Өсвөр насныханд мэргэжлийн хүмүүсийн тусламж зайлшгүй хэрэгтэй талаар сэтгэлзүйчид болон эмч нар хэлдэг. Мөн сүүлийн үед санхүүгийн боловсролыг хүүхдэд сайтар ойлгуулах нь чухал талаар ярьж буй. Тэгвэл албаныхан энэ талаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
“Эрүүл амьдралын жигүүр” ТББ СЕО Дүрс оношилгооны эмч Л.НАНДИНЗУЛ:
-Өсвөр насны сурагчдад эрүүл мэнд, санхүү, сэтгэл зүйн боловсрол олгох зорилгоор 52 долоо хоногийн дадлын хөтөлбөр хэрэгжих гэж байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын таван сургуулийн 2000 гаруй сурагчид энэхүү төсөлд хамрагдаж байгаа.
Өсвөр насны сурагчдад нэгдүгээрт, эрүүл мэндийн боловсролын хүрээнд амны хөндийн эрүүл мэнд, өглөөний цайгаа уух дадал, зөв бие засах дадал гэсэн гурван дадалд суралцах хэрэгцээ их бий.
Сэтгэл зүйн хүрээнд мэдрэмжээ илэрхийлэх, талархлаа илэрхийлж сурах, бясалгалын дадал буюу ямар нэгэн асуудлыг шийдэх. Санхүүгийн хүрээнд хуримтлал үүсгэх дадалд суралцах, олсон мөнгөө зөв зарцуулах, хүсэл хэрэгцээгээ ялгаж сурах гэсэн үндсэндээ есөн дадалд суралцана. Хөтөлбөрт хамрагдах сурагчдыг сонгохдоо нийслэлийн төвийн дүүрэгт байрлалтай улсын нэг сургууль, гэр хороололд байршиж байгаа нэг сургууль, орон нутгийн нэг сургууль, тусгай хэрэгцээт болон хувийн хэвшлийн сургуулиудыг тус, тус сонгосон. Ахлах ангийн 9-11 дүгээр ангийн сурагчдыг хамруулж байна. Төсөл нэг жилийн хугацаанд хэрэгжих ч цаашдаа энэ төслийг олон сургуульд хэрэгжүүлэхийг хүсэж байна. Хамтарч ажиллахыг хүссэн сургуулиудад нээлттэй хандана гэлээ.
Төрийн банкны бизнес, бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.ОДБАЯСАЛ:
-Манай Төрийн банкны хувьд Эрүүл амьдралын жигүүр төрийн бус байгууллагын санаачлан хэрэгжүүлж буй төсөл дээр хамтран ажиллахаар болсон байгаа. Энэхүү төслийн хүрээнд санхүүгийн боловсрол олгох чиглэлд Төрийн банкны мэргэшсэн санхүүгийн боловсрол олгох сурагч багш нараараа дамжуулаад сургалт мэдээллүүд өгөөд явна. Мөн төрийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан харилцагчдадаа буюу хүүхэд багачуудад зөв дадал үүсгэхэд нь хамтран ажиллахаар болсон. Манай банкны хувьд 2023 оны санхүүгийн боловсрол олгогч шилдэг банкаар шалгарсан. Санхүүгийн боловсрол олгох ажил маань зөвхөн төсөл хэрэгжиж байгаа 2000 сурагч дээр биш байгаа. Төсөл хэрэгжиж байгаа сурагчдаас гадна олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, рийл, подкаст бүх боломжит сувгуудаа ашиглан нийт харилцагчдадаа санхүүгийн боловсролыг олгох дээр ажиллаж байгаа юм.
Сурагч Б.ДАВААЖАРГАЛ:
-Төсөлд хамрагдсанаар эрүүл мэндийн талаар тодорхой мэдээлэл мэдлэгтэй болохын зэрэгцээ санхүүгийн тал дээр тодорхой боловсролтой болно. Ирээдүйд мэргэжил эзэмшээд ажиллахад, амьдралд бие даан шийдвэр гаргаад явахад мөн өнөөдрийн сурч мэдэж байгаа зүйл маань хэрэг болно гэж бодож байна. Санхүүгийн тал дээр төлөвлөгөө гаргаж сурна, эрүүл мэндийн тал дээр өдөр бүр ариун цэврээ сахидаг болохоос эхлээд зөв дадалтай ч болно. Өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн сэтгэл зүйн тал дээр мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө тусламж хэрэгтэй байдаг. “Жигүүр” төсөлд хамрагдсанаар сэтгэл зүйн чиглэлээр өөрт хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөг авч, найз нартаа тулгардаг бэрхшээлийг даван туулахад мөн тусалж чадна гэж бодож байна.
“Оптимал Эн Макс” ХХК-ийн Бизнес стратегийн газрын захирал, сэтгэл судлаач н.АЛТАНЗУЛ:
-Бид “Жигүүр” төслийн хүрээнд 1700 гаруй хүүхдүүдэд HabiDo гэх эерэг дадлыг хэвшүүлэх аппликэйшнаа бүтэн нэг жилийн хугацаанд үнэгүй ашиглуулахаар дэмжиж ажиллаж байгаа. Мөн сэтгэл зүйн гурван дадал болох мэдрэмжийн тэмдэглэл, амьсгалын бясгалал, талархах гэсэн гурван дадлыг хэвшүүлэхээр ажиллаж байгаа. Яагаад энэ төсөлд хамрагдаж хүүхдүүдийг дэмжихээр болсон бэ гэвэл- Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гэдэг бол Монгол Улсын хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд анхаарах асуудал болсон.
HabiDo аппликэйшнийг товчхон танилцуулвал хаана ч байсан тухайн аппликэйшнаар дамжуулаад сэтгэл зүйн тест бөглөж болно. Өөрийнхөө сэтгэлзүйн нөхцөл байдлыг мэдээд сэтгэл гутралаа даван туулахын тулд ямар үйлдлийг хийх ёстой юм бэ гэдгийг энэхүү аппликэйшн дээр зааж өгсөн байдаг. Тэгэхээр өдөр болгон амьсгалын дасгал хийх, мэдрэмжийн тэмдэглэл хөтлөх, хайртай хүмүүс рүүгээ залгах, бодлоо цэгцлэх гэсэн дадлуудыг аппликэйшн дээр оруулаад өгчихсөн байгаа. Төслийн явцад цацагдаж байгаа подкаст, нийтлэл, зөвлөмж, сургалтуудыг аппликэйшнаасаа бататгаж, өөртөө суулгах боломж боломж үүсч байгаа гэлээ.
Э.ДАРИЙМАА
Нэргүй 2024-02-16 213.87.136.183
Харуулах боломжгүй.