Байдены залуу сонгогчдыг урхидах "өршөөл"

Байдены залуу сонгогчдыг урхидах "өршөөл"

Байдены залуу сонгогчдыг урхидах "өршөөл"

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн амлалтаа биелүүлж, өнгөрсөн оны наймдугаар сард америк оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийн өрийг тэглэх шийдвэр гаргасан. Тодруулбал, сургалтын төлбөрийн зээлийн өртэй хүмүүсийн сарын орлого нь 125 мянган ам.доллар буюу түүнээс доош бол нийт дүнгээс 10 мянган ам.долларыг тэглэх шийдвэр гаргажээ.

“Бүхэл бүтэн нэг үе боломжийг тогтворгүй зээлээр сольж авч байгаа нь харамсалтай байна. Тэд сургуулиа төгссөн ч өрийн дарамт нь маш хүнд учраас дундаж давхаргад ч орох боломжгүй байна. Хүмүүс их өрийн дарамтаас гарсны эцэст л амьдралаа шинээр эхэлж, орон байр худалдан авч, бизнес эхлэх, гэр бүл зохиох мөнгө хурааж эхлэх боломжтой. Оюутнуудыг амьдралд хөл тавихад нь тусалснаар эдийн засагт сайнаар нөлөөлнө” гэж тухайн үед Жо Байден мэдэгдсэн.

Тэгвэл Байдены засаг захиргаа өнгөрсөн сарын 19-ний өдөр 73600 зээлдэгчийн оюутны зээлийн өрийг хөнгөвчлөхөд 4.9 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт олгох шийдвэр гаргав.

Шинээр хөнгөлөлт үзүүлсэн 73600 зээлдэгчийн 44 мянга нь төрийн албанд 10 гаруй жил ажилласан бол 30 орчим мянга нь 20-иос дээш жил зээлээ төлсөн хүмүүс байжээ. Энэ шийдвэрийг гаргаснаар Байдены засаг захиргаанаас баталсан нийт зээлийн өршөөлийн хэмжээ 136.6 тэрбум ам.доллар болсон. Үүнд 3.7 сая гаруй америк иргэн хамрагдах юм.

Энэ талаар АНУ-ын Боловсролын нарийн бичгийн дарга Мигель Кардона хэлэхдээ "Байден-Харрисын засаг захиргаа манай улсын гажуудсан оюутны зээлийн тогтолцоог засч, урьд нь өршөөл гаргахад саад болж байсан шаардлагагүй бэрхшээл, захиргааны алдаа дутагдлыг арилгахын тулд цуцалтгүй ажилласан. Өнөөдөр зарласан 4.9 тэрбумын нэмэлт санхүүжилт нь Төрийн албаны зээлийн өршөөлд хамрагдсан багш, нийгмийн ажилтан болон бусад төрийн албан хаагч, орлогоос шалтгаалсан өршөөлийн шалгуурыг хангасан зээлдэгч нарт хамаарна" гэжээ.

АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн оны зургадугаар сард олон зуун тэрбум ам.долларыг оюутны зээл тэглэхэд зарцуулах төлөвлөгөөнд хориг тавьсан.

400 тэрбум ам.долларын зээл цуцлах төлөвлөгөө нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлээс хэтэрсэн гэж Дээд шүүх үзсэн юм. Гэвч ерөнхийлөгч Жо Байден хоригийг үл хамааран оюутны зээлийн хөнгөлөлт үзүүлнэ гэдгээ амлажээ. Дээд шүүхийн хоригийн дараа түүний засаг захиргаа хууль ёсны эрх мэдлээ ашиглан өрийг тэглэх арга замыг хайж эхэлсэн. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн сарын 31-ний өдөр Байдены засаг захиргаа санхүүгийн хүндрэлтэй байгаа зээлдэгчдэд оюутны зээлийн өршөөлийг хүргэхийг хичээнэ гэдгээ зарласан байна.

Улмаар АНУ-ын Боловсролын яам энэ сарын 22, 23-ны өдрүүдэд дүрэм батлах нэмэлт хуралдаан зохион байгуулах болжээ.

Ерөнхийлөгч Жо Байден арваннэгдүгээр сард болох сонгуулиас өмнө энэ тусламжаа зорилтот хүмүүст нь хүргэхийг оролдож байна. Байдены В төлөвлөгөө гэх төлөвлөгөөний талаар сайн мэдэх эх сурвалжийн мэдээлснээр тэд өнгөрсөн жил Дээд шүүхээс тогтоосон хязгаарт багтаан аль болох олон зээлдэгчийн өрийг тэглэх арга замыг олохоор ажиллаж байна.

Байден 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Цагаан ордонд орж чадвал оюутны зээлийг их хэмжээгээр тэглэнэ гэдгээ амлаж байв. Энэхүү амлалт нь коллежийн оюутнуудын сонгуулийн ирцийг урьд өмнө байгаагүйгээр нэмэгдүүлсэн гэж шинжээчид үздэг. Аризона, Мичиган, Пенсильвани зэрэг хэд хэдэн гол мужид амжилтад хүрье гэвэл залуу сонгогчдод нөлөөлөх нь асар чухал аж. Түүний амласан өршөөлд хамрагдаж чадаагүй байгаа зээлдэгчдийн дундуур сэтгэлийг дүүргэхээр Байден өдгөө хичээж байна.

Харин Дональд Трамп эсрэгээрээ өр тэглэхийг эсэргүүцдэг аж. Трамп өнгөрсөн зун сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "Хүмүүсийг өрнөөс чөлөөлөх гэсэн Байдены оролдлого нь шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлээр өрөө төлсөн олон сая хүнд шударга бус явдал болно" гэж хэлж байв.

Трамп албан тушаалд байх хугацаандаа засгийн газар болон зарим ашгийн бус ажилчдын өрийг барагдуулдаг Төрийн албаны зээлийг өршөөх хөтөлбөрийг устгахыг эрмэлзэж байжээ.

Эх сурвалж: US DEPARTMENT OF EDUCATION, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-13 213.87.158.210

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-13 202.179.25.243

zunug oron garan boson hun

Avatar

Нэргүй 2024-02-13 66.181.185.44

популист байден

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж