Орос, Украины дайн сүүлийн саруудад зүүн хэсгийн Авдийвка хотод төвлөрөх болсон. Тэгвэл ОХУ-ын арми Авдийвкаг эзлэн авч магадгүй байгааг АНУ анхааруулав.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби эл эрсдэлтэй байдлыг Украины сумны хомсдолтой холбон тайлбарлажээ. Мөн ОХУ нь Украины байрлалууд руу хугацаат цэргийн алба хаагчдыг олноор илгээж байгаа гэв. "АНУ-ын Конгресс нэмэлт хуулийн төслийг хараахан батлаагүй байгаа тул бид зайлшгүй шаардлагатай их бууны сумыг Украинд нийлүүлж чадаагүй байна. Оросын цэргүүд өдгөө Авдийвка дахь Украины нуувчуудад хүрч, тэдний хамгаалалтыг дарж эхлээд байна" гэж Кирби хэллээ.
Авдийвка нь ойролцоох Донецк руу нэвтрэх гол гарц юм. Сүүлийн саруудад ширүүн тулааны хөлд үрэгдсэн тул Авдийвка хот бүрэн сүйрсэн гэхэд болно.
Украины генерал Александр Тарнавский Пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ Авдийвкад ширүүн тулаан өрнөсөөр байгааг хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр "Бид Украины газар нутаг бүрийг үнэлнэ. Гэхдээ бидний хувьд украин цэргүүдийн амь насыг хамгаалах нь хамгийн чухал" гэжээ.
Түүнчлэн Украины шинээр томилогдсон ерөнхий командлагч Александр Сирський энэ долоо хоногт Авдийвка орчмын фронтод очиж, нөхцөл байдалтай танилцсан. Оросын арми алдагдлаа үл хайхран цэргүүдийг их бууны сум болгон ашиглаж буйг тэр онцолжээ.
Дашрамд дурдахад, олон сар маргасны эцэст АНУ-ын Сенат энэ долоо хоногийн эхээр 95 тэрбум ам.долларын гадаад тусламжийн багцыг баталсан. Үүний 60 тэрбум нь Украинд үзүүлэх тусламж юм.
Эх сурвалж: BBC