Тойм: Тивүүдийн аварга тодорч, "donk" "CS2"-д дүрмээ тогтоов

Тойм: Тивүүдийн аварга тодорч, "donk" "CS2"-д дүрмээ тогтоов

Тойм: Тивүүдийн аварга тодорч, "donk" "CS2"-д дүрмээ тогтоов

Өнгөрөгч цагаан сарын амралтын өдрүүдээр дэлхийн спортын ертөнцөд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.


КАТАР НУТАГТАА АВАРГАА ХАМГААЛЛАА

Энэ жил тивүүдийн хөлбөмбөгийн аварга тохиож буй. Салхийг хагалж, Азийн аварга Катар улсад болж, финалд эзэн орон болон Йорданы шигшээ багууд тунажээ. Ердөө жилийн өмнө дэлхийн аваргын финал болж байсан Лусайл цэнгэлдэхэд 86 мянга гаруй фанатууд чуулж, катарчууд өрсөлдөгчөө 3-1 гэсэн харьцаатай хожиж, аваргаа хамгааллаа. Тус улсын супер од Акрам Афиф торгуулийн цохилтоос гурван гоол оруулж, ард түмэндээ баяр баяслыг авчирчээ.

Финалд ялагдал хүлээсэн Йорданы шигшээ баг эхлээд гоол алдсан ч тооны харьцааг тэнцүүлсэн. Гэвч хоёрдугаар үеийн төгсгөлд хоёр ч удаа торгуулийн цохилт алдав. Тэдний хувьд анх удаагаа тивийн аваргын финалд шалгарч, түүхэн амжилт үзүүлсэн.

Тоглолтын дараа Афиф "Торгуулийн цохилтоос гоол оруулна гэдэг бол багийнхан минь надад хэр итгэж байгааг харуулах үйлдэл. Техник, цохих өнцгөө тооцоолох асуудал ерөөсөө биш. Надад итгэж буй багийнхны минь мэдрэмж" гэжээ.

Харин Йорданы дасгалжуулагч Хуссейн Аммута "Бид эхний хагаст төвлөрч чадсангүй. Олон алдаа гаргалаа. Амархан гоол оруулах боломж байсан ч ашиглаж чадсангүй. Хоёрдугаар үед алдсан хоёр торгуулийн цохилт арай л хатуу байлаа. Гэхдээ тамирчдадаа баяр хүргэмээр байна. Тэд ирээдүйд итгэх итгэл, олон боломжийг нээлээ. Магадгүй бид ирэх тэмцээнүүдэд түрүүлэх байх" гэв.

ДҮНГЭН ДАНГАН ЯВСААР АФРИК ТИВИЙН МАНЛАЙ БАГ БОЛОВ

Азийн аваргын хамтаар Африкийн аварга Кот-д’Ивуар улсад эхэлсэн. Хэсгийн шатанд хоёр ч хожигдож, дасгалжуулагчаа халж, эцсийн боломжоор хасагдах шатанд арай хийн шалгарсан талбайн эзэн Кот-д’Ивуар тивийн аваргадаа гурав дахь удаагаа түрүүлэв. Заанууд финалд хүчирхэг Нигеритэй хүчийг үзэж, эхэлж гоол алдсан ч Кесси, Алле нарын гоолын ачаар хожжээ. 13 сарын өмнө хорт хавдраа ялан дийлж, ногоон талбайдаа эргэн ирсэн Алле ард түмнийхээ итгэл, хайрыг хожлын гоолоор хариулж, ардын баатрын хэмжээнд үнэлэгдэж эхлэв.

Кот-д’Ивуар Африкийн аваргыг эх орондоо зохион байгуулахад нэг тэрбум ам.долларыг зарцуулсан бөгөөд энэ хэмжээний мөнгийг улсынхаа дэд бүтцийг сайжруулахад мөн төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл, улсынхаа дэд бүтцийг сайжруулах хэмжээний мөнгийг нэг сар үргэлжлэх хөлбөмбөгийн тэмцээнд зарцуулсан аж.

Заанууд өмнө нь 1992 болон 2015 онуудад тивийнхээ аваргад түрүүлж байжээ.

ЧИФС ТҮРҮҮЛЖ, СВИФТ БАЯРЛАВ

NFL буюу Хойд Америкийн хөлбөмбөгийн лигийн аваргын төлөөх 58 дахь удаагийн супер боулын тоглолт өчигдөр /2024.02.13/ Лас Вегасын Аллегиант цэнгэлдэхэд боллоо. Энэ жилийн аваргын төлөө Канзас Сити Чифс болон Сан Франциско 49ers багууд учраа тааран тоглож, нэмэлт цагт Патрик Махоумсээр удирдуулсан Чифс баг илүү гарч, хүчирхэг өрсөлдөгчөө 25-22 гэсэн харьцаатай хожлоо.

Энэ жилийн супер боулын их завсарлагаанаар дуучин "Usher" өөрийн үзүүлбэрээ толилуулж, үзэгчдийг баясгав.

Ийнхүү Чифс баг "NFL"-ийн түүхэнд дөрвөн супер боул хүртсэн долоо дахь баг болов. Мөн Махоумс замналынхаа гурав дахь цомыг авч, домгуудын эгнээнд албан ёсоор орж ирлээ.

Канзас Сити Чифс багт алдарт дуучин Тэйлор Свифтийн найз залуу Трэвис Келси тоглодог билээ. Шинэхэн хосууд ч аваргын баяраа хамтдаа халуухан тэмдэглэж буй зураг, бичлэг цахим орчинд олноор цацагдсан.

МАРАФОНЫ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ЭЗЭМШИГЧ АМИА АЛДЖЭЭ

Марафон гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшигч Келвин Киптум өнгөрсөн Ням гаригт Кени улсад автомашины ослын улмаас таалал төгсчээ. 24 настай байсан тэрээр өөрийн дасгалжуулагч Руанда улсын мэргэжилтэн Гервайз Хакизиманагийн хамтаар Кенийн баруун хэсгийн автозам дээр зорчиж байсан гэнэ.

Киптум өнгөрсөн оны аравдугаар сард болсон Чикагогийн марафоны зайг хоёр цаг 35 секундын дотор туулан дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон билээ. Тэрээр өмнөх амжилтын эзэн Элиуд Кипчогегийн рекордыг 34 секундээр ахиулсан юм.

Дэлхийн атлетикийн холбооноос түүнийг 2023 оны шилдэг тамирчдын нэгээр шалгаруулсан бөгөөд ирэх Парисын олимпийн алтан медалийн гол өрсөлдөгчдийн нэг гэж тодорхойлсон байв.

Түүний үхэлд хөнгөн атлетикийн олон тамирчид эмгэнэл илэрхийлжээ. Тэдний нэг болох 2000 оны Сиднейн олимпийн аварга, эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшигч асан Японы Наоко Такахаши өөрийн твиттер "Х" хуудаснаа "Энэ мэдээнд итгэж чадахгүй нь ээ. Тэр гайхалтай нөөц бололцоотой залуу тамирчин байсан. Түүнийг амжилтаа улам ахиулаасай гэж хүсч байсан юмсан" гэжээ.

"SPIRIT"-ИЙН ЭРИН ҮЕИЙН ЭХЛЭЛ

Нээлтээ хийгээд удаагүй байгаа "CS2"-ийн энэ оны эхний том тэмцээн болох "IEM Katowice" өндөрлөж, аваргаар Оросын "Team Spirit" тодорлоо. Тэмцээний эхнээс л гайхалтай тоглолтыг үзүүлж, олны анхаарлыг татаж чадсан тэд финалд алдарт "FaZe"-ийг 3-0 гэсэн харьцаатай хожжээ. Өдгөө 17 настай Данил Крышковец буюу "donk" ч өөрийгөө гоц авьяастан гэдгийг харуулж, дэлхийн шилдгүүдийн эсрэг 1.93 рейтингтэй буудаж, тэмцээний шилдгээр шалгарав.

Бүрэлдэхүүнээ шинэчилсэн "Team Spirit" тэмцээний турш "Apeks", "The MongolZ", "NaVi", "Complexity", "FaZe", "Falcons" зэрэг дэлхийн шилдэг багуудыг буулган авчээ. Ингэхдээ зөвхөн "NaVi"-д л нэг мап хожигдсон аж. Бусдаараа бүхий л өрсөлдөгчөө илүүрхэж, ганц ч мап алдсангүй. Монголын "The MongolZ" баг тэднээс нэг мап салгах дөхсөн ч нэмэлт цагт хожигдсон билээ.

Тэмцээний дараа "donk" өгсөн ярилцлагадаа "Надад эргэлзэж байсан хүмүүст би анхаарлаа хандуулахгүй байхыг хичээсэн. Гэхдээ тэдний буруу гэдгийг харуулахыг би хичээсэн" гэжээ.

"IEM Katowice" тэмцээний дараах "HLTV"-ийн шинэчилсэн чансаагаар "FaZe" нэгдүгээр байранд эргэн заларсан бол "Vitality" хоёрдугаар байр руу унаж, "Spirit" найман байр ахиж, гуравдугаарт бичигдэж эхэллээ. Харин Монголын "The MongolZ" хоёр байр ухарч, 23 дугаарт бичигдэж байна.

"sh1ro"-г нэгтгэсэнээсээ хойш "Spirit" анхны тэмцээндээ оролцож, илт давуу түрүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-02-13 202.9.40.79

donk aimar bsn

Avatar

Нэргүй 2024-02-13 213.87.158.210

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж