Монголчууд цагаан сарыг тусгаар тогтнолын бэлгэдэлт баяр гэж үздэг. Тиймээс сар шинээр бэлгэ дэмбэрэлгүй үгс хэлэхийг цээрлэдэг. Атал Женко.Баттулга үүнийг мэддэггүй байв уу, эсвэл мэдсээр байж мэндчилгээндээ муу ёрлов уу?! Түүний онцолсон “Хөх Монголын тусгаар тогтнол батжин бэхжиж, эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх жил” гэх үгнийх нь ардах эрх ашиг нь эсрэгээрээ эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж буй мэт заналтай сонсогдохын учир юу вэ?!
Ганзагын наймаачнаас тэрбумтан, эрүүгийн хэргийн яллагдагчаас төрийн тэргүүн болж үзсэн Х.Баттулгын амнаас унасан үг болгон төлөвлөгөөтэй бас төлөөстэй байдаг. Түүнд санаандгүй үйлдэл, санамсаргүй хэлсэн үг гэж байдаггүй. Улс төрд өнөөг хүртэл явж ирсэн замнал, үг-үйдлээс нь харж, үзэл бодол, үнэт зүйлийг нь дүгнэхэд Женко.Баттулга эрх мэдэл, их мөнгөний төлөө чөтгөртэй ч нөхцөхөөс сийхгүй, эх орноо, элгэн саднаа зарахаас ч эмээхгүй. “Эх оронч” Х.Баттулгаас эмээхийн учир шалтгаан энэ юм.
1.
Тэрбээр “Хөх Монголын хөх туг” хөдөлгөөн байгуулж, МоАХ-ндоо шинэ гишүүн элсүүлж ирэх зургадугаар сарын 28-нд болох сонгуульд эртнээс ил, далд бэлдэж эхэлсэн байдаг. Хэдий наанаа тэрбээр УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй гэж ам гарсан ч цаанаа Монгол Улсын Ерөнхий сайд болох алс холын бодолд олон жил дараатай яваа хүн. Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулгын Ерөнхийлөгчөөр сонгогдох эрх нь хязгаарлагдсан.Тиймээс өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн сууж байгаа суудлын төлөө эх орноо зарж, идэхээс буцахгүй дээрээ яваа бололтой, сар шинээр хэлсэн үг нь мэндчилгээ гэхээсээ илүү сүрдүүлэг мэт сонсогдсон.
Хэрэвзээ 2024 он “эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх хариуцлагатай жил” юм бол тэр нь Женко.Баттулгыг Монголын улс төрд дахин хөл тавиулахгүй байх тухай юм. Х.Баттулга Монголын төрд “ойртох” юм бол яс үндэс, цус нөжөөр нь хагалан бутаргаж мэднэ. Шанхайн ломбардад эх орноо “тавьж”, монголчуудыг Оросоос өөр “нөхөргүй”, очих газаргүй болгож мэднэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тэрбээр ШХАБ-д Монголыг золтой худалдчихаагүй. Тэр ч бүү хэл АНУ-ын Монголын Ерөнхийлөгчийн хувиар айлчлал хийхдээ Монголын асуудлыг биш Оросын түймрийн тухай яриад ирсэн нь болсон явдал, бодит түүх юм. Товчхондоо Женко.Баттулгын Монголын төлөө гэсэн болгон Монголын эсрэг чиглэдэг. Үүний нэг жишээ бол төмөр замын төслүүд. Женко.Баттулгын цэрэг танкны үлгэрт итгэсэн монголчууд өнөөдөр хоёрын хоёр мухар төмөр замтай сууж байна.
2.
Адгийн шааруудын сүүлчийн хоргодох газар бол эх оронч үзэл гэдэг. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, Х.Баттулга зэрэг “эх оронч”-дын үг-үйлдлээс дүгнэхэд дээрх үг юутай үнэн, юутай гашуун. Үндсэндээ миний эх орныг манай “эх орончид” хэрхэн тоносныг Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын авлига, БЗС-гийн луйвраас харахад болно.
Тиймээс Монголын тусгаар тогтнолын төлөө сонголтоо хиймээр байгаа бол Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, Х.Баттулга нарыг Монголын улс төрөөс бүр мөсөн зайлуулах ёстой. Хэл амтай, хэдэр ёдроороо Ц.Нямдорж ил хэлсэн болохоос үнэндээ Х.Баттулгыг Монголын төрөөс зайлуулахыг МАН ч, АН ч хүсч байгаа нь ойлгомжтой.
Х.Баттулгыг Оросын гар хөл гэж С.Эрдэнэ худлаа гүтгээгүй ч биз. С.Эрдэнийн хэлсэн үнэн бол “эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх жил” гэсэн Х.Баттулгын үгний эсрэг явахад болно. Х.Баттулга бол эх орны эрх ашгаас илүү эрх мэдлийг нэгд тавьж ирсэн. Түүний хүсэл биелэж, Х.Баттулга “ялах” юм бол эсрэгээрээ Монгол ялагдана, тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд аюул нүүрлэнэ. Женко.Баттулга бол ямар хүнээр эх орноо мануулж болохгүй яруу тодоор дөрвөн жил харуулчихсан хүн шүү дээ.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ