"Fox News" сувгийн хөтлөгч асан Такер Карлсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн ярилцлагаа "Х" платформд нийтэлжээ. Украин дахь бүрэн хэмжээний түрэмгийллээс хойш Путин анх удаа барууны сэтгүүлчтэй ярилцсан гэдгээрээ энэ нь олны анхаарлыг татсан юм.
Ярилцагын өмнө Карлсон хэлэлцэх сэдвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч яагаад Путинтэй ярилцахаар шийдсэнээ тайлбарласан. "Юуны өмнө энэ бол бидний ажил. Сэтгүүл зүйн салбарт ажилладаг бидний үүрэг бол хүмүүст мэдээлэх явдал" гэж тэр хэлжээ.
Ярилцлага хоёр цаг үргэлжилжээ. "Путин маш удаан, магадгүй хагас цаг Оросын VIII зуун хүртэлх түүхийн талаар ярьсан. Үнэнийг хэлэхэд, бид үүнийг санаатайгаар цаг үрж буй үйлдэл гэж ойлгосон. Төвөгтэй санагдаад яриаг нь хэд хэдэн удаа тасалсан. Яриаг нь таслаад байгаад бухимдсан тухайгаа тэр хэлсэн. Гэхдээ бид эцэст нь үүнийг цаг үрэх гэсэн арга байгаагүйг ойлгосон. Ярилцлага дуусгах тодорхой хугацаа заагаагүй учир хоёр цаг гаруй үргэлжилсэн. Та санал нийлэх эсэх нь хамаагүй, энэ ярилцлага бидэнд чин сэтгэлийн санагдсан.
ОХУ нь баруун Украины зарим хэсэгт түүхэн эрх мэдэлтэй гэж Путин итгэдэг" гэж Карлсон хэлжээ.
Дашрамд дурдахад, тэдний ярилцлагын талаар "Tonight Show"-ны хөтлөгч Жимми Фаллон хэлэхдээ "Ярилцлага дажгүй болсон бололтой. Яагаад гэвэл Такер амьд мэнд байж л байна" гэв. "Путин сайн хөтлөгч байжээ. Тэр бараг л "Чи хороо цоргоноос уух уу, шилнээс уух?" гээд асуусан байх" гэж Фаллон хошигножээ.
Путин орчуулагчаар дамжуулан Орос, Украины түүхийн талаар 30 орчим минут үргэлжилсэн лекц тавьсан аж. Тэрбээр МЭ 862 онд хунтайж Рюрик Новгородын хаан ширээнд сонгогдсоноос эхлээд Оросын үе үеийн эзэнт гүрнүүд Польш, Унгар, Румын, Крымээс газар нутгаа шилжүүлэн Украины орчин үеийн хил хязгаарыг хэрхэн бүрдүүлж байсныг тайлбарлажээ. "Тиймээс Украин бол Сталины хүслээр бий болсон хиймэл улс гэдгийг батлах бүрэн үндэслэл бидэнд бий" гэж Путин дүгнэжээ.
АНУ-аас Украинд зэвсэг нийлүүлэхээ больчихвол дайн долоо хоногийн дотор дуусна гэж Путин хэлж байсан удаатай.
Тэгээд яагаад Байден руу ярьж болохгүй байгааг түүнээс асуухад "Амархан шүү дээ. Хэрвээ дайтмааргүй байгаа бол зэвсэг нийлүүлэхээ зогсоо. Үүн шиг амархан юм хаа байна. Би яагаад Байден руу залгах хэрэгтэй гэж. Би түүнээс юу гэж гуйх юм. Чи ийм ийм зэвсэг Украинд нийлүүлэх гэж байна уу. Өө, би айж байна, битгий тэгээрэй гэх юм уу" гэж Путин хэлжээ.
Мөн Украин дахь дайнаа бусад улс орнуудад өргөжүүлэх сонирхолгүй байгаагаа Путин мэдэгдсэн байна.
Эх сурвалж: REUTERS, INDEPENDENT, BLAST
Холбоотой мэдээ