр даргаа томилж чадахгүй байгаагаас дүгнэвэл Үндсэн хуулийн Цэц жинхэнээсээ “морг” болжээ.

Үндсэн хуулийн гол зорилго нь иргэдийг хамгаалж, эрх мэдэлтнүүд буюу Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг хянахад чиглэгддэг. Гэвч, манай Үндсэн хуулийн манаач нар яг эсрэгээр нь, Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорт үйлчилсээр ирсэн.

Нэг үе харьсан дарга, карьер нь дууссан улстөрч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогддог байв. Сүүлийн жилүүдэд залуу хуульчдаар Цэц цус сэлбэх болсон ч улс төрийн захиалгад үйлчилдэг нь, үйл ажиллагаа нь хаалттай байдаг нь хэвээрээ. Хэн мөнгөтэй нь дуугаа захиалдаг болохыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд харуулдаг.

Цэцийн тухай хуулийн 2.1-д заасан “Цэц нь хараат бус байх, Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, гишүүд эрх тэгш байх, асуудлыг шударга шийдвэрлэх, үйл ажиллагаа нь ил тод байх үндсэн зарчмыг баримтална” гэсэн нь  ердөө цагаан дээр хараар бичсэн хоосон үг болж хувираад удаж байна. Тэнд ялсан намын, тэр тусмаа эрх мэдэлтэй даргын үг  “Үндсэн хууль” болдог. Үнэнийг хэлэхэд, Үндсэн хуулийн дээр өнөөдөр МАН, МАН-ын дарга нар  байна. МАН юу хүснэ, түүнийг нь Үндсэн хуулийн Цэц үг дуугүй гүйцэлдүүлж ирсэн.  Үүнийг өөрчлөхгүйгээр зүгээр л нэг гишүүнийг нөгөөгөөр солилоо гээд нийлбэр дүнд өөрчлөлт гарахгүй.

Үндсэн хуулийн цэц өмнө нь хэрүүл талцалтай байсан бол өдгөө засаглалын хямралд нэрвэгдэж, Үндсэн хууль хяналтгүй, манаачгүй болоход хүрэв. Учир нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Чинбатын оронд хэнийг томилох нь улс төр болж хувирсан байна. УИХ-аас Б.Баясгаланг Үндсэн хуулийн даргаар зүтгүүлж буй бол Х.Баттулгын зүгээс Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарыг “түлхэж” суугаа гэх. Харин Цэцийн гишүүн Ш.Солонгын хувьд Цэцийн даргыг сонгох үүрэгт ажлаа орхигдуулж, өөрөө орлон гүйцэтгэгчээр байх арга заль ашиглах болсон тухай албан бус яриа ч сонсогдох болсон.  Н.Чинбатаас үүрэгт ажлыг нь түр орлон үлдсэн Ш.Солонго нь Цэцийн даргыг сонгох хурлыг зарлан хуралдуулах үүрэгтэй аж. Үндсэн хуулийн Цэцийн дарга нь Цэцийн хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцах чиг үүргийг гүйцэтгэдэг хариуцлагатай албан тушаал. Атал энэ үүргээ Ш.Солонгос биелүүлэхгүй байгаа нь Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа тэг зогсоход хүргэсэн бололтой. Манаач нь Үндсэн хуулиа манаж чадахгүй бол төр-ард түмний хоорондын гэрээ хоосон цаас болж хувирна.

Тиймээс Цэц хэмээх “манаач”-ийг хэн манах нь улс төрийн хямрал дагуулж болзошгүй байна. Өмнө нь Цэц улс төрийн захиалгын байгууллага байсан бол өдгөө  “хувийн өмч” болж хувирчээ. Ганцхан Цэц засаглалын хямрал орсон юм биш Монголын төр бүхэлдээ хямарсаны нэг илрэл энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж