Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа гадаад эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна. Энэ зорилгын хүрээнд 2024 онд хөрш хоёр орон болох ОХУ болон БНХАУ-ыг оролцуулан олон улсын чуулга уулзалт хийхээр төлөвлөж байна. Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн Эдийн засгийн форумд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Хятадын "South China Morning Post" сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр энэ тухай мэдэгджээ.
“Энэхүү чуулга уулзалтыг ОХУ болон БНХАУ-ыг оролцуулан зохион байгуулах боломжийг эрэлхийлэн Монгол Улсын Гадаад харилцааны яам олон талын дипломат сувгаар ажиллаж байна. Чуулга уулзалтын тов хараахан тодроогүй байна. Чуулга уулзалтаар Хятадын “Бүс ба Зам” санаачилгын нэг бүрэлдэхүүн хэсэг болгон хөгжүүлэхээр зорьж байгаа Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор нь бүс нутгийн дэд бүтцийн харилцаа хамаарлыг өргөжүүлснээр худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх юм” хэмээн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ярилцлагадаа онцолжээ.
Түүний хэлснээр Монгол Улсын нутгаар дайран өнгөрч Оросоос Хятад руу жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хоолойн “Сибирийн хүч-2” төсөлд Монгол Улс нэгдэхэд бэлэн байгаа ажээ. “Орос, Хятадын тал төслийн нарийвчилсан тохироогоо дуусгахыг Монгол хүлээж байна” хэмээн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ хэллээ.
Эрчим хүчний салбар дахь томоохон хэд хэдэн төсөл, тэр дундаа бага оврын цөмийн цахилгаан станц барих төсөл яриа хэлцлийн шатанд явж байгааг тэр бас дурдлаа.
Хоёр хөрштэйгөө гадаад эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх чиглэлд Хятад-Монголын хил дээр шинээр долоон боомт байгуулахаар төлөвлөж байгаа нь ихээхэн түлхэц болохыг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Эдгээр боомтыг 2024-2025 оны хооронд байгуулан ашиглалтад оруулахаар зэхэж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар шинэ боомтын үйл ажиллагаа нь хөрш орнуудын худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэх бөгөөд ингэснээр Монголын экспортын хэмжээ дөрөв дахин нэмэгдэх юм. Мэдээж Монголын коридороор Оросын бараа, таваарыг экспортлох давхар боломж нээгдэх юм.
И.БАДАМ
Холбоотой мэдээ