ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хоёрдугаар сарын 16-ны өдөр Ик-3 шоронд нас барсан. Эрх баригчид түүний цогцсыг нууж байгаа талаар Навальныйн багийнхан мэдэгдлээ. Тодруулбал, Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш хэлэхдээ "Энэ зүгээр нэг үхэл байгаагүйг бид мэдэж байна. Энэ бол аллага. Тэд ул мөрөө баллахыг хичээж байна. Тийм болохоороо л гэр бүлийнхэнд нь цогцсыг нь хүлээлгэж өгөхгүй байна. Цогцос хаана байгааг, гэр бүлд нь хэзээ өгөхийг бид мэдэхгүй байна.
Хуульд зааснаар ялтны цогцсыг нас барснаас нь хойш хоёр хоногийн дотор гэр бүлд нь хүлээлгэж өгөх ёстой байдаг" гэжээ.
Навальныйн гэр бүлийнхэнд өгсөн мэдээллээс харвал тэр хоёрдугаар сарын 16-ны Баасан гаригт 14:17 цагт нас баржээ. Гэвч нас барсан шалтгааныг нь хэлээгүй.
Түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш, хуульч болон ээж гэсэн хүмүүс цогцос хадгалах байранд очсон боловч Навальныйн цогцос тэнд байгаагүй аж. Тиймээс Навальныйн хуульч цогцос хадгалах газрын үүдэнд байсан утасны дугаар луу залгаж тодруулжээ. Харин цаад хүн нь түүнд "Өнөөдөр долоо дахь удаагаа ийм дуудлага авлаа. Алексейн цогцос наана чинь байхгүй" гэж хариулжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ