Р.Даваадорж: Баялгийн сан төсвийн далд халаас байж болохгүй

Р.Даваадорж: Баялгийн сан төсвийн далд халаас байж болохгүй

Р.Даваадорж: Баялгийн сан төсвийн далд халаас байж болохгүй

УИХ-ын хаврын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Сар шинийн өмнө МАН,АН, ХҮН намын дарга нар ндэсний баялгийн сангийн хуулийг хамтран боловсруулах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурсан. Тэгвэл уг хуулийн төслийг боловсруулахдаа ямар зүйл заалт дээр голлон анхаарч, үзэл баримтлалыг нь хэрхэн нэгтгэх боломжтой талаар Ардчилсан намын зөвлөх, эдийн засагч Р.Даваадоржоос тодрууллаа.


Тэрбээр, Монгол Улс баялгийн менежментийн цэгцтэй, тууштай бодлогогүй явж ирсэний уршгаар байгалийн баялгийнхаа өгөөжийг хангалттай хүртэж чадахгүй, хойч үедээ үлдээх өвгүй, улс орныхоо хөгжлийг тэтгэх чадваргүй байна. Олон арван их наядын хөрөнгөтэй хэдий ч эдийн засгийн үр өгөөж муутай, төрийн нэртэй намын өмч эдийн засагт давамгайлж, хувийн хэвшлийн хөгжил, чөлөөт зах зээлийг боомилон авилга гаарч улмаар ардчилалд аюул занал учруулах боллоо. Тийм ч учраас Ардчилсан намын бүлгээс өнгөрснөө дүгнэж, хөгжлийн боломжоо бүрэн ашиглахын тулд Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барьж байна.

Тус хуулийн төсөл олон улсын шилдэг туршлага, засаглалын зарчмуудыг судалж нэвтрүүлэхийн тэргүүн зорилтоо болголоо. Хуулийн төсөлд дараах суурь зарчмуудыг чухалчлан тусгаад байна.

БАЯЛГИЙН САН УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙХ ЁСТОЙ 

Сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол Улс 30 орчим тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн олборлон гаргасан ч олсон орлогынхоо 100 төгрөг тутмын ердөө нэг төгрөгийг нь хуримтлуулж үлдсэн 99 төгрөгийг үрж дуусгажээ. Үр дүнд нь нийгэм, эдийн засгийн хөгжилд чанарын ахиц гарсангүй, байгаль орчин доройтлоо. Үүний гол шалтгаан бол улс төрийн популизм, түүний ард нуугдаж нийтийн баялагт эзэн суух сонирхолтой авилгач ангийн үйл ажиллагаа юм.

Иймд эрдэс баялгийн орлогыг сонгуулиас сонгуулийн хооронд улс төрчдийн үзэмжээр зарцуулдаг явдлыг таслан зогсоож Үндэсний баялгийн санг жинхэнэ утгаар нь байгуулан Монгол Улсын урт хугацааны эдийн засгийн хөгжил, хүн амын хангалуун амьдралын баталгаа болгох ёстой. Үүний тулд Баялгийн санг хараат бусаар, тогтвортой ажиллуулах хууль эрхзүйн үндэслэл тавигдаж байна.

БАЯЛГИЙН САН БОЛ ХАЛАМЖИЙН САН БИШ 

Нийгмийн хамгааллын бодлого нь баялгийн сангаас тусдаа Засгийн газрын чиг үүрэгт хамаарах асуудал юм. Өнгөрсөн 15 жилд улсын төсөвт уул уурхайн салбараас 10 тэрбум гаруй ам.долларын орлого орсон, түүнийгээ барьцаалж мөн 10 шахам тэрбум ам.долларын зээл авч зарцуулжээ. 2012-2016 онуудад хийгдсэн аж үйлдвэр, дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг эс тооцвол дээрх мөнгө үндсэндээ нийгмийн халамжид зориулагдсан. Гэвч  ядуурал буурсангүй, орлогын тэгш бус байдал гүнзгийрчээ.

Бодит байдал ийм байтал баялгийн сан дахин халамж тараадаг, иргэдэд аливаа хэлбэрээр бэлэн мөнгө олгодог болох аваас хуримтлуулдаг биш тараадаг, хуваадаг сан болохоос сэргийлж байна.

Харин гадаад зах зээлд урт хугацааны, эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийдэг, дотоод зах зээлд улс орны тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн хөрөнгө оруулалт хийдэг баялгийн сангийн оновчтой хувилбарыг сонгосон болно.

БАЯЛГИЙН САН ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙН ИРГЭН БҮРТ ЗОРИУЛАГДНА

“Эх орон, газар нутгаа бид өвөг дээдсээсээ хүлээж авсан, үр хойчдоо өвлүүлж өгнө” гэдэг алтан зарчим нөхөн сэргээгддэггүй байгалийн нөөц баялгаа ашиглах бидний бодлогын үндэс байх учиртай. Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сангуудыг олон улсын жишигт нийцүүлэн хуульчилсан ч эрх баригч улс төрийн хүчний шийдвэрээр уг сангуудийн хөрөнгийг улс төрийн амлалтад зарцуулж, хойч үеийнхнийхээ өвийг өнөөдөр идэж дуусгаж байна. Сүүлийн жилүүдэд төсвийн хэт үрэлгэн бодлого явуулаагүй бол дээрх сангуудад багадаа 9 их наяд төгрөгийн хуримтлал бий болсон байх боломжтой байв. Гэтэл бодит үлдэгдэл үүний 10 хувьд ч хүрэхгүй болжээ.

Шинээр байгуулах Үндэсний баялгын сан нь Монгол Улсын Үндсэн Хуульд тунхагласан дагуу одоо ба ирээдүй үеийн иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулж баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх тогтолцоог бий болгоно.

БАЯЛГИЙН САН ТӨСВИЙН ДАЛД ХАЛААС БАЙЖ БОЛОХГҮЙ

 Баялгийн сангийн хөрөнгийг улсын төсвийн хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулж болохгүй. Хэрэв Засгийн газрын элдэв сүржин нэртэй богино хугацааны зорилтуудыг хэрэгжүүлээд эхэлбэл Баялгийн сан нийт иргэдийн төлөөлөл болох парламентын хяналтаас гадуур дараагийн далд төсөв болох эрсдэлтэй. Ингэвэл өнөөдөр үүсээд байгаа төрийн өмчит уул уурхайн компаниуд, Хөгжлийн банк зэргээр дамжуулан төсвийн гадуур түүнээс ч их хөрөнгийг хяналтгүй зарцуулж буй явдал улам томорч авилга, албан тушаалын хэрэг даамжирна. Иймд Баялгийн сангийн хөрөнгө оруулалтын мандат, бодлогын баримт бичгийг нарийн төлөвлөн баталж шийдвэр гаргах болон хяналтын тогтолцоог Засгийн газрын оролцоогүй, сайд нарын эрх мэдлээс дээгүүр байхаар хуульд тусгаад байна.

БАЯЛГИЙН САНГ ТӨК-ИУДААС БИШ УУЛ УУРХАЙН САЛБАРААС БҮРДҮҮЛНЭ

 Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх асуудлыг нийгэмчлэлтэй холбож тайлбарлах явдал хэрээс хэтэрлээ. Уул уурхайн салбарыг бүхэлд нь төр эзэмшиж байж иргэдэд өгөөжөө өгдөг мэтээр сурталдаж, улмаар төрийн нэрээр улс төр, эдийн засгийн ашиг сонирхол бүхий бүлэглэлүүд байгалийн баялгийг эзэгнэн нийгэм улам бүр авилгажиж байна. Төрийн өмчийн компаниуд томрохын хэрээр баялаг бүтээгчид биш харин эрх баригчдыг тойрсон этгээдүүд л хөрөнгөжиж бизнесийн орчин доройтон чөлөөт зах зээл төрийн капитализмд шахагдаж байна.Төрийн өмчийн, асар их хөрөнгөтэй ч үр ашиг муутай ажилладаг уул уурхайн компаниудыг нээлттэй, олон нийтийн компани болгож хувийн хэвшлийн сайн менежментээр ажиллуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулж өөрчлөн зохион байгуулах нь урт хугацаанд улс орны хөгжлийг тэтгэх тулгуур болно. Иргэд эндээс үнэ төлбөргүйгээр давуу эрхийн хувьцаа эзэмших замаар байгалийн баялгаасаа тогтвортой, баталгаатай өгөөж хүртэх боломж нээгдэж байна.

Ийнхүү уг хуулийн төсөл батлагдсанаар Баялгийн санг төрийн өмчийн компаниудаас биш уул уурхайн салбараас бүрдүүлэх зарчим биеллээ олох юм гэсэн хэд хэдэн чухал санал багтаасан гэдгийг тодотголоо.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.181.10

Ene bayalagiin sangaas xen mungu avch xeregledeg yum be

Avatar

Нэргүй 2024-02-16 45.117.35.19

Төрийн өмчийн, асар их хөрөнгөтэй ч үр ашиг муутай ажилладаг уул уурхайн компаниудыг нээлттэй, олон нийтийн компани болгож хувийн хэвшлийн сайн менежментээр ажиллуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулж өөрчлөн зохион байгуулах нь урт хугацаанд улс орны хөгжлийг тэтгэх тулгуур болно.

Avatar

Нэргүй 2024-02-16 139.5.217.116

Сангийн тайланг ил тод болгож,буруу зарцуулсан хүнд хуулийн хариуцлагаа хүлээж болох уу

Avatar

Зочин 2024-02-16 103.57.94.166

АН нэр зүүсэн хулгайчуудад үнэн гэж. байхгүй.Энэ гүзээний хужирхай дээрмийн. мөнгөөр амьдарч бийгаа даа

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.186.231

МАН ын троллууд үнэн үгэнд ямар их дургүй юм бэ??

Avatar

батхүү 2024-02-16 103.212.117.20

Маш зөв. МАНгарууд сонгууль дөхөхөөр баахан мөнгө тарааж юмны үнэ өсгөдөг өвчтэй. АН-ын өргөн барьсан хуулийг дэмжихгүй байх.

Avatar

Зочин 2024-02-16 82.144.201.2

Энэ олон сангууд яаж ажилладгийг ард түмэн мэддэг болсон шүү. Бас л нэг даргын карманы мөнгө болж хувирна даа. Хэлэх үг алга….

Avatar

Нэргүй 2024-02-16 43.242.242.59

Намын хулгайч нар намынхаа төлөө л юм ярина. Үнэн ярина гэж байхгүй. Даваадорж бол АН-ын эрх ашигт нийцүүлж ярьж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж