76:1
Шүүхэд уяатай түшээ

"NEWS" агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Говь-Алтай аймагт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Бямбасүрэнгийн Энх-Амгаланг танилцуулж байна.


Тойрог сэлгэсний хүчинд Говь-Алтай аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон ч шүүхээс уяатай явсаар УИХ-ын сонгуулийн жилтэй золгоод буй түшээ бол УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан юм.

Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий “Страто” компанид давуу байдал олгосон үндэслэлээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-т хоёр жил шахам хугацаанд шалгагдсаны эцэст хэрэг нь шүүхээр дэнслэгдэх болж, тов нь гарсан ч гэрч нь ирдэггүй зэрэг шалтгаанаас болж, хойшлон хоёрдугаар сарын сүүлээр дахин товлогдоод буй.

Хэргийнхээ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Би бол нүүрсний хулгайч биш. Хулгай хийж, худлаа хэлээгүй ээ. Мэдүүлгээ цаг тухайд нь өгсөн. Хууль шүүхийн байгууллагатай хамтран ажиллаж, хүндэтгэлтэй хандаж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан ташаа мэдээлж байж шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөв өө. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдсэн.

Харин дээрх хэрэгт хамтран шүүгдэж буй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан бүгдийг мэднэ. Би юу ч мэдэхгүй. Бид хоёр хуйвалдах ямар ч боломжгүй. Улс төрийн хоёр өөр намынх. Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Д.Доржхандыг гэрчээр дуудахаар ирэхгүй байна” гэдэг тайлбар хийсэн удаатай.

Жил гаруйн өмнө улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокуророос УИХ-д тавих нь гэдэг яриа гарсан ч орж ирээгүй.

Гэхдээ МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвшин ялалт байгуулсан хоёр түшээ нь хуулийн байгууллагаар эргэлддэг ажилтай болсныг “Тойрог цэвэрлэгээнд хамрагдлаа” гэж дүгнэсэн нь ч бий. Үнэндээ ч эрх баригч хүчнээс 2024 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймагт өрсөлдөхөөр тойрог усалж эхэлсэн хоёр хүн тодорсон ч тойргийг томсгосноор хэцүүхэн даваатай тулах болоод буй.

Б.Энх-Амгалан гишүүний хувьд анх 2016 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулж байв. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Хан-Уул дүүргийнхнийг төлөөлөн найман жилийн турш төлөөлөгчөөр ажилласан, “Мишээл экспо”-гийн эзэн дошин дээрээ өрсөлдсөн нь ч алдаагүй. УИХ-ын гишүүн болж, улмаар 2019 онд Зам тээврийн хөгжлийн сайд болсон юм. Мэргэжлийн бус хүн зам тээврийн салбарыг удирдах болсон асуудал хөндөгдөхөд тэрбээр "Би жолоочийн хүүхэд. Миний бага нас жолоочийн кабинд, аавынхаа хажууд өссөн. Олон улсын тээвэр жуучийн “World Trans” ХХК-д захирлаар ажиллаж байсан.  Тээвэр жуучийн олон талын ажиллагаан дээр оролцож байсан. 2015 оноос хойш бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн коридор гээд энэ бүхэн зам тээвэртэй холбогдож байгаа. Зам тээврийн салбар шинэ, мэдэхгүй салбар биш, тодорхой хэмжээнд гадарлана” гэдэг тайлбар хийж, шуугиан тарьж явсан удаатай.

Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа УИХ-ыг тараах албан бичигт гарын үсэг зурсан нь мөн л дуулиан тарьсан. Энэ тухайгаа Б.Энх-Амгалан гишүүн “Тийм ээ, би гарын үсгээ зурсан” гэж хариулж байв.

Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд хоёр дахь удаагаа Хан-Уул дүүрэгт өрсөлдөхөд гарч ирэхгүй нь тодорхой болсон тул  төрсөн нутгаа зорьсноор УИХ-д дахин сонгогдсон. Ердөө сар ажиллаад л алтайнхны итгэлийг хүлээсэн юм. Шүүхийн маргаанаас үүдэн таван жил гацаатай байсан Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 120 гаруй км авто замын ажлыг нэр дэвших болуутаа яаравчлуулан үргэлжлүүлсэн нь УИХ-ын гишүүнээр сонгогдох саналыг татаж чадсан гэж хэлж болно.

Их улс төрд орж ирсэн цагаас бизнес нь цэцэглэж, улам томорсон түшээдийн тоонд ордог.

Хэдийгээр хуулийн байгууллагад шалгагдаж байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд түүнийг УИХ-ын хамгийн чухал байнгын хороо болох Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгосон. Тэрбээр хоёр дахь жилдээ тус байнгын хороог удирдаж байна. 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академид суралцаж, Монгол Улсын Аюулгүй Байдлыг Хангах Ерөнхий газар /Тагнуулын ерөнхий газар/ -т тусгай албаны ажилтан, ахлах ажилтан хийж байсан ажлын туршлагыг нь харгалзан дээрх албанд сонгосон болов уу.

Эзэмшсэн мэргэжил, эрхэлж байгаа ажлаасаа шалтгаалдаг уу, асуудал бүрийг үндэсний аюулгүй байдалтай холбож тайлбарлах нь бий.

Тухайлбал, УИХ-аар өнгөрсөн жил Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн дунд “Англи хэлийг үндсэн гадаад хэл байна” гэж Боловсролын ерөнхий хуульд тусгаж өгөх нь буруу. Нэгдүгээр ангиас нь англи хэл заах нь буруу” гэхчлэн мэтгэлцээн өрнөсөн. Эл хоёр асуудлыг эрс эсэргүүцэж, үндэсний аюулгүй байдалтай холбон тайлбарлаж суусан гишүүний нэг нь УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан юм.

Энэ тухай тэрбээр “Монголчууд бүгдээрээ заавал англи хэл сурах албатай юм уу. Баян-Өлгийнхнийг яах юм. Үндсэн гадаад хэл чинь монгол хэл байна, эсвэл монголчууд англи хэлээр ярих учраас үндсэн гадаад хэл чинь англи хэл байна” гэж хэлэх юм уу.  Хэл дагаж сэтгэлгээ явдаг юм ш дээ. Хүүхдүүдийн сэтгэлгээ хар багаасаа харьжиж, монгол хүн биш болно шүү дээ. Тэр хэлээр дамжиж өв соёл, уламжлал, зан заншил, хүн гэдэг үндсэн сууриа авдаг. Юу болоод нэгдүгээр ангиас нь англи хэл заана, гуравдугаар ангиас нь англи хэл заана гэж яриад байгаа юм” гэж эсэргүүцэж байв.

Орос, хятад, англи гурван хэлтэй, хэлний мэдлэгээрээ УИХ-ын гишүүдийг өнгөлөх жагсаалтад багтдаг түүнийг ийн англи хэлийг эсэргүүцсэнийг олон хүн гайхсан.

Мөнгөтэй, чадалтай нь төлбөр төлөөд хүүхэддээ нэгдүгээр ангиас нь англи, япон, орос, хятад, франц, герман хэлийг мэргэжлийн багш нараар заалгаж байгаа бол орлого багатайгаасаа болж, төрийн өмчийн сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн хувьд тавдугаар ангиас эхлэн ангил хэл үздэг. Сурах бичиг нь шаардлага хангадаггүйгээс эхлээд багш нарынх нь ур чадвар дутмаг зэрэг олон асуудлаас шалтгаалж, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхдүүдийн дийлэнх нь англи хэлний мэдлэг тааруу.  Түүнээс шалтгаалж дэлхийн шилдэг их дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломжоо ч алдаж ирсэн. Хэчнээн математик, физик, химийн хичээлдээ гавал байлаа ч хэлний мэдлэггүйгээс өрсөлдөх боломжоо алдсаар ирсэн. Харин энэ алдааг засахын тулд УИХ өнгөрсөн хавар нэлээн хэрүүл маргаан болж, Боловсролын ерөнхий хуульд гуравдугаар ангиас нь эхлэн англи хэл заахаар хуульчилж өгсөн юм.

Мөн УИХ-аар 2022 онд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх үед шүүмжлэлтэй хандаж байв. Тэрбээр "Авлигатай тэмцэх гэж байгааг ойлгож байна. Авлига бол нууж авдаг хулгай.  Авлига бол нийгмийн хорт ургамал.  Үүнтэй санал нийлж байна.

Гэхдээ авлигатай тэмцэх гэж байна гээд маш олон  хуурамч мэдээлэгчийг гаргаж ирж, нийгмийн тогтворгүй байдал үүсгэх вий.  Улмаар өшөө авдаг, шантааж хийдэг байдалд орох вий. Бид өнөөдөр мэдээллийн аюулгүй байдлын талаарх хуулиа гаргаж чадаагүй байгаа улс шүү дээ.

Цахим гүтгэлгээ  зогсоож чадаагүй байна. Гадны тусгай албадын явуулж байгаа үйл ажиллагааг хааж  чадахгүй байгаа. Нийгмийн давалгаа буюу троллуудаа зогсоож чадахгүй байна.  Ийм үед мэдээлэгч буюу матаасчинг тодруулаад, мөнгөн урамшуулал олгоод нийтийн эрх ашгийн төлөө түүний хамаарал бүхий этгээд, амь нас эд хөрөнгийг хуулиар хамгаалаад байж болох юм уу.  Байгууллагынхаа асуудлаар шүгэл үлээвэл байгууллагын нууц, хувь хүний нууцыг хамгаалах хууль үйлчлэхгүй болгож оруулж ирсэн байна.  Мөн амаар болон бичгээр, төлөөний хүнээр дамжуулан шүгэл үлээж болно гэсэн.  Ийм хууль батлах цаг үе нь  биш.  Мэдээллийн аюулгүй байдал цаашлаад улс орны аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй.   Шүгэл үлээгчийн эрх ашгийг хамгаалж байна гээд гадаадын тусгай албадын чиглэлээр орж ирж байгаа мэдээ мэдээллийн золиос болох вий" гэж мэдэгдэж байв.

Уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайдын алба хашиж байсан Х.Нямбаатар “Б.Энх-Амгалан гишүүн ээ та хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Авлигажсан төрийн нууц, авилгажсан албаны нууц гэж байх ёсгүй. Шүгэл үлээхэд Монгол Улсад сууж буй гадаад дотоодын иргэний ялгаа байхгүй. Хаанаас шүгэл үлээгчийн төгс төгөлдөр хууль уншсаныг мэдэхгүй байна. Дэлхийн 39 оронд үйлчилж буй хуулийг өөрийн оронд нийцүүлэх замаар Шүгэл үлээгчийн хуулийг бичсэн. Матаасны тогтолцоо оруулж ирж байгаа зүйл огт байхгүй. Фэйсбүүк дээр постолж буй постууд шүгэл үлээж буй нэг хэлбэр. Шүгэл үлээх гэдэг нь хууль бус үйлдлийг олон нийтэд илчлэх, олон нийтийн хяналтад оруулах тогтолцоо гэж ойлгож болно"  гэсэн юм.

Сүүлийн үед түүний эзэмшил болох "Мишээл экспо" худалдааны төвийн түрээсийн төлбөр дийлдэхээ больж, 14 хоногийн төлбөр нь 8 сая төгрөгт хүрсэн тухай сар шинийн өмнөхөн шуугиан тарьж байв.

Б.ЭНХ-АМГАЛАНГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль
  • 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи
  • 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.
  • 1995-1996 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Академи-д Төрийн удирдлагын менежер
  • 1997-1998 онд БНХАУ-ын Бээжин хотын Гадаад Харилцааны Их Сургууль-д Ази, Дорно дахин судлал
  • 2003-2004 онд БНХАУ-ын “Жан Жа Жиэ” хотод Аялал Жуулчлалын Удирдах Ажилтан

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй Байдлыг Хангах Ерөнхий газарт тусгай албаны ажилтан, ахлах ажилтан
  • 1999-2003 онд “World Trans” ХХК-д Гүйцэтгэх захирал
  • 2005-2016 онд “Мишээл Групп” ХХК-д Ерөнхий захирал
  • 2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга
  • 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Зам, Тээврийн хөгжлийн сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

ШАГНАЛ

  • 1996, 2001, 2011 он Ардын Хувьсгалын 75, 80, 90 жилийн ойн медаль
  • 2005 он ТЕГ 80 жилийн ойн медаль
  • 2006 он Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • 2006 он МАСЗХ-ны Алтан медаль
  • 2007 он БТСУХ-ны Хүндэт медаль
  • 2007 он ХХААХҮ-ийн “Салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
  • 2007 он БТСУХорооны хүндэт медаль
  • 2009 он Монгол Улсын Нийслэлийн 370 жилийн ойн медаль
  • 2010 он МҮОХ “Олимпийн Алдар” одон
  • 2010 он МУЗН 70 жилийн ойн медаль
  • 2010 он “Алтан Гадас” одон
  • 2011 он “Тусгаар Тогтнол” одон
  • 2011 он БТС-ын салбарын 90 жилийн ойн медаль
  • 2011 он НИТХ-ын хүндэт тэмдэг
  • 2014 он МУ-ын АҮК-ийн 90 жилийн ойн Хүндэт тэмдэг
  • 2014 он Нийслэлийн 375 жилийн ойн медаль
  • 2015 он Барилга Хот Байгуулалтын яам- Хүндэт Жуух бичиг
  • 2015 он ОХУ-ын Новосибирск хот дахь Оросын ШУА-ийн хүндэт тэмдэг
  • 2015 он ХУД-ийн 50 жилийн ойн медаль
  • 2017 он ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Хүндэт тэмдэг

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос, Хятад

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

555 2024-02-20 66.181.190.223

хаха, ямар их төмөр цуглуулгатай юм бэ?

Avatar

зочин 2024-02-20 103.57.94.243

Луйвардах мултрах аргуудад бүрэн төгс суралцаж мэрэгшсэн нөхөр тэгэс хийгээд хэрэг замхрах биз дээ кк

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

* Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.179.13

LaIryn рizda orosyn tagnuul urvagch nоvsh

Avatar

Нэргүй 2024-02-20 59.153.115.12

н….. хаданд гарч ккк

Avatar

Erdene 2024-02-20 202.131.246.10

yostoi balair hulgaich shuu ene… bordoo boloh udriig ni huleej bgaadaa hehe

Avatar

Нэргүй 2024-02-20 114.198.16.207

ЭХ ОРНООСОО УРВАГЧ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛОГЧ ГЭЖ БОДДОГ ДОО. ХИЙСЭН ҮЙЛДЭЛ НЬ ЯГ ЖЕНКО БАТТУЛГА ШИГ МОНГОЛЫН ЭСРЭГ ЧИГЛЭДЭГ

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.179.10

Бяцхан Сью Шү Жан

Avatar

MGL 2024-02-20 43.242.241.151

Төмөр тэмдэг цуглуулах хоббитой, нэр төрд дуртай, харсан нүх болгон руугаа толгойгоо шургуулж явдаг нөхөр байна даа….

Avatar

Зочин 2024-02-20 103.212.117.79

Бараг Монголд байдаг бүх салбар агентлагуудын тэмдгийг цуглуулсан юм байна. Үзэсгэлэн гаргахаар болчихож: тэмдгээ даахгүй унаад шүүхэд дуудагдаад байгаа юм байна хэ хэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж