Луу жилийг хүүхэд төрүүлэхэд ээлтэй, таатай жил гэж Ази, Номхон далайн олон оронд үздэг. Луу жилтэй хүүхдүүд ажил мэргэжлээрээ амжилтад хүрч, гэр бүлдээ аз дууддаг гэх фенг шүйн үзэл ч бий. Хятадад ялангуяа ийм итгэл үнэмшил хүчтэй байдаг.
Зурхайн мөчлөгөөр 2024 оны хоёрдугаар сарын 10-наас 2025 оны нэгдүгээр сарын 28-нд төрсөн хүүхдүүд луу жилтэй болох юм.
Гэвч 2024 оны Луу жил Хятадын төрөлтийн статистикт сайн үзүүлэлт авчрахгүй бололтой. Тус улсын статистикийн товчооны мэдээлснээр, зурхайн хуанлийн өмнөх жилүүдтэй харьцуулахад 1988, 2000 онд төрөлтийн түвшин дөрвөн хувиар, 2012 онд есөн хувиар буурсан байна. Эсрэгээрээ Азийн бусад бүс нутагт энэ жилүүдэд төрөлтийн түвшин мэдэгдэхүйц өсчээ. Жишээлбэл, Сингапурын төрөлт 1988 онд 21 хувь, 2000, 2012 онд найман хувиар тус тус өссөн байна.
Төрөлтийн түвшин гэдэг нь 1000 хүн тутамд ногдох шинэ төрсөн хүүхдийн тоог хэлнэ.
Мэргэжлийн байгууллагын мэдээлж буйгаар Луу жилд ч, түүнээс цааших жилүүдэд ч Хятадын төрөлт буурсаар байх төлөвтэй байна. Хятадад залуучуудын ажилгүйдлын түвшин өндөр, эдийн засаг нь хямралтай байгаа учир төрөлт нэмэгдэхгүй хэвээр байна.
Төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд айл өрхийн хүүхдийн тоонд хязгаарлалт тавьсан байснаа Хятад улс 2021 онд цуцалсан. Гэсэн хэдий ч 2022 онд 6.77 хувиар төрөлт буурчээ. Мөн онд ердөө 6.8 сая гэрлэлт бүртгэгдсэн нь өмнөх оноос 10.5 хувиар, 2020 оноос 16 хувиар буурсан үзүүлэлт юм.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ