Газ дэлбэрсний улмаас гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны оршин суугчид Баянзүрх дүүрэгт байрлах "Интернэйшнл" зочид буудалд түр байрлаж байсан. Нийслэлээс түрээсийн байр хөлслөх санхүүжилтийг нь шийдэж өгснөөр иргэд түрээсийн байранд амьдарч байна гэдгийг оршин суугчдын төлөөлөл мэдээллээ.
Оршин суугчдын хувьд нэгдүгээр сарын 24-нөөс тус зочид буудалд байрлаж эхэлсэн.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг энэ талаар мэдээлэхдээ "Иргэд түрээсийн байраа өөрсдөө олох юм. Нийслэлийн зүгээс төлбөрөө төлөх нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Энэ хүрээнд 1-3 өрөө, тавилгатай байр түрээслэх сарын 2,200,000-3,250,000 төгрөгийг энэ оны есдүгээр сарын 20-н хүртэл байхаар тооцон олгож байна. Гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ" гэдэг хариултыг өгч байв.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрэлтийн улмаас таван хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж, 100 орчим айл эд хөрөнгөөрөө хохироод буй. Тэгвэл тус ослын нэгдсэн дүгнэлт ирэх сарын 15-ны дотор гарах юм байна.
Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаа, прокурор ажиллаж байгаа бол хохирлын үнэлгээг гаргахаар тусгай баг ажиллаж байгаа аж.
Нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийжээ. Тухайлбал, галд Дүнжингаравын уулзварт байрлах таван обьект өртсөн. Эдгээрийн нарийвчлалтай дүгнэлт ирэх сарын 1-нд гарах юм байна. Мөн нийт хохирлын хэмжээ, сэргээн засварлах зардлыг Барилга хөгжлийн төвөөс гаргана гэдгийг албаныхан мэдээлсэн. Харин нэгдсэн дүгнэлтийг гуравдугаар сарын 15-ны дотор гаргаж танилцуулах юм байна.
Гал түймэрт хохирсон иргэдэд хууль зүйн тусламж үзүүлж буй хуульч О.Батхүүгээс зарим зүйлийг тодруулахад "Гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны 37 айл нь ипотекийн зээлтэй буюу даатгалд хамрагдсан байх ёстойгоос 30 нь даатгалын гэрээтэй байна. Бусад мөнгө төгрөгөөрөө байраа худалдаж авсан иргэд огт даатгалгүй байгаа. Иргэдийн хувьд даатгалтай, даатгалгүй хохирлоо төлүүлнэ. Даатгалтай хүмүүс нь даатгалаасаа мөнгөө авах бол даатгалгүй хүмүүс нь осол аваар хийсэн, шүүхээс гэм буруутайг нь тогтоосон хүнээс хохирлоо нэхэмжилж авна.
Одоо оршин суугчдын хохирлыг тогтоож, байранд нь үнэлгээ хийж байгаа юм билээ. Тэнд хүн амьдарч болох юм уу, орон сууцыг засахаар бол алийг нь засах вэ гээд. Айлууд байрныхаа м.кв-ын үнэлгээг хийлгэж, гаргуулах гэж байна.
Ер нь ипотекийн зээлтэй иргэд л албан хүчээр даатгал хийлгэсэн байгаа юм. Хамгийн эхэнд хохирлынхоо үнэлгээг мэргэжлийн компаниар тогтоолгох нь чухал. Даатгалтай айлууд нь гэхэд зөвхөн байраа даатгаж, гэр доторх тавилгаа даатгаагүй. Тиймээс даатгалтай айлууд ч гэсэн гэр доторх эд хөрөнгөө үнэлүүлэх шаардлагатай болж байна" гэдгийг онцолж байв.
Нэргүй 2024-02-15 213.87.89.70
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-15 202.9.46.169
ingeed tvreesiin nemegdelee dee
Даатгал Худлаа шдээ 2024-02-15 202.21.110.106
Даатгалын компаниуд нөхөн олговор өгөхдөө хойрго , өгөхгүй талдаа шийдвэрээ гаргадаг.Шал худлаа залилангууд шүү.Ийм олны нүдэн дээр болсон , олны анхааралд орсонг бол яаж ч чадахгүй өгөх байх.Харин ганц нэгээрээ хохирсон олон түмэн мэдээгүй хохиролд ГОНЖ шүү.Тэд бол зүгээр л луйварчид