Өмнөд Солонгосын шигшээ багийн гол тамирчид болох И Кан Ин болон Сон Хын Мин нар саяхан болж өнгөрсөн Азийн аваргын хагас шигшээ шатны тоглолтын өмнөх өдөр хоорондоо муудалцаж, эцэст нь Сон Хын Мин хуруундаа бэртэл авчээ. Энэ талаар шигшээ багийн албаныхан нууцлаж байсан ч хэвлэл мэдээллээр хэрэгслээр шуугижээ.
Удалгүй И Кан Ин өөрийн инстаграм хуудаснаа "Намайг Сон Хын Минтэй муудалцсан гэх мэдээ хэвлэлээр гарчээ. Шигшээ багийнхаа дэмжигчдийн урмыг хугаллаа. Намайг уучлаарай. Би үлгэр дуурайлал үзүүлж, ахмад тамирчдынхаа үгийг сонсох ёстой байсан юм. Надад сэтгэл дундуур байгаа олон хүнээс уучлалт гуймаар байна" гэжээ.
Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбооны мэдээлснээр И Кан Ин болон залуу тоглогчид багаараа хооллож байх үеэр ширээний теннис тоглох гэж эрт гарч явсан гэнэ. Гэвч энэ үйлдэл нь багийн ахлагч Сон Хын Минд таалагдаагүй аж. Угтаа Сон Хын Мин багаараа хоолны ширээний ард ярилцаж, чухал тоглолтын өмнө сэтгэл зүйгээ бэлдэж, багаараа бэлэн байх хэрэгтэй тухай ярих гэж байсан гэнэ. Улмаар И Кан Ин болон Сон Хын Мин хоёр барьцалдаж, тэднийг салгах үеэр Сон хуруундаа бэртэл авчээ.
Азийн аваргын хагас шигшээд Солонгосын шигшээ Йорданд хожигдсон тоглолтод Сон хуруугаа боон тогложээ.
И Кан Ин бол сүүлийн үед Солонгосоос тодорч буй шинэ од. Өдгөө 22 настай түүний хувьд өнгөрсөн зун Францын ПСЖ клубтэй нэгдсэн билээ.
Холбоотой мэдээ