ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хоёрдугаар сарын 16-ны өдөр Арктикийн Ик-3 шоронд нас барсан. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй. Гэвч түүний цогцсыг гэр бүлд нь хүлээлгэж өгөлгүй нууж байгааг Навальныйн багийнхан мэдэгджээ. Угтаа бол ОХУ-ын хуульд зааснаар ялтны цогцсыг нас барснаас нь хойш хоёр хоногийн дотор гэр бүлд нь хүлээлгэж өгөх ёстой байдаг.
"Хорих ангид хаа сайгүй камер байгаа. Энэ бүх жилүүдэд түүний алхам бүрийг камерт бичсэн байгаа. Ажилтан бүр нь видео бичигчтэй. Энэ хоёр өдрийн хугацаанд ганц ч бичлэг ил гарсангүй. Энд тодорхойгүй байдал байх ёсгүй" гэж Навальныйн ойрын холбоотон, стратегич Леонид Волков хэлжээ.
Навальныйн араас гашуудагсад зөвхөн Оросын хотуудаар тогтохгүй Берлин, Лондон, Парис, Женев, Нью-Йорк зэрэг дэлхийн хотуудад жагсчээ. Цагдаа нар 39 хотод 366 жагсагчийг баривчилсан байна. Эндээс 200 орчим жагсагчийг нь Санкт Петербургээс баривчилсан бөгөөд дийлэнх нь 1-14 хоногийн хорих ял авчээ.
Үхлийн талаарх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдийн тэргүүн нүүрүүдийг дүүргэсэн боловч Оросын телевиз оройн мэдээндээ 28-хан секунд түүний талаар дурсаад өнгөрчээ.
Тэрээр хамгийн сүүлд нас барахаасаа нэг өдрийн өмнө буюу хоёрдугаар сарын 15-нд сонсголд оролцсон. Энэ үеэрээ тэр алиалан наргиж, сэтгэл өөдрөг харагдаж байжээ. Торны цаанаас инээмсэглэн хошигнож буй түүний дүр төрхийг харвал өвдсөн шинж тэмдэг огт байгаагүй.
Оросын Холбооны хорих ангийн албанаас мэдэгдэхдээ Навальныйг Баасан гаригт алхаж яваад бие нь муудаж, унасан гэжээ. Түргэн тусламж ирээд, аврах гэж оролдсон ч амжилт олоогүй аж.
Тэрээр торгуулсаар байгаад дансан дахь мөнгөө дуусгасан тул санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж байна уу гэж сонсголын үеэр шүүгчээс асуун хошигножээ. "Би тань руу дансаа явуулчихъя. Тэгж байж та асар их цалингаасаа миний дансыг "дулаацуулж" чадна шүү дээ. Би мөнгөө үрээд дууссан. Таны шийдвэрүүдийн ачаар миний мөнгө улам л хурдтай дуусаад байна. Тийм болохоор мөнгөө илгээчихээрэй" гэж тэр хэлсэн байна.
Өмнөх сонсголуудын үеэр ч Навальный үргэлж хошигнодог байв. Тухайлбал, олон удаагийн сонсголыг алгассаны эцэст нэгдүгээр сарын 10-ны сонсголд оролцохдоо "Намайг шилжүүлсний дараа өмнөх шоронгийнхон маань найр наадам, караоке үдэшлэг хийсэн болов уу? Тэр шоронгийн ажилтнуудыг ямар их санаж байна гээч. Энд нөхцөл байдал Владимир дахь Ик-6 шоронгоос хамаагүй дээр байна. Гэхдээ энд нэг л том асуудал байна. Цаг агаар нь хэцүү юм, энэ талаар аль шүүхэд нэхэмжлэл гаргахаа мэдэхгүй юм" гэж хошигнож байв.
20 хоног сураггүй байсны эцэст арванхоёрдугаар сард "Х" платформд жиргэхдээ тэр "Би та нарын шинэ Санта Клаус байна. Даанч энд ямар ч цаа буга алга. Гэхдээ энд аварга том ноход байна" гэж байв.
Навальныйн үхэлд дэлхийн удирдагчид эмгэнэл илэрхийлсээр байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ "Путин л хариуцлага хүлээх ёстой. Тэр захиалга өгсөн эсэхээс үл хамааран болсон явдалд хариуцлага хүлээх ёстой. Энэ бол түүний хэн бэ гэдгийг харуулж буй тусгал. Үүнийг тэвчих боломжгүй" гэжээ.
Харин Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Сильва хэлэхдээ "Навальныйн үхлийн талаар дүгнэлт хийх гэж яарахгүй байна. Хэрвээ түүний үхэл сэжигтэй байгаа бол эхлээд мөрдөн байцаалт явуулах хэрэгтэй" гэв.
Навальныйн эхнэр Юлия Навалнаяа нөхрөө нас барсны дараахан Мюнхенд болж буй Аюулгүй байдлын бага хуралд оролцжээ. Энэ үеэрээ тэр нөхрөө нас барсанд итгэхгүй байна гэж мэдэгдэж байв. "Оросын эх сурвалжаас авсан энэ мэдээлэлд итгэх эсэхээ мэдэхгүй байна. Хэрвээ үнэн бол Путин болон түүний ойр дотны хүмүүс, найз нөхөд нь, засгийн газар бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой" гэж тэр хэлжээ.
Хамгийн сүүлд тэр Валентины өдөр инстаграмдаа зураг оруулаад "Хайрт минь, чамтай байхад бүх зүйл дуу шиг байдаг. Бидний хооронд олон хот, нисэх онгоцны буудлуудын хөөрөх зурвасын гэрэл, цасан шуурга, олон зуун км байна. Ийм хол зай байгаа ч гэсэн секунд тутамд би чамайг хажууд байгаа мэтээр мэдэрч байна. Улам ихээр чамайгаа хайрлаж байна" гэж бичжээ.
Алексей Навальныйд хэзээ, юу тохиолдсоныг "Al Jazeera" агентлаг "Хордуулалтаас шорон руу, шоронгоос үхэл рүү" нэртэйгээр тоймлосон байна. Навальныйг 2020 оны наймдугаар сард Томск хотоос Москва чиглэлд нисч явахдаа бие нь тавгүйрхэж, улмаар онгоцны ариун цэврийн өрөөнд ухаан алдаж унасан. Тиймээс онгоц Омскт ослын буулт хийж, Навальныйг эмнэлэгт хүргэсэн байна. Эндээс түүнийг Берлиний “Шарите” эмнэлэгт хүргэсэн бөгөөд тус эмнэлэг Навальныйг хордуулсан болохыг мэдэгджээ.
Эх сурвалж: THE HILL, AP, BBC, AL JAZEERA
Холбоотой мэдээ