Хөшөө болов

Хөшөө болов

Уймарсан бүсгүй,

-Миний хүү унтаж байгаа шүү дээ, авчраад өгөөч… гэж нулимс дуслуулан гуйхад асрагч хэлэх үгээ олж ядан дэмий л газар ширтсээр гүйхээрээ өрөөнөөс гарав. Нялх биетэй бүсгүйг хоёр талаас нь сугадсаар эмнэлгийн хаалгаар гарч одов. Хоёрхон сарын өмнөсөн…

Эмнэлгийн хүлээлгийн өрөөний электрон самбараар “…4,9 кг хүүтэй боллоо…” гэх үгс ээлж, дараалан урсахыг харан хархүү ухасхийн босон халуун савтай тороо хайш яаш савчуулан гүйж, хэнд ч юм аав болсноо утсаар тунхагласан сан. Одоо харин нусаа татан мэгшингээ хөлдүү газар ухан хүрз, жоотуу хяхтнуулан тас, няс хангинуулна. Хоёрхон сартай хүүгээ хуучны ёсоор хээр гээхийг тэр зүрхэлсэнгүй. Ангир уургаа амлуулан инээж суусан эх нь хүүгээ алдаж, ухаан санаа нь орж, гарсан ч хөдөөлүүлэхийг харж зүрхэлсэнгүй…

Нярайн эндэгдэл таваар, арваар, жилдээ 45-аар өссөн үзүүлэлтүүд гарсаар. Хэд маань бяцхан үрсээ хуучны ёсоор гээж, хэд нь хөшөө босгосныг бүү мэд. Эмнэлгийнхэн хэрэгт орохгүйн тулд үхлийн шалтгааныг өөрсдөөсөө зайлуулах гэж бие бие рүүгээ бичиг бөглүүлэхээр зөөлгүүлж, цагдаа бичиг баримт бүрдүүлэх гэхдээ ээж, ааваас нь ялын асуулт асууж “яргална”. Монголд нярай эндэлт дээгүүр байсаар байгаа бөгөөд шалтгаан нь агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөл гэхчилэн ерөнхий дүгнэлттэй. Харамсалтай нь түүнийг бууруулах бодит ажилд бус хаа хамаагүй хөшөө дурсгалд монголын төр илүү ач холбогдол өгөх аж.

Үхэх, төрөх жам гэхэд өнөөгийн бидний үхэл дайны үеэс ч даван гарчээ. Төрийн үйл ажиллагаа хүртээмж, буруутай үйл ажиллагааных нь төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй болохоор үрсээ алдсан эцэг, эхчүүд бусдын хүүхэд бүү эрсдээсээ гэхдээ хөшөө босгох талаар санаачлага гаргаж, аав, ээжийгээ алдсан үрс хөшөө босгон цэцэг өргөдөг болов. Монголчуудын хүндэтгэл, эмзэглэлд дөрөөлсөн улстөрчид нутагтаа хөшөө дурсгал барьж хөрөнгөжих тухай ойлголт газар авчээ. Ингэхдээ их хааны нэрийг хүртэл барихыг нь яана. Буртагласан, “бузарласан” нь баригдмагц бушуухан нурааж, шинээр барих тухай улайм цаймдаа гарахыг бид харсаар.

Бидний оршихуй өөрөө оршуулга болоод удав. Бунхан барьж гэм нүглээ цайруулахаар тэнэглэдэг мухар сүсэгтэй өнгөрч буй үеийн улстөрчдын халааг дараагийн үе нь авав. Мухар ч сүсэггүй шинэ үеийнхэн бурхдын нэрийг барьж төсвийн мөнгөнөөс тонших тухай санаачлага гаргахдаа ч сийхгүй.

Ард иргэдээ анагаах салбарт байнга гар татдаг хэр нь ашиглахаа больсон уурхайг музей болгохоор хөрөнгө оруулалт хийж, андлал, андгайн тухай хөшөө босгохоос амь аврах байгууллагадаа төсвөө харамладаг, хүнд хэрэгтэй зүйл хийхийн оронд хүйтэн төмөр тараах тухай шийдвэр гаргадаг төрд Монголыг мөхөөх, хүн биш хөшөө үлдээх л сонирхол байх шиг. Аливаа улс иргэдээ аюул, ослоос хамгаалж, анагаах ухаандаа мөнгө хаядаг бол манай улстөрчид хойт насаа даатгах бурханы хөшөөнөөс хүртэл хонжоо олохыг хичээдэг.

Хөшөөний бизнес Хэнтийгээс Хөвсгөл рүү чиглэснийг 2024 оны төсөв батална. Хүссэн нь төртэй, төргүй очоод баясаад ирдэг Хүслийн хаданд цогцолбор байгуулахад 1,5 тэрбумыг төсөвлөсөн бол “Соёмбо” нэртэй “шопингийн” газарт татвар төлөгчдөөс хураасан мөнгөнөөс 5,1 тэрбумыг зарцуулахдаа тэд ичдэггүй.

Хөшөө дурсгал барьснаараа Монгол дэлхийд тэргүүлж 2022 оны байдлаар 26 жилийн хугацаанд 5305 ширхэг хөшөө барьжээ. Түүний 1570 морины, 538 нь хэн гэж хэлэхэд хэцүү бөхийн, төр нийгмийн зүтгэлтэн гэх 341, хонь, ямааны 1778, үхэр тэмээний 756, Чингис хааны, Өүлэн эхийн 38, нохой болон эвтэй дөрвөн амьтны 257, тарваганы 26, боовны 1 хөшөө бий гэсэн судалгаа байх. Өнгөрсөн хоёр жилд бид хэнтэй адилхан царай, цараатай хөшөө босгосон талаар сошиалд хэлэлцүүлэг өрнөн, шоглож, шагшиж байсан. Гэтэл хөшөө биш хүний сайн сайханд зарцуулсан нь хэд бол…

Орчлонд ирж буцах нь жам. Монголчуудын оршихуй нь энийг тултал ойлгочихсон учраас ирж буцахын хооронд нэр цэвэр, мөр бүтэн явахыг эрхэмлэж ирсэн ард түмэн. Нэр хугархаар яс хугар гэж үр хойчдоо захьдаг улс. Гэтэл өнөө цагийн биднээс тэрхүү философи тун чиг ховор харагдах бөгөөд бүх зүйл нь худал, хуурмаг, хэлбэр хөөсөн төдийхөн болжээ. Төрийн нэрийг барьж тайлга тахилгын ёсыг хүртэл гуйвуулахдаа төсвийн мөнгө үрдэг жишээ ч олон.

Газар сэндийчихгүй гэж гадасныхаа нүхийг хүртэл булдаг нүүдэлчдэд хөшөө, чулуу бол суурин амьдралын шинэ соёл гэхээсээ хөрөнгө хумсалдаг шинэ заль болтлоо дэлгэрэв. Тэрбум мод тарих хөдөлгөөн л гэнэ. Цагаан бээлийтэй дарга нарын тарьсан мод хөшөөний тооноос илүү гарсан болов уу?

Монголд амь амьдралаас илүү ашиг хонжоо хайсан адгийн бодлого л хэрэгжиж байх шиг. “Ара жим жим… Энэ тоглоомыг тоглосон хүн ямар нэгэн хөшөө болж хувирна уу” гэх хүүхдийн тоглоом шиг хуруу, хумсаа хугалах шахан байж орсныхоо талаас илүүг нь хураалгаж бүрдүүлдэг төсөв ямар нэгэн хөшөө болж хувирахад хүн чулуу ч уйлмаар…

Үүний балгийг бид зуданд хөшөө болон хөлдсөн мал, зээрээ харан малчны зовлонгоос хөдөөд очоод харж болох бол өдөр болгон аль нэгэн оршуулгын үүдээр ороод хүнээ хөдөөлүүлэхээр хөшөө захиалж буй хүмүүсийн оочероос харж болно.

Үрэгдэгсдийн "хот" хүрээгээ тэлсээр. Төр түүний эсрэг арга хэмжээ авч, түрэх тухай шийдвэр гаргасаар…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.186.85

Хөшөө чулуу босгох нь байгаль орчинд ээлгүй, тиймээс энэхүү сүүлд орж ирсэн өдгөө заншил болсон үйлдлийг одоо зогсоож байгал орчиндоо ээлтэй байдлаар шийддэг болох нь зүйтэй.

Avatar

Монгол хүн 2024-02-20 59.153.113.62

Юу хэлэх гээд байгааг нь огт ойлгосонгүй. Нарантагс гэх төгс хойлог юм. Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг. Энэ сэтгүүлч нарыг яах вэ. Мал бол шууд заазанд явуулна.

Avatar

Зочин 2024-02-20 103.57.94.166

Сайн муу сүлжилдсэн хорвоо. жам юмдаа. Бурхан ч өөрчилж чадахгүй нь харамсалтай.

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-20 59.153.113.235

Со-гуудаар оршуулгаар бизнес хийхийг зогсооё… Нэг нь өнгөрсөн биш 20-30 саяар оршуулна. Арай дэндлээ.

Avatar

Нэргүй 2024-02-20 202.131.225.53

үнэнийг л бичжээ, агаарын бохирдол рөрсний бохирдолыг дорвитой бууруулсан хэнбугуайг ч бай бурхан мэт шүтэж ансаар нь сонгоё, ,,

Avatar

иргэн 2024-02-20 202.21.117.98

Үхэж төрөх нь хорвоогийн жам, Манай улс битгий хэл өндөр хөгжилтэй улс оронд хүртэл байдаг зүйл. Эрүүл мэндийн салбарынхан харин ч гайгүй ажиллаад байдаг юмуу гэж хардаг. нялхас хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлсэн цөөхөн орны нэг гэж сонссон. юм бичих гэж байгаа бол статистик тоо баримт харж шүүлтүүр тавьж байж бичмээр. Нийгмийн стресс бухимдлыг далимдуулж тодрох гэж ядсан арга хэрэглэдэг болжээ сэтгүүлч нар

Avatar

Эмээ 2024-02-20 202.21.107.55

Хүний сэтгэл сэррээм сайхан нийтлэл өгүүллэг амьтны амьдрал хорвоогийн сайн сайхан жам гээд бичдэг ганц ч болов үзэг барьдаг дэлхийн сонгодгуудийг уншдаг хүн энэ сайтуудад ажилладаг л баймаар юм…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж