Жүдо бөхийн Ташкентын Их дуулга ирэх гуравдугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд болно. Өнөөдрийн байдлаар /2024.02.20/ 69 орны 448 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Монгол Улсаа төлөөлөн нийт 15 тамирчин өрсөлдөнө. Тухайлбал, эрэгтэйчүүдээс Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, Г.Болор-Очир, Г.Алтанбагана, эмэгтэйчүүдээс Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, Л.Сосорбарам, Б.Ганхайч, Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн, А.Адъяасүрэн нар оролцохоор мэдүүлгээ хүргүүлжээ.
Онцлоход, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар татамидаа эргэн ирэх төлөвтэй. Өдгөө 27 настай түүний хувьд хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард Ханжоугийн Азийн наадамд барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Харамсалтай нь, өнгөрсөн оны төгсгөлд Токиогийн Их дуулгын өмнөхөн бэлтгэлийн үеэр бэртэл авч, хэсэг хугацаанд барилдах боломжгүй болсон юм.
Энэ жил Парисын олимп тохиох учир Ц.Цогтбаатарыг эртхэн татамидаа эргэн ирж, формондоо ороосой гэж жүдо сонирхогчид хүлээж байсан. Одоогоор тэрбээр дэлхийн чансааны 15 дугаарт бичигдэж байна. Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд цуут аварга Шохэй Оно зодог тайлсан учир бүгдэд олимпийн аварга болох боломж бий. Ц.Цогтбаатарт ч одоо жиндээ ялж үзээгүй тамирчин үгүй болсон. Тиймээс Ц.Цогтбаатарыг олимпийн аварга болох боломжтой гэж жүдо сонирхогчид үзэж буй. Токиогийн олимпийн дараахан ч Ц.Цогтбаатарын бэлтгэлжилт, барилдаан дийлдэшгүй байсан. Дөрвөн Их дуулга дараалан алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, 2022 оны Ташкентын дэлхийн аваргад түрүүлсэн. Харин 2023 оны эхээр бэлтгэл цөмрөх шиг жаал саарсан үзүүлэлттэй.
Холбоотой мэдээ