Apple Pay-ийг VI сард багтаан Монголд нэвтрүүлнэ

Apple Pay-ийг VI сард багтаан Монголд нэвтрүүлнэ

Apple Pay-ийг VI сард багтаан Монголд нэвтрүүлнэ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал  2024 оны 1/25-2/01-ний өдрүүдэд АНУ-д ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологи, сансрын салбарын нийт 50 орчим компанийн удирдлага өөрсдийн зардлаар оролцсон буюу төр хувийн хэвшил хамтран зохион байгуулсан айлчлал гэдгээрээ онцлог байв.

Хоёр улсын харилцааг сансар судлал,  цахим эдийн засаг, хиймэл оюун ухааны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ач холбогдол бүхий 34 уулзалтыг АНУ-ын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй хийсэн юм.

STARLINK-Н МОНГОЛ ДАХЬ ҮЙЛЧИЛГЭЭГ 2024 ОНЫ 2 ДУГААР САРЫН 26-НД НЭЭНЭ

Сансар судлалын чиглэлд чухал уулзалтуудыг зохион байгуулав. NASA байгууллагын хувьд сансрын их өгөгдөл ашиглалтыг нэмэгдүүлэх чадавхжуулах хөтөлбөрийг өргөжүүлж, Марс гаригийг судалгаанд Монгол Улсын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдээ оролцуулахыг санал болгов.

"SpaceX" компанийн дэд ерөнхийлөгч Том Очинеротой уулзаж, Starlink-н Монгол дахь үйлчилгээг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор нээх, нээлтийг Испани Улсын Барселона хотноо зохион байгуулагдах "Дэлхиин үүрэн холбооны конгресс"-ын үеэр хийхээр тохиролцов.

Франц Улсын Таллес Алениа компанитай хамтарч хэрэгжүүлэхээр ажиллаж буй үндэсний хиймэл дагуулыг 2027 онд "SpaceX" компаниар хөөргөх гурвалсан хамтын ажиллагааны бэлтгэл ажлыг эхлүүлэхээр тогтов.

APPLE PAY-ИЙГ 2024 ОНЫ 6 ДУГААР САРД БАГТААН МОНГОЛД НЭВТРҮҮЛНЭ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Apple Pay, Paypal, Stripe зэрэг олон улсын цахим төлбөр тооцооны гарц, шийдлийг төрөлжүүлэх нь манай улсын цахим эдийн засгийн бие даасан байдалд чухал нөлөөтэй болохыг тэмдэглэж, Apple компанийн Засгийн газрын харилцааг хариуцсан дэд ерөнхийлөгч Nick Gammon, Visa компанийн удирдлага зэрэг холбогдох талуудтай уулзаж дэмжлэг хүсэв.

ЦАХИУРЫН ХӨНДИЙД МОНГОЛЫН 8 КОМПАНИ ГАРЛАА

  • Teso Investment LLC
  • Gund Investment LLC
  • ICT Group JSC
  • ONDO LLC
  • Fibo global LLC
  • Intelmind LLC
  • Gerege Systems LLC
  • Mezorn LLC нарын найман аж ахуй нэгж Монгол улсын мэдээллийн технологийн салбарын олон зуун аж ахуй нэгжийг төлөөлж Цахиурын хөндийн экосистемд нэвтэрч ОУ-ын зах зээлд гарах томоохон алхмаа хийсэн нь айлчлалын онцлох үр дүн байлаа.

 

 

 

 

 

 

 

Төв Азийн улс орнуудтай хамтарсан санаачлагын хүрээнд хэрэгжиж байгаа Торгоны зам инновацийн төвд албан ёсоор дээрх 8 компанийг байршуулж буй бөгөөд тус төвийн дэргэд Төв Азиас 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй гарааны бизнесийг төрүүлэх зорилго бүхий 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санг байгуулж буй билээ.

GOOGLE FOR STARTUPS ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨР МОНГОЛД

Мэдээллийн технологийн салбарын аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр Google for Startups хурдасгуур хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг энэ онд зохион байгуулах талаар Google компанитай хамтарч ажиллахаар болов. Түүнчлэн NVIDIA Ventures, DX Ventures, Network Venture Capital, Ven Elite томоохон венч сан, Plug and Play, Mind the Bridge зэрэг хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэгч нартай хувийн хэвшлийн төлөөллийн хамт уулзаж, хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлд гарах боломжийг эрэлхийлэв.

Түүнчлэн Google map дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх буруу ташаа тэмдэглэгээг засах хүсэлийг Google компанийн удирдлагад тавьж, богино хугацаанд шийдвэрлүүлэв.

Мөн Google компани хиймэл оюун ухааны чиглэлээр хийгдэж буй судалгаа, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийж, хамтарч 1,500 хүний нөөц бэлтгэх хөтөлбөрөө энэ оны 3 дугаар сараас эхлүүлэхээр болж, Монголд цахим ур чадварын төв байгуулж, бүс нутагт туршлага хуваалцах чиглэлээр хамтарч ажиллахаа мэдэгдэв.

Технологи хөгжүүлэгч аж ахуйн нэгж, инженерүүдийн орлогын эх үүсвэрийг нээх зорилготой Android in-app purchase-ийг энэ оны 2 дугаар хагаст нэвтрүүлэх хуваарьт ажилтай танилцав.

ЦАХИУРЫН ХӨНДИЙН ИНЖЕНЕРҮҮД ЦАХИМ САЙДАД ЗӨВЛӨНӨ

Цахиурын хөндий дэх Монголчуудтай уулзалт хийж, Цахим хөгжил, харилцаа холбооны Сайдын дэргэд цахим эдийн засгийн бодлогын зөвлөл байгуулахаар тогтлоо. Дэлхийн тэргүүлэгч технологийн компаниудын Цахиурын хөндий дэх төвд өдгөө 350 орчим Монголчууд ажиллаж байгаа бөгөөд энэхүү зөвлөлийг байгуулснаар Монгол Улсын мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн олон улсад өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх бодлогын орчныг тодорхойлж, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжийг нээж, улмаар эдгээр мэргэжилтнүүдээ  Монгол Улсдаа татах суваг болох ач холбогдолтой.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЧИГЛЭЛЭЭРХ ХАМТЫН АЖИЛЛАГАА 

Хиймэл оюун ухаан хөгжүүлэлт, ашиглалт, бодлогын орчныг тодорхойлоход сайн туршлага судлах зорилгоор Стэнфордын их сургуулийн Хүн төвтэй хиймэл оюун ухаан судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, E&Y Emerging Technologies Lab-тай уулзалт хийж, санал солилцов. Ernst & Young, MIT, Boston Global Forum, Дэлхийн банк хамтарсан Prosperity Alliance-д хүсэлт тавьж, хиймэл оюун ухаан судалгааны E&Y Emerging Technologies Lab-аар хиймэл оюун ухааны чиглэлээр манай улсын бодлогын орчинд зөвлөмж гаргуулав. Харин Стэнфордын их сургуулийн Хүн төвтэй хиймэл оюун ухаан судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд Монгол эрдэмтэд эрдэм шинжилгээний ажил хийх боломжтойг мэдэгдэж, Азийн сантай хамтарч бодлогын орчны зөвлөлдөх уулзалт, хүний нөөц чадавхжуулах хөтөлбөрийг зохион байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцов.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж