Монголын хөлбөмбөгийн лигийн шинэчлэл ямар үр дүн авчрах вэ?

Монголын хөлбөмбөгийн лигийн шинэчлэл ямар үр дүн авчрах вэ?

Монголын хөлбөмбөгийн лигийн шинэчлэл ямар үр дүн авчрах вэ?
Лигийн шинэ лого, брэндингийн ажлыг "Brainstorm" гүйцэтгэжээ

Монголд л хөгждөггүй өнөө гацаа хөлбөмбөгийн хөгжил шинэ шатанд гарах замдаа явна. Угтаа Монголд анхлан нэвтэрсэн, өнө удаан түүхт спортуудын нэг нь хөлбөмбөг хэдий ч хэрхэн хөгжих, дэвших талаарх ойлголтгүй, санаагүй уджээ. Хөлбөмбөг сонирхогчид, тамирчид, зүтгэлтнүүд нь ч холбооныхоо үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, сайнаасаа илүү саар үгсийг хэлсээр ирсэн.

Тэгвэл Монголын спортын корпораци Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран лигийг шинэчлэн өөрчилж, дараагийн шатанд гаргахаар зургаан жилийн гэрээг байгуулжээ. Өмнө нь тэд сагсан бөмбөгийн холбоотой хамтран одоогийн сагсан бөмбөгийн лигийг өөр түвшинд авчирсан билээ. Харин тэрхүү өөрчлөлтүүдийг одоо Монголын хөлбөмбөгт авчрах гэж байна.

ХОЛБОО, ЛИГ ХОЁР САЛАВ

Хамгийн эхний ажил нь Монголын хөлбөмбөгийн холбооноос лигийг салгажээ. Өмнө нь холбоо лигээ зохион байгуулдаг байсан бол одооноос лиг нь өрх тусгаарлаж, бие даав. Холбоо одоо лигтэй зөвхөн дэд бүтэц, хууль эрх зүйн орчин, тамирчдын эрүүл мэндийн даатгал, ивээн тэтгэгч, хөгжлийн бодлого гэсэн чиглэлүүд хамтарч ажиллах гэнэ.

Монголын хөлбөмбөгийн лигийн дээд лигийг цаашид Монголын Премьер лиг буюу MPL гэх бөгөөд бизнес, арилжааны зарчмаар үйл ажиллагаагаа явуулж, "Хаан" спортыг Монголд нутагшуулахаар урт хугацааны ажлыг хийхээр төлөвлөжээ.

МОНГОЛД ХӨЛБӨМБӨГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИЙН ТАВАН БАГАНА

1. Үзэгчдийн үйлчилгээ

Хөлбөмбөгийн спорт хөгжих гол хүчин зүйл бол мэдээж үзэгч, фанатууд. Олон улстай харьцуулахад Монголын лигийн тоглолтууд бараг л хоосон цэнгэлдэхэд үзэгчгүй болдог гэхэд хилсдэхгүй. Зөвхөн шигшээ багийн тоглолттой өдөр л чүү ай дүүрэн харагддаг. Тэгвэл энэ байдлыг засахаар ариун цэврийн өрөөнөөс эхлээд хамгаалалт, тасалбар борлуулалт, түргэн хоол зэргийг шийдэх гэнэ.

Мөн 910 хүний суудалтай "MPL Garden" гэх цогцолборыг ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр буюу гадаа талбайн улирлын эхэнд ашиглалтад оруулж, дөрвөн жилийн хугацаатай ашиглахаар болжээ. Үүнээс гадна тасалбарыг "shoppy" цахим худалдааны платформоор худалдаалж, 6000 хүний суудалтай айрдом буюу битүү дээвэртэй талбай ашиглалтад оруулж, цэнгэлдэхийн хажууд хоолны гудамж байгуулна.

2. Шударга өрсөлдөөн

Сүүлийн жилүүдэд Монголын хөлбөмбөгийг бет буюу спортын бооцоот тааварт живж, тамирчид нь нэр холбогдсон гэх мэдээллүүд гарсан. Тэгвэл энэ байдлыг залруулахаар "Genius Sport", "Sport Radar" гэсэн спортын дата цуглуулдаг, анализ хийдэг олон улсын компаниудтай хамтарч ажиллахаар болжээ. Ингэснээр тохиролцсон тоглолт байгаа эсэхийг нэг бүрчлэн шалгаж, эрсдэлтэй гэж үзвэл мэдэгдэх гэнэ.

Санхүүгийн шударга өрсөлдөөний дүрмийг хэрэгжүүлнэ.

Шүүгчдийн тал дээр гадаадаас шүүгчдийн урьж авчран лигийн тоглолтууд дээр ажиллуулах төлөвлөгөө бий. Үүнээс гадна допинг, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаарх сургалтыг баг, тамирчдад тогтмол орохоор шийджээ.

3. Шууд дамжуулалт

Өмнө нь телевизүүд хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэхэд байрлаж, шууд дамжуулалтаа өөрсдөө хийдэг байсан бол удахгүй лиг өөрөө шууд дамжуулалтаа чанарын өндөр түвшинд хийж, гаралтаа л телевизүүдэд өгөх аж. Одоогоор гурван телевизтэй гэрээ байгуулсан бөгөөд 2025 он гэхэд Монголын томоохон телевизийн оргил цаг дээр лигийн тоглолтын шууд дамжуулалт байршина гэв.

Шууд дамжуулалт сайжирсны үр дүнд VAR буюу Бичлэг ухрааж үзэх технологи ч нэвтрэх суурь бүрдэв. Түүнчлэн "Genius Sport"-той хамтран лигийн, тамирчдын албан ёсны үзүүлэлт, үр дүнг хөтөлнө. Тамирчид, багууд ч үүлэн технологийн тусламжтай тоглолтыг бичлэг, зургаа хэзээд, хаанаас ч үзэх, ашиглах, анализ хийх боломжийг бүрдүүлнэ.

Лигийн тоглолтууд тогтсон хоёр цагт л эхэлнэ. Өнгөрсөн жил Германаас ирсэн хоёр жуулчин Улаанбаатар хоттой танилцах үеэрээ Баварианс гэх герман нэртэй багийн тоглолтыг үзэх хүсэлтэй байсан ч гэнэтхэн тоглолтын хуваарьд нь өөрчлөлт орж, үзэж чадаагүй буцсан түүхтэй гэх.

4. Тамирчид, клубын хөгжил

Юуны түрүүнд тамирчид, клубуудын бүртгэлийн системийг нэвтрүүлнэ. Бас нэгэн сонирхолтой үзүүлэлт байгаа нь Монголын хөлбөмбөгийн клубуудын дундаж наслалт 14 жил. Өөрөөр хэлбэл, нэг клуб 14 жил үйл ажиллагаагаа явуулаад л дампуурч, үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрч байна гэх тооцоо гарчээ. Тэгвэл энэ байдлыг засахаар клуб бүрт менежментийн сургалт явуулж, гадаад харилцааг нь дэмжиж, дундын оффисыг байгуулах гэнэ.

Одоогоор лигийн тамирчдын 10-15 хувь нь л клубээсээ цалин авч байгаа учир цаашид бүгдийг нь цалинтай болгохоор төлөвлөжээ.

Тамирчдын тал дээр тамирчны замналынх нь дараах хөтөлбөрийг боловсруулж, зодог тайлсныхаа дараа цаашид хэрхэх, олсон хөрөнгө мөнгөө хэрхэн зарцуулах, хөрөнгө оруулах тал дээр зөвлөгөө өгөх аж.

5. Маркетинг, засаглал

Энэ баганын хүрээнд хийгдэх нэг онцлох ажил нь FIFA-ийн лицензтэй агенттай болох. Ингэснээр монгол тамирчид агенттай болж, гадаадын лигүүд рүү гарах боломж нээгдэнэ гэж үзжээ.

Баг болгоны оюуны өмчийн асуудлыг шийднэ.

Өнгөрсөн жилээс Монгол Улс жуулчдыг татахаар "Go Mongolia" сурталчилгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд үүний хүрээнд жуулчид Улаанбаатарт ирээд хөлбөмбөгийн тоглолт үзэх сэдлийг төрүүлэх, орчныг бүрдүүлнэ.

Азербайжан, Саудын Арабын лиг, Японы J лигтэй хамтарч ажиллахаар эхний шатны уулзалтуудыг хийжээ.

Дээр дурдсан ажлууд нь зөвхөн онцлох хэсгүүд гэдгийг дурдъя. Үүнээс илүү олон ажлыг шат дараалалтай, хугацааны хуваарилалттай хийхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-21 213.87.156.1

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж