Төрийн тэргүүн хийгээд парламентын дарга, Ерөнхий сайд уламжлал ёсоор Цагаан сараар улирч буй жилийг дүгнэн ирж буй цагт баримтлах бодлогоо мэндчилгээндээ онцолдог. Энэ ч ёсоор Ерөнхийлөгч, УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүлсэн бол Ерөнхий сайд албан ёсоор мэндчилгээ гаргаагүй бөгөөд өнгөрсөн гурван жилийн тайлан нэвтрүүлгийг засгийн албан ёсны хуудаст байршуулжээ.
Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгчийн мэндчилгээнд Монголын хүн амыг онцолж "Улиран одож байгаа “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 67 мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 500 мянгуулаа боллоо" гэдгийг дурдаад "Малчин түмний маань хичээл зүтгэл, хангай дэлхийн ивээл хишгээр буянт мал сүргийн тоо толгой 65 саяар тоологдлоо. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, үндэстний үйлдвэрлэл сэргэж, эдийн засгийн бодит өсөлт 7 хувьд хүрлээ…. Гадаад валютын албан нөөц 4.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, Монгол Улсын төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарсан сайхан мэдээтэй луу жилээ угтаж байна" гэхчилэн эдийн засгийн үзүүлэлтүүдийг дурдав.
Төрийн тэргүүний мэндчилгээний эрэмбэ, дарааллыг харвал хүн нэгт, мал сүрэг, валют нөөц гэсэн дарааллаар эдийн засгийн үзүүлэлтүүдийг онцолжээ. Дээр нь улиран одож буй Туулай жилд гадаад харилцаанд ахиц гарсныг онцлон тэмдэглэсэн бол "Сар шинийн босгон дээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал, монголчууд бидний түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, цог хийморийн эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Монгол Улсын Төрийн тэргүүн гаргалаа" гэдгээ онцлов. Харин ирж буй Луу жилийн тухай онцолж хэлээгүй бөгөөд Их хааны сүр хүч ивээх болтугай хэмээн ерөөв.
УИХ-ын даргын мэндчилгээ уран үгс, утга, уянгаараа ялгардаг. Түүний хэлснээр улсын эдийн засгийн үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээнд хүрснийг онцолсон нь жирийн иргэд таалагдсангүй. Өдрөөс өдөрт үнийн өсөлт, төгрөгийн уналтад дарамтлуулж буй иргэдэд тэрхүү тэнгэрийн үзүүлэлт газарт наалдахгүй сонсогдох нь мэдээж… Г.Занданшатар даргын үгэнд "Шинэ" гэх үг гурвантай давтагдсан бөгөөд "Шинэ тогтолцоо, Шинэ сэргэлт, Шинээр цэгцрэх хөдөлгөөний гараан дээр байна" гэдгийг онцолсон юм. Ингэхдээ "Энэ бол Монгол Улсын Их Хурлаас “ард түмэн засаглах” эрхийг хангахын төлөөх шинэчлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, засаглалын тогтолцоонд хийсэн эрхзүйн шинэчлэл, авлига луйвар, худал хуурмагийн эсрэг ард нийтээрээ хамтран тэмцсэний бодит үр дүн юм" гэв. Спийкерийн үг бодит амьдрал буусангүй. Авлига гаарсныг гадны судалгаа, дотоодын хэрэг явдал харуулсаар байхад шинэ шатанд гарсан гэж улайм цайм хэлэхэд нь олон нийтэд олигтой санагдсангүй. "“Нүүрсний сонсгол”, нээлттэй хэлэлцүүлгүүдээр “ард түмний мэдэх эрх” хангагдаж, томоохон хулгай луйврууд илчлэгдэхийн хэрээр Монголчууд нийтээрээ хэрсүүжиж, зөв өөрчлөлт, шинэ маргаашийн төлөө дуу хоолойгоо улам хүчтэй нэгтгэж, парламентын ардчиллаа төлөвшүүлж байна" гэхчилэн улигласан бөгөөд "Ингэж нэгэн зүгт нэгдэж чадсаны үр дүнд Монгол Улсыг хэрэн сүлжсэн авлигын систем нуран унаж, тэр хэмжээгээр улсын эдийн засаг сэргэж байна. Түүнчлэн хүн бүрийн хөдөлмөрийг дэмжих иргэндээ ээлтэй татварын цогц реформыг хийх шаардлагатай байна. Ингэснээр чинээлэг дундаж давхарга бий болно. Бизнес, хөрөнгө оруулалтын таатай шинэ орчин бүрдэнэ" гэх мэтээр цаасан малгай өөрсдөдөө өмсүүлсэн нь цагаа олсонгүй. Хэлснийх нь яг эсрэг зүйл болж буй төдийгүй дурдсан хэргүүд хэрхэн замхарч, завхарч буйг иргэд хэн нэгнээр хэлүүлэлтгүй мэдэж байхад хэргээр ийм мэндчилгээ дэвшүүлсэн нь үнэн гутлаа өмсөж суухад худал уул даваад гүйж байдаг гэх үгийг эрхгүй эргэн сануулав.
Ерөнхий сайд өөрийн дуу хоолой, үнэн нүүр царайгаа харуулахыг урьтал болгосонгүй. УИХ-ын даргатай адилхан агуулгатай нэвтрүүлгийг мэндчилгээний оронд илгээв. Тэрхүү нэвтрүүлэгт Ерөнхий сайд болсон гурван жилийн тайлангаа тавьсан бөгөөд өөрийг нь өөр нэр хүнд бүхий хүмүүс магтсан, түүнгүйгээр дэлхий биш гэхэд Монгол дутах байсаг мэтээр хэт дөвийлгөсөн магтуу байлаа. Сонгууль дөхсөн энэ мөчид Сар шинийн мэндчилгээгээ ийнхүү өнжсөн нь намын нэр хүндийг бодсондоо гэхээс илүү дотоод зөрчил нь амаргүй байгаа учраас хэлсэн үгэндээ ороогдож, хэл амнаас холуур байх гэсэн санаа бололтой. Л.Оюун-Эрдэнийн хээр талд, ил галын дэргэд, аргалын утаанд дуулан суугаа хэдэн жилийн өмнөх бичлэг сошиал орчин хэн хүний дургүйг хүргэсэн бөгөөд түүнийг "дайсан" нь тараасан уу, даргадаа долигносон долоогчид нь тавьсан одоогоор тодорхой бус байна.
Ерөнхийлөгчийн онцолсон зарим тоон үзүүлэлтийг эс тооцвол тэдний Цагаан сарын мэндчилгээ цаасан малгай өмсүүлэхээс цаашгүй байлаа.
Нэргүй 2024-02-13 66.181.161.56
elbegiig
Нэргүй 2024-02-13 213.87.158.210
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-13 203.98.76.4
10-хан хувь өсөх, 1000% өсөх ч АСАР ТОМ ЯЛГААТАЙ ДАААА
Нэргүй 2024-02-13 66.181.160.64
МАНингийн энэ новшын хулгайчуудын гайнд монгол орон даяараа монгол төгрөг ху жаа нойлын цааснаас үнэгүй болсон байдал үргэлжилсэн жил л болох байхдаа.