Увс аймаг, Тариалан сум Бургастай багийн Шар бүрдийн хөдөө гэдэг газар суудлын автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг өчигдөр /2024.02.14/ өдрийн 19:10 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход нийт 47 зорчигчтой, 14 суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан.
Мөн Өвөрхангай аймаг, Хужирт сум Бэрх багийн нутагт хоёр зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 15-ны 05:28 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэний “Тоёота пробокс” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргажээ.
Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр багийн хоёр малчин малаа хариулж яваад уулын цасны нуралд өртөж, цасанд дарагдсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 12-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн 60 км замыг туулан энэ сарын 13-ны өдрийн 02:00 цагт очиход малчин Х /29 настай, эрэгтэй/ цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд малчин А /26 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Нэргүй 2024-02-15 213.87.89.70
Харуулах боломжгүй.