НЭМЭЛТ:
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох шүүхийн шийдвэрийн талаар өнөөдөр /2024.02.14/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Ч.Мөнхчулуун дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 6-нд Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүх рүү буцаасан байгаа. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаагүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэхүү магадлал маань 14 хоногийн дотор албажиж гарах бөгөөд энэ магадлалыг эс зөвшөөрсөн тал 14 хоногийн дотор Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй юм” гэлээ.
Ж.Соронзонгийн хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 6-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцжээ. Шүүх хурлаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн байна.
Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзон сургуулийнхаа үйлчлэгч эмэгтэйд гар хүрсэн талаарх мэдээллийг сэтгүүлч Д.Бүдрагчаа 2022 оны есдүгээр сард цацсан юм. Энэхүү мэдээлэлд Ж.Соронзон хариу тайлбар хийх үеэрээ дээрх сэтгүүлчийг ядуу тарчиг, эцэггүй өссөн, эх нь архичин зэргээр ярьсан нь олон нийтийн шүүмжлэл хүлээж, Засгийн газраас Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон бусдыг угсаа гарвалаар нь ялгаварлан гадуурхсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргасан юм.
Энэ асуудалтай холбогдуулж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлж, хамгаалуулах эрхтэй. Үндэс угсаа, арьс өнгөөр хэн ч ялгаварлан гадуурхагддаггүй байх ёстой. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагад Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон яриа өгөхдөө бусдын эрхэнд халдсан үйлдэл гаргасан. Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан" гэж мэдээлж байв.
Ж.Соронзон нь 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан III сургуулийг удирдаж байсан бөгөөд 2010 онд тус сургуулийн сурагчид хоолондоо хордоход тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Д.Отгонбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Гэвч тэрбээр шүүхэд хандаж, эргэн ажилдаа орж байжээ.
Холбоотой мэдээ