Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус хоёрдугаар сарын 2-нд Брюссельд болсон Украины Батлан хамгаалахын бүлгийн (UDCG) хуралд оролцсон. Энэ үеэрээ тэр Герман улс 2024 онд өнгөрсөн оноосоо 3-4 дахин их хэмжээтэй их бууны сумыг Украинд нийлүүлэхээр төлөвлөж буйг мэдэгдлээ.
Европын холбооны тэргүүн дипломатч Жозеп Боррел саяхан Украинд ирэх гуравдугаар сар гэхэд нэг сая их бууны сум нийлүүлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ тооны дөнгөж тал орчим хувийг нийлүүлэхээр төлөвлөж байна. Харин бүтэн нэг сая сумыг 2024 оны эцэс гэхэд Украинд илгээхээр төлөвлөжээ.
Эстонийн Гадаад тагнуулын албаны хоёрдугаар сарын 13-ны өдөр гаргасан тайланд Оросын их бууны сум нийлүүлэлтийн хэмжээ Украиныхаас хол давсан гэж дүгнэжээ. Орос улс шинэ сум үйлдвэрлэхийн зэрэгцээ ЗХУ-ын үеийн их бууны зэвсгийн нөөцөө шинэчлэх шинэчилж байна.
Борис Писториус "Энэ дайнаас авах сургамж бол байлдааны бэлэн байдалд зэвсэг хэрэгсэл чухал байдгийг ойлгох" гэжээ. Мөн тэрбээр Германы зэвсэг үйлдвэрлэгч "Rheinmetall"-ын барьж буй шинэ сумны үйлдвэрийн барилгын талбайд зочилсон тухайгаа дурджээ. Тус үйлдвэр жилд 200 мянга хүртэл тоогоор их бууны сум үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Герман улс 2024 онд сум худалдан авахад 3.5 тэрбум евро зарцуулна. Энэ нь урьд өмнө хэзээ ч байгаагүй үзүүлэлт аж.
"НАТО-гийн 31 гишүүн орны 18 нь, тэр дундаа Герман улс 2024 онд ДНБ-ийхээ хоёроос доошгүй хувийг батлан хамгаалахад зарцуулах зорилтыг биелүүлнэ" гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэв. Герман хүйтэн дайн дууссанаас хойш анх удаагаа хоёр хувийн зорилтод хүрэх төлөвтэй байгааг тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT