Хаврын сар гарсан ч Бэлх нь Сэлбэ голын дагуу байрладаг болоод тэр үү хүйтэн агаар тас няс хийж, хацар чимчигнүүлнэ. Цэвэр агаар сэнгэнэх нь таатай ч халиа дошин хаа сайгүй үүсч, зарим айлын хашааг далд орох шахам, зарим айлын байшингийн цонх тултал мөс татан хөлджээ.
Нийслэлийн 217 дугаар цэцэрлэгийн ар хэсгийг тойруулан мөсөөр хана босгосон нь халиа дошин урсч орж ирэхээс сэргийлсэн арга боловч шар усны үер гэнэт буувал мөсөн ханыг сэт татан, цэцэрлэг нэлэнхүйдээ усанд автаж болзошгүй аж.
Цэцэрлэгийн ажилтан, албан хаагчид сарын өмнөөс шахам халиа дошингийн эсрэг арга хэмжээ авч ажилласны хүчинд хаалгаа барилгүй өнөөдрийг хүргэжээ. Тэд оройн 20:00 цагаас шөнийн 03:00 цаг хүртэл хүрз жоотуугаар суваг гаргаж, цэцэрлэг рүү ус орохоос сэргийлэх арга хэмжээ ч авчээ.
Бид сурвалжлага хийх үеэрээ холбогдох албаны хүмүүстэй уулзаж, нөхцөл байдлыг тодруулсан юм.
НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРВЭЛ ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖГҮЙ БОЛНО
Нийслэлийн 217 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.ХУЛАН:
-Нэгдүгээр сарын сүүлээр халиа дошны асуудал эхэлсэн. Өдрөөс өдөрт нэмэгдсээр ийм байдалтай болсон. Ажилчдынхаа хүчээр цэцэрлэгээ усанд автуулахгүйн төлөө байж болох бүхий л бололцоог ашиглаад ажиллаж байна. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл хүний хүчээр биш техник тоног төхөөрөмж ашиглахаас аргагүй. Энэ хавь цэвдэг ихтэй. Гэхдээ өмнөх жилүүдэд ийм нөхцөл байдал үүсдэггүй байсан. Өнөө жилийн хувьд их эртнээс шар усны үерт автаж болзошгүй хүнд нөхцөлд байна. Манай цэцэрлэг 100 хүүхдийн хүчин чадалтай, 20 дугаар хороондоо байдаг ганц цэцэрлэг. Одоогийн байдлаар 150 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Хүүхдүүдээ өглөө хүлээн авах, орой тарах үед нөхцөл байдал хүндрэх шинжтэй болсон. Халиа дошны ус явган хаалга руу ороод ирчихсэн болохоор хаалт тавьсан. Хажуу талынхаа “Дэвшил” компанитай тохиролцож байж, урд хэсэгтээ явган хаалга гаргаж хүүхдүүдээ өглөө, орой хүлээж авдаг болсон.
Одоогоор үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нөхцөл байдал хүндэрвэл үйл ажиллагааг зогсоохоос аргагүй. Нийслэлийн онцгой байдлын шуурхай штаб, Сүхбаатар дүүргийн Тамгын газар, хороо, дүүргийн онцгой байдлынхан ирж газар дээр нь танилцсан. Гэхдээ одоогоор бол шуурхайлаад авсан арга хэмжээ бол алга байна гэлээ.
170 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА
Сүхбаатар дүүргийн 20 хорооны Засаг дарга С.НЭРГҮЙ:
-Сүүлийн жилүүдэд намагтай, гол горхи урсдаг байсан газар дээр хүмүүс суурьшаад, ширгэсэн байсан булаг шанд сэргэж байгаагаас энэ асуудал үүсч байна. Өмнөх хоёр жилд энэ жилийнх шиг айхтар эрсдэл үүсээгүй. Бид дүүргийн онцгой коммисстойгоо хамтраад өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд мөсөөр далан босгож айл өрх рүүгээ оруулахгүй байх арга хэмжээ авч ажилласан. 217 цэцэрлэгээс хойшоогоо Сэлхийн зам хүртэл 1200 метр газар, нэг аж ахуй нэгж, 50 өрх халиа дошинд өртөх эрсдэлтэй байна.
Мөн шар усны үер буух үед эрсдэлд орж болзошгүй 170 гаруй айл өрх байгаа. Бүх айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан. Манай хороо 1500 гаруй өрхтэй, 6000 орчим хүн амтай. Зуслангийн өрх болон түр оршин суугчдаа оруулбал 10000 гаруй хүн амтай.
ХАШАА, БАЙШИНГАА БАРИАД ТӨВХНӨЧИХӨӨРӨӨ НҮҮДЭГГҮЙ
Сүхбаатар дүүргийн 18 хорооны Засаг дарга Ц.ЦОГТ-ОД:
-Халиа дошингийн асуудал 2018 оноос хойш манай хороонд яригдаж байна. Энэ жилийн хувьд маш хүнд нөхцөл байдал үүсч байна. Гүнжийн булаг хавьдаа л халиа дошин үүсгэж хөлддөг байсан тул задгай талбай руу урсгаад хавартай золгодог байсан. Гэтэл өнөө жил айлын хашаан дотроос булаг гараад эхэлсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10 -наас эхлүүлээд халиа дошинтойгоо үзэлцэж байна.
Манай хороо 2500 гаруй өрхтэй. Гүнжийн булгийн урсгал дагуу 200 гаруй айл өрх амьдардаг. Одоогийн байдлаар 39 айл өрхийн хашаа руу булгийн ус орж хөлдсөн байдалтай байна.
10 айлын байшин, гэр дороос нь ус гараад амьдрах аргагүй болж нүүцгээсэн.
Саяхан Улсын онцгой комиссоос нийслэлд гамшгийн шар төвшин тогтоосноор Сүхбаатар дүүргийн Онцгой коммис хуралдаад айлуудыг нүүлгэн шилжүүлэх газар байршлуудыг тогтоож байгаа. Одоогийн байдлаар Баянзүрх, Сонгинхайрхан дүүрэгт дөрвөн байршил дээр хэдэн айл буулгахаар шийдвэр гаргасан.
Халиа тошинд өртөж болзошгүй, үерийн аман дээр буусан айл өрхүүддээ нэг сарын өмнөөс өмнөөс сэрэмжлүүлэг хүргэсэн. Газраа чөлөөлөөд аль болох л эрсдэлгүй газар луу нүүгээрэй гэдгийг мэдэгдсэн. Өнөөдрөөс бид мөн халиа дошингийн эрсдэлд байгаа айл өрхүүдтэй утсаар холбогдон газар олговол нүүх эсэхийг нь асууж, тодруулж байна. Зарим айл өрхүүд өмчилчихсөн газартай, зарим нь эзэмшлийн гэрчилгээтэй. Олон жил амьдарчихсан, хашаа байшингаа бариад төвхөнчихсөн айлууд байдаг учраас тэр болгон нүүхийг зөвшөөрдөггүй. Тийм учраас нүүх саналыг нь асуудаг гэлээ.
"ХАЛТИРЧ УНАХ ЭНҮҮХЭНД БЭРТЧИХГҮЙ Л БОЛ… "
Бид Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа айл өрхүүдийн нөхцөл байдлыг мөн сурвалжилсан юм. Тус хороо нь Сэлбэ голтой “хиллэдэг” бөгөөд 6600 гаруй хүн амтай. Нийт хүн амын 9 хувь нь орон сууцанд, 91 хувь гэр хороололд амьдардаг байна.
Явганаар явж байгаа иргэд хөлдсөн мөсөн дээгүүр зам товчлон алхана. Оршин суугчдаас халиа, дошны талаар асуухад “Өмнөх жилдүүдэд ус түрж орж ирэх нь харьцангуй гайгүй байсан. Энэ жил гойд ихсэж хүндрэл учруулж байна. Нүүх шаардлага ирдэг, гэхдээ ажил, хүүхдийн сургууль зэрэгт баригдан санаснаар нүүх боломж байдаггүй” гэлээ.
Зарим айлын хашаа руу халиа түрж орж ирсэн байх агаад хог хаягдалтай нийлэн хөлджээ.
Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны иргэн Б “Нийслэлээс шар усны үерээс сэргийлэх ажлыг хоёр, гурван шөнө хийсэн. Манайх Сэлбэ голтой ойрхон байдаг болохоор халиа тошин, хашаа руу орж ирсэн. Халиа өдөртөө хайлаад гэсдэг. Энэхүү замаар ажилдаа товчлоод явахаас өөр арга байдаггүй. Халтирч унах энүүхэнд бэртэж гэмтэхгүй бол их юм. Томчууд бид ч яах вэ. Хүүхдэд л их хэцүү. Цагаан сар болохоос гурав дөрвөн хонгийн өмнө шороон далан босгох ажлыг хийсэн” гэв.
Албаныхны мэдэгдэж байгаагаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд хөрсний ус ихээр гарч гудамж талбай , авто зам, айл өрхийн хашаанд халиа дошин үүсч, нөхцөл байдал хүндрээд байгаа.
Дээрх хороодын халианд өртсөн нийт 42 айл өрх, эрсдэлтэй нөхцөлд байгаа бөгөөд мөсөөр далан байгуулан усны урсгалыг сэргээх, хаягдал мөсийг цэвэрлэн тээвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн хувьд 15,11,29,33 дугаар хороонд нийт 11 байршилд халиа дошин үүссэн учраас 1380 метр суваг татаж, 110м урттай түр мөсөн далан босгож, хариу арга хэмжээг авч ажиллажээ.
Гэхдээ цаашид ч нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа учраас мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, далан босгох, суваг шуудуу татах, хог хаягдлыг цэвэрлэж, ус чөлөөтэй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээг авч ажиллах юм байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.УУГАНБАЯР:
-Аль болох л машин техник ашиглаад, шинжлэх ухааны дэвшлийг ашиглаж ажилахгүй бол дандаа лоом бариад хэдэн цэргүүд мөс нүдээд зогсож байна гэдэг хэцүү юм. Зуслангийн бүсүүдэд хашаа байшин нь халиа, дошинд өртсөн айл өрхүүд их байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.ТӨРХҮҮ:
-Жил болгон нүүлгэн шилжүүлэх ажлыг хийдэг. Зарим айл өрхүүд нүүчээд үерийн эрсдэлтэй бүсэд эргэж ирээд буучихдаг. Айл өрхүүд өөрсдийгөө ч маш том эрсдэлд оруулж байна гэв.
Э.ДАРИЙМАА
DR. ADITYA 2024-02-20 102.89.43.167
Харуулах боломжгүй.
Хотын иргэн 2024-02-20 202.131.249.106
Цахилгаан өгөхгүй, бүртгэхгүй байхад л болно.
ЗОЧИН 2024-02-20 122.201.23.84
Үерийн эрсдэлтэй бүсээс айлуудыг нүүлгэдэг ч эргээд ирдэг, Одоо яаае гэхэв дээ,Ирсэн улсуудын асуудал,
Нэргүй 2024-02-20 139.5.218.129
томоос том пайз хатгаад: энд үер халиа тошинтой газар. бууж болохгүй. буусан тохиолдолд өөрсдөө хариуцлага хүлээнэ. торгоно шийтгэнэ гэсэн утгатай зүйл бичмээр юм.
Нэргүй 2024-02-20 66.181.186.85
Хатуу арга хэмжээ авдаг болох хэрэгтэй. Төр шүү ухаантай юм бол хууль дүрэм журмаа мөрдүүлдэг байх хэрэгтэй шүү дээ.
Нэргүй 2024-02-20 213.87.148.211
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-20 66.181.167.204
би 5 жилийн өмнө хашааны газар авая гэсэн та эхлээд авах газартаа буучих дараа нь газар өмчлөлөө шийдүүл гэж хэлж билээ. Хаана ч хамаагүй болох юмуу гэхэд айл буугаагүй бол хамаагүй гэв. Эндээс л эхэлж байгаам даа
Зочин 2024-02-20 66.181.177.134
Анхааруулсаар байхад нүүлгүй үлдээд үерт өртсөн бол аварч туслахад гарсан бүх зардлыг тухайн айлуудаас гаргуулах хэрэгтэй. Үнэ төлбөргүй үйлчлээд, туслаад байхаар даварч байгаа юм. Ер нь хойшоо зуслан явах замын зүүн талаар Сэлбэ голын эрэг дагуу маш намгархаг газар байсан. Тэр газар дээр буусан айлуудыг бүгдийг нүүлгэх хэрэгтэй. Олон хавар нэгэндээ гэж аюултай юм болж мэднэ шүү.
Зочин 2024-02-20 59.153.114.139
урссанч хамаагүй гэж байгаа үхэхийг хүсэгчидтэй зууралдахаа боль бүүр торго шийтгэ
Нэргүй 2024-02-20 66.181.186.85
Мөнгөө төлөх чадваргүй иргэд байгаа бол нийгмийн тустай хөдөлмөр эрхлүүлж гарсан зардлыг нь төлүүлэх хэрэгтэй.
Нэргүй 2024-02-20 66.181.178.184
Авсан мөнгө нь бодогдоод эргээд ирдэг биз, төр төмөр нүүрээ харуулаач. Үгүй бол төрийнхөнтэй түрийвч нэгтэй хулгайч нар жил бүр мөнгө аваад сурчихсан баййдаг биз, Шалгаж өгнө үү, ичгүүргүй малнуудыг..
Зочин 2024-02-20 202.179.25.43
Манайхаас бусад улс оронд зөвшөөрөлгүй газар бол хусаад л хаячихдаг юм билээ. Алийн болгон төсвийн мөнгөөр ийм жонхуурсан асуудлыг шийддэг юм. Зөвшөөрөлгүй бол зүгээр л хая. Өөрсдөө л учраа олог
Нэргүй 2024-02-20 203.91.115.250
Буцаж ирээл дахин дахин гэр энэ тэр аваал. Буцаад суурьшсан айлуудаас өмнө авсан тусламжийн хөрөнгө байдаг юм бол нөхөж төлүүлбэл таарна. Үгүй бол үер болоод хохирвол гомдолгүй гэсэн гарын үсэг авчихаач. Эс бөгөөс төр ч гэж, эргүү чавганц шиг нэг асуудлаа хэд дахин шийддгийн. Шулуун нь дээр. Тууштай баримталдаг зарчим, бодлоготой болвол таарна