Инстаграм дахь үс арчилгааны аргууд үнэн байдаг уу?

FASHION

Инстаграм дахь үс арчилгааны аргууд үнэн байдаг уу?

Инстаграм дахь үс арчилгааны аргууд үнэн байдаг уу?

Инстаграм дахь элдэв зөвлөгөөнд бид дөжирсөн гэхэд болно. Ид шидийн үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг магтан дуулах нөлөөлөгчид тэнд бишгүй олон бий. Тэд таны үсийг атаархал төрүүлэм хөвсгөр зөөлөн болгоно гэж амладаг. Гэтэл тэдгээр өөдрөг төсөөллийн ард ямар үнэн байдаг бол?

Мэргэжлийн эмч нар бодит үнэнийг уран зохиолоос ялгаж салгаж өгснийг бид энэхүү нийтлэлээрээ хүргэж байна. Үүний тулд инстаграм дээрх хамгийн алдартай зөвлөгөөнүүдийг түүж, олон улсын нэр хүндтэй гэрчилгээ эзэмшдэг арьс гоо заслын эмч Мишель Грийнтэй холбогдож, тайлбар авчээ.

Зөвлөгөө 1: Хуйхны эрүүл мэнд бол бүх зүйл

Хуйх гэдэг бол таны үс ургах үндэс, хөрс. Ургамлын нэгэн адил үсний уутанцар нь цэвэр, тэжээллэг орчинд ургадаг. Тиймээс тогтмол цэвэрлэж, гуужуулж, тослогийн хуримтлалыг багасгах нь үсний ерөнхий эрүүл мэндийг хадгалахад чухал нөлөөтэй.

Хуйханд дунджаар 100 мянга орчим үсний уутанцар байдаг бөгөөд тус бүр нь нэг ширхэг үс үүсгэнэ. Үсний уутанцар үхэжсэн эсүүдээр бөглөрөх, хуурайших, цусны эргэлт муудах зэрэг нь үс хэврэгших, хугарах шалтгаан болдог. Тиймээс хуйх арчилгаа нь үсийг эрүүл ургуулахад зайлшгүй шаардагдах хүчин зүйл мөн.

Зөвлөгөө 2:  Долоо хоног тутмын тосон эмчилгээ

Үсний тосон эмчилгээ нь олон зууны турш гоо сайхны дэглэмийн салшгүй нэг хэсэг байсаар иржээ. Гэхдээ энэ нь үсний ургалтад үнэхээр нөлөөтэй юу? Мишель Грийн эмч энэ талаар хэлэхдээ “Тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Бидний үс цаанаасаа тос ялгаруулдаг. Гэсэн хэдий ч үс хуурайшсаар л байдаг тул чийгшүүлэх шаардлага хэзээд гарна. Үсээ угаахын өмнө эсвэл дараа тос түрхэх нь үсний уутанцрыг дэмжихэд тустай” гэжээ.

Гэхдээ аливаа зүйлийн тунг хэтрүүлэх хэрэггүйг хэлэх юун. Үсний тосыг хэтрүүлэн хэрэглэх нь хагтах, тослогтох шалтгаан болдог. Энэ нь цаашлаад үсний ургалтыг удаан хугацаагаар саатуулна.

Зөвлөгөө 3: Долоо хоногт 1-2 удаа угаах

Үсээ цөөхөн угаах нь үсний ургалтад нөлөөлөх үү? Тодорхой хэмжээнд нөлөөлнө. Долоо хоног бүрийн үс угаах давтамж нь үсний төрөл, урт зэрэг олон хүчин зүйлтэй холбоо хамааралтай.

Хэрвээ та буржгар эсвэл бүдүүн ширхэгтэй үстэй бол аль болох цөөн угаах хэрэгтэй. Ийм үс нь шулуун үсийг бодвол илүү хуурай байдаг аж.

Зөвлөгөө 4: Ус уух нь үсний ургалтыг нэмэгдүүлдэг

Ийм байх боломжтой. Үсний чийгшил болон ургалтыг шинжлэх ухааны талаас нь холбосон зүйл байхгүй ч Мишель Грийн эмч үүнийг дэмжиж байна. Зөв аргаар чийгшүүлэх нь хуйхны хуурайшилт, загатналтыг бууруулдаг. Хуйх бол арьс. Хангалттай ус ууснаар нүүр, биеийн арьс чийглэг болдог шиг хуйхны эрүүл мэндэд ч нөлөөлнө. Ус ууснаар хуйхны цусны эргэлт сайжирдаг.

Зөвлөгөө 5: Хоёр долоо хоногт нэг удаа хуйхаа гуужуулах шаардлагатай

Бүтэн биеэ гуужуулдаг шигээ хуйхыг ч бас гуужуулах шаардлагатай. Хоёр долоо хоног тутамд хуйхаа тогтмол гуужуулах нь хуйхыг эрүүлжүүлж, үсний ургалтыг дэмжинэ. Хуйхыг гуужуулснаар тослогийн бохирдол, гадны бохирдол, үхэжсэн эд эсийг зайлуулж, үсний уутанцрыг цэвэрлэдэг. Мөн цусны эргэлтийг сайжруулдаг аж.

Зөвлөгөө 6: Торгон дэрний уут үсэнд хамгийн тохиромжтой

Зарим хүн унтахдаа үсээ сүлждэг бол зарим нь үсэндээ хамгаалалтын малгай сэлт өмсдөг. Сүүлийн үед торгон дэрний уут хэрэглэхийг цахим нөлөөлөгчид санал болгож эхлэв. Энэ арга нь үндэслэлтэй гэдгийг мэргэжлийн эмч баталж байна. Торгон дэрний уут нь үсний ургалтыг дэмжиж, хугарахаас сэргийлдэг. Энэ нь чийгийг шингээдэггүй тул үсний байгалийн чийгийг хадгалж, хугарлыг багасгана. Мөн гөлгөр бүтэцтэй учир үстэй бага үрэлцэнэ.

Хөвөн даавуутай харьцуулахад торгон дэрний уут нь өндөр үнэтэй сонголт. Тиймээс хэтэвчээ хоослохгүйгээр үсэндээ санаа тавих өөр сонголтууд ч бий гэдгийг санаарай. Сатин, хулс гэх мэт нь торготой ижил үйлчилгээтэй байдаг.

Зөвлөгөө 7: Өдөр бүр өтгөрүүлэх серум хэрэглэх

Энэ бол уран зохиол. Өтгөрүүлэх серумыг инстаграмаар маш их сурталчилдаг. Олон ч хүн ихийг бодож тунгаалгүйгээр шууд худалдан авдаг. Хэрвээ та өтгөрүүлэгч серум худалдаж авахаар нэгэнт шийдсэн бол адаглаад зөв найрлагатайг нь аваарай. Өтгөрүүлэгч серум үр дүнгээ өгөх эсэх нь түүний найрлагаас бүрэн хамаарна. Миноксидил, биотин, витамин С, витамин В зэрэг найрлага нь үсийг эрүүлжүүлэхэд тусалдаг болохыг эмнэлзүйн судалгаагаар баталжээ. Гэхдээ эдгээр найрлага нь дотроо зарим нэг нарийн ширийн ялгаатай. Тухайлбал, миноксидилыг эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн хэрэглэж болох бол финастерид агуулсан ийлдэсийг зөвхөн эрчүүд хэрэглэвэл тохиромжтой.

Зөвлөгөө 8: Хоёр дахин шампуньдвал үсийг илүү сайн цэвэрлэнэ

Үнэний хувьтай зөвлөгөө. Эхний угаалга нь хуримтлагдсан бохирдлыг арилгах бол хоёр дахь угаалтаар үсний ширхэг, уутанцрыг нарийн цэвэрлэнэ. Гэхдээ цэвэрлэгээ хэтэрвэл таны үсний байгалийн тослог үгүй болж, удаандаа гэмтэх аюултай.

Эцэст нь дүгнэхэд, үс арчилгаанд хэт туйлширсан байдлаар хандах хэрэггүй. Таны үсний эрүүл мэнд удамшил, амьдралын хэв маяг, биеийн эрүүл мэнд зэрэг хүчин зүйлсээс бүрэн хамаарна. Мөн тэвчээр, байнгын арчилгаа, тухайн үсний өвөрмөц хэрэгцээ зэргийг ч орхигдуулж болохгүй. Үс арчилгаандаа томоохон өөрчлөлт хийхээсээ өмнө мэргэжлийн хүний зөвлөгөөг заавал аваарай.

Эх сурвалж: SHAPE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-14 213.87.138.39

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж