Алексей Навальный. Түүний зүрх цохилохоо больжээ. Бөмбөрцөг шуугиж байна.
Түүнтэй хамтарч ажилладаг хүмүүс над руу ярьж нэвтрүүлэгт орооч гэж хүсэлт тавьсан юм. Цаг хугацаагаа хоёр талдаа тохирлоо. 2024 оны 2 дугаар сарын 16-ны Номхон далайн стандарт цагаар өглөөний 9:30-аас видео ярилцлага хийхээр болов. Эртлэн босоод утсаа нээтэл "Нэвтрүүлэг болохгүй" гэсэн хоёр үг нүдэнд туслаа. Гайхаад утсаа цааш имэрхэд Алексейг нас барсан тухай мэдээлэл түймэр адил дүрэлзэх нь тэр.
Түүний инээмсэглэх зураг. "Шуурхай мэдээ" гэсэн бичигтэй. Ард нь "зогс" гэсэн тэмдэг. Мөн "Ард иргэдээ биш, алуурчин авлигачдаа шоронд" гэсэн хуучин бичвэр хойно нь харагдана.
"Навальныйг алжээ. Авлигач, алуурч төр юу хийж чаддагаа гашуунаар дахин санууллаа. Зөвхөн Навальныйг биш түүгээр дамжин Орост итгэж байсан олны итгэлийг давхар алж орхилоо. Путин ард иргэдээсээ хамгийн их айдаг. Тиймээс ч анхаарлыг нь сарниулах гэж дайн хүртэл өдөөдөг. Энэ мөчөөс эхлэн гэнэн байхаа боливол.." гэсэн утгатай өгүүлбэр "Х"-ийн дөрвөлжид тэрлэв. Өмнө харсан зурагтайгаа хамт.
Харамсалд хязгаар үгүй юм. Навальный айдсаа давсан тэмцэгч байсан. Юуны эсрэг бас юуны төлөө тэмцэхээ ойлгож ухаарсан хүн тийм болдог. Энэ бол зорилго нь амьдралаас нь том болохыг олж харсан бодгальд бууж ирдэг, улмаар дотор нь төлждөг мэдрэмж.
Эх орон, ард түмэн, эрх чөлөө. Эдгээрийн алин ч хувь хүнээс том үнэт зүйл. Энэ гурвуул бүтнээрээ зүрхэнд, сэтгэлд багтаж байж тэр хүн Навальный болно. Түүнээс биш мянгаараа, саяараа түүхийн тоосонд хөглөрөх алдар нэр, алба тушаалын донтон, өшөө хорслоор хооллодог жорлонгийн ялаануудад тийм хувь зохихгүй.
Алексей бол тоймгүй олон хүний итгэл байв. Зүрх сэтгэлийг нь эзэмдсэн гэсэн үг. Тиймээс түүний тухай хүмүүс ярьж бичихдээ "амьдралаас том нэгэн" гээд байгаа юм. Тэр Орос орноос том, тэнд үлдсэн ганц улс төрч байсан юм. Улс төрийг сайн утгаар нь авч үзвэл шүү дээ. Харин адгийн улс төр бол эхлээд нэгнээ алдаг, эргээд тэр нь эх орноо мөхөөхөд хөтөлдөг жамтай. Орос энэ замаар бэдэрсээр бүтэн зуун давах нь.
Навальный бол путин, түүний дээрэмчдийн хувьд хамгийн их айдаг, хамгийн их өсөрхдөг хүн нь. Үнэн нүүр царайг нь айлгүй илчилдэг учраас. Орд харштай нь, онгоц завьтай нь, бултуулсан нуусантай нь илчилж байсан. Тэд Америкийг ч, Европын холбоог ч тийм том аюул гэж авч үзэхгүй. Алексейг дотоожных нь дотор уулзварт "новичок" түрхэж алах гэж байгаад илчлэгдсэн.
Түүнийг Германы эмнэлэг босгосон. Навальный уг төлөвлөгөөг гардаж хэрэгжүүлсэн нууц албаны ажилтанг хүртэл олны өмнө яриулж шуугиан тарьсан. Амьдадаа, бараг үхэж босож ирээд алуурчнаа илчилж, өөрийг нь өөрөөр нь улайлгаж даажигнасан гэсэн үг. Тэр гайхалтай илчлэгч байсан юм. Алба, баяжихын донтонгууд илчлэгдэхээс, илчлэгчээс сүнсээ зайлтал айцгаадаг, жийрхдэг.
Навальный бусдын хүсдэг шиг төгс хүн байгаагүй. Төгс хүн гэж ерөөс үгүй. Бурхан ч төгс биш. Бидний дунд бурхад хэдэн жил хамт амьдарвал тэд хэн болцгоохыг төсөөл дөө. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал аль нь ч төгс биш. Хүнтэйгээ л адил. Сайхан цэцэг ч төгс биш. Өргөстэй, ганддаг. Гэхдээ хүмүүс хорвоог хатуутай зөөлөнтэй нь, сайхантай муухайтай нь, өргөстэй цэцэгтэй нь амтлах гэж л эрх чөлөө рүү тэмүүлдэг. Хүнээс ихийг хүлээх хэрэггүй. Хүлээлт хямраадаг. Амьдрал бол лаатай адил юм шиг.
Навальный Оросын ертөнц, дэглэмийн түгжээг мулталж, тагийг сөхөж шившиглэх, шоолох дуртай байлаа. Шүд зууж бас инээж явсан. Гэхдээ тэр хэн хүний адил их эмзэг байдалд байв. Хийдэг зүйл, зорьсон зорилго нь түүнийг улам зоригжуулсан. Тэр там руу мэдсээр байж шууд буцаж ниссэн.
Эмнэлгээс гарч эх орондоо ирээд шорон руу шууд ачигдсан. Хүн өөртөө харьяалагдахаа больсон үед эрх чөлөөгөө алддаг. Тэр хэдий нь олны итгэлийн "ачаар" эрх чөлөөгүй нэгэн болсон байлаа. Түүнд өөр сонголт байгаагүй. Улс төрийг ийм ч учраас хатуу гэж ярьдаг. -Цаст уулын цагаан барс шоргоолжид баригдана гэж монголчууд хэлдэг. АЛЕКСЕЙ дарангуйлагчийн орны толгойд асах лаа лугаа болов. Лаа асаж, эзэн үхэж дуусах. Эзэн үлдэж лаа бөхөх. Ийм л гарц түүнд байв. Дарангуйлагч нэг өдөр лааг чимхэж орхилоо. Тэр Навальныйг удаан хороохоор шийдсэн байжээ. Түүнийг гурван жил тарчлааж эцэст нь алав.
Эрх чөлөөг хүсэх хүсэл шиг их хүч хүн төрөлхтний түүхэнд заяагаагүй юм. Дахиад хэлье. Эрх чөлөө эмзэг. Дайсан үлээх, чимхэх төдийд унтрах нь бий. Харин хүний зүрхний цохилт бүр эрх чөлөөг дуудах дуудлага байдаг юм. Навальныйг алж чадсан ч түүний мөрийг, өвийг баллаж чадахгүй. Итгэл, ирээдүйг устгах боломжгүй, хүмүүсийн зүрх сэтгэлээс түүнийг салгах аргагүй.
Навальный ер бусын төгс хүчийг оллоо. Тэр дарангуйлагчдыг үхтэл айлгасаар байх болно. Амьд байснаасаа илүү айлгана. Энэ шидэт хүч, шидэт гэрэл харанхуйг гийгүүлсээр мөнхөрнө. Дарангуйлал мөхсөөр, Алексей амьдарсаар…
Англи хэл дээр унших бол ЭНД дарж уншина уу.
Орос хэл дээр унших бол ЭНД дарж уншина уу.
2024 оны хоёрдугаар сарын 17. Пало Алто.
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Холбоотой мэдээ