Зун зуун жилдээд, зуданд модоо барих нь…

Хуучирсан мэдээ: 2024.02.14-нд нийтлэгдсэн

Зун зуун жилдээд, зуданд модоо барих нь…

Зун зуун жилдээд, зуданд модоо барих нь…

Цагаан сарын бууз, золголтоосоо сая сэхээрсэн засаг хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдал зарлахыг Улсын онцгой комисст үүрэгджээ. Өнөөдөр танилцуулаад буй “Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноор 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн” гэх мэдээлэл үнэндээ шинэ мэдээлэл биш. Аль халуун зунаар цаг уурчид зуд болно гэдгийг анхааруулж байсан ч нохой хуцсан чинээ тоогоогүйн гайг өнөөдөр хүртжээ. Нэгдүгээр сарын 18-ны өдөр Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 75 хувьд нь “нэн эрсдэлтэй” гэх дүгнэлт гарч л байв. Олон харахыг хүсвэл зуд зуун байтугай мянган жилийн өмнө ч болж л байсан…

Монголд анх удаа өвөл ирж, зуд болж байгаа биш. Жилийн жилд л өвөл болдог. Байс гээд л зуд болдог. Тэр ч утгаараа эртнээс “Зунд бүү суу, зуданд бүү сандар” гэх хэлцийг монголчууд захиж ирсэн биз. Он гарсаар 176 мянга гаруй толгой мал хорогдоод буй талаар албаныхан хэлж байна.

Байгуулагдаад зуун жил болоогүй аймгийн 100 жилийг тэмдэглэж, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж баярлацгаасан жишээ ердөө өнгөрсөн зуных. Хадлан тэжээлээ базаах бэлтгэлээ хангаж, малаа таргалуулах цагаар найр наадам хийж, болсон болоогүй шагнал гардуулж, өөр нутгийн бөх, адуунд 100 жилийн ойн шагналаа алдахгүй гэхдээ алиа балай юм зохиод монголоор нэг шившигээ тарьсаныг нотлох бичлэг одоо ч сошиал ертөнцөөр тэнүүчилж явна.

100 жилийн ойг зохион байгуулах шийдвэрт Засгийн газар хамгийн их хүч хаясан бөгөөд ойн наадмыг тэмдэглэх тухай тогтоол, шийдвэр гаргаж байсан. Ингэснээр Хэнтий, Архангай, Завхан, дээр нь хожим байгуулагдсан Говь-Алтай аймгийг түүхэн баримтыг үл огоорон хүчээр тэмдэглэхээр болсон юм. Эдгээр аймгийн 100 жилийг тэмдэглэх болсон шалтгааныг олоход туйлын бэрх. Үүх түүхээ бодвол хэдэн зуун, мянганаар хэмжигдэх он тоололтой атал Ардын намын явган сурталчилгаа болгохын тулд л төрийн эрхийг барьж буй нам, төрийн удирдагч, нөлөө бүхий нөхдийн таван аймгийг найр наадамд умбуулах шалтагийг бодож олсон гэлтэй.

Тал талаас ирж нийслэлдээ талаас илүү нь шавсан монголчууд аавыннхаа, ээжийнхээ, эхнэрийнхээ, хүргэнийхээ тэгш ойг тэмдэглэхээр зээл тавин жийп аваад зорьцгоосон бол малчид малаа хаяад нутгийнхаа наадмыг нижгэр тэмдэглэн ирсэн гийчдээ дайлж, цайлж явсаар намартай золгосон нь хатуу ч гэлээ үнэн.

Ковидын үед намын ойгоо тэмдэглэж, халдварын тохиолдлыг огцом өсгөсөн эрх баригчид зудын бэлтгэлийг базаалгахгүй гэсэн шиг баяр, наадам тэмдэглүүлчээд одоо нөөц бүрдүүлэх тухай ярьж, гадагш экспортлохгүй байх тухай хориглож байна. Ажилтай, анхиатай нь өөрсдийн хүчээр, хуруу хумсаа хугалах шахан байж бэлтгэсэн тэжээлээ үнэтэй зарж болохгүй тухай тэд хэлж байна. Монголд бэлчээрийн даац хэтэрснийг судлаачид бишгүй ярьдаг ч малын хамар хатгах өвс ногоогүй болгох гэсэн шиг бодлого баримталж ирсний баталгаа цагаан сарын өмнө УИХ-ын гишүүд, сайд нарын тараасан “аварга малчин”, “аварга саальчин”, “Улсын аварга фермер” байсан. Ингэж л улстөрчид энгийн малчдыг хорлодог. Өөрийн амьдралаа өөрөө босгохоор мал дагасан нэгний нийгмийн даатгалыг бусдынх нь хураалгасан мөнгөнөөс төлөх тухай дээрмийг тэд л санаачилдаг. Өөрсдийнхөө төлөө ажилласныг нь торгууль, татвараар дээрэмдэж, найр наадам хэсээд хувийн өмчөө хайхраагүй нэгнийг даатгалыг төлөх нь Монголын өв уламжлалаа дэмжсэн бодлого гэж тэд солиордог.

Өнөөдөр нөөцөлсөн хивэг тэжээлийнхээ 50 хувийг хямдралтай үнээр олгосон тухай цээжээ дэлдэж байна. Үнэндээ төсвийн мөнгө тэдний халааснаас гардаггүй болохоор тэр. Удахгүй дэлгэр цагт зудын үед үхсэн малын сэг, зэм өвчин үүсгэх аюул бас бидэнд бий.

Тиймээс  Зунд бүү суу, зуданд бүү сандар гэдэг нь монголчуудын мянга мянган жил хуримтлуулсан туршлага юм. Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам таргалдаг үгэнд ч өөрчлөлт оруулах цаг болжээ. Монголд зовлон учирвал нам хождог цаг иржээ.

Баяр болохоор хөгжсөн, хөрөнгөсөн тухай худлаа статистик эшлэж, "өвлийн өнөтэй давлаа" гэхчилэн дэндүү сайхан амьдруулаад байгаа аятай мэндчилгээ дэвшүүлж улстөрчид ч өөрсдөө ичих хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж