Хойд солонгос байж болзошгүй 300 орчим ажилчин энэ сарын эхээр ОХУ-д галт тэргээр ирснийг Өмнөд Солонгосын шинжээч Чо Хан Бум хэллээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 5-ны өдөр Владивостокын галт тэрэгний буудалд Хойд Солонгосын олон зуун ажилчин хүрэлцэн иржээ. Гэхдээ Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба энэ мэдээллийг албажуулан батлаагүй байна. Тэд нөхцөл байдлыг хянаж байна гэх мэдээллийг өгчээ.
Чо Хан Бумын хэлснээр тэдний ачаа тээш, хувцас хунарыг харахад жуулчин биш ажилчид байсан гэлээ. Мөн гадаад оюутан, дипомат төлөөлөгчийн газрын албан тушаалтнууд байх магадлалыг тэр үгүйсгэв. Пёньянаас дахиад ч ажилчин ирэх магадлалтай бөгөөд эхний ээлжийнх нь дээрх 300 аж.
Хэрвээ тухайн ажилтнууд Хойд Солонгосоос ирсэн нь батлагдвал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл болно. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2017 онд баталсан 2397 дугаар тогтоол ёсоор Умардын ажилчдыг гадаадад илгээхийг хориглосон байдаг.
Эх сурвалж: YONHAP