Улаанбаатар хотод жил бүр шинээр бүртгэгдэж байгаа тээврийн хэрэгслийн тоо 50 мянгаар нэмэгдэх болсон нь цаашдаа тэг зогсолтод хүргэнэ гэх үндэслэлээр хязгаар тавих болоод буй.
Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/-аас өчигдөр /2024.02.08/ Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн баталснаар улсын дугаарын үнийг хаданд гаргаж, авлигачид хөлжих боломж олголоо гэх шүүмжлэл дагуулаад байна.
Учир нь, Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өнөөдрийн байдлаар 700 мянгад хүрсэн бол энэ онд улсын дугаар олгох квотыг 730 мянгаар хязгаарласан нь 30 мянган дугаар шинээр олгох орон зай үлдсэн гэсэн үг юм.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот 2013 онд 325 мянган тээврийн хэргсэлтэй байсан бол өнөөдөр 700 мянга болсон. Замынхаа уртыг нийслэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд 25 хувиар нэмэгдүүлсэн бол автомашины тоо 2.5 дахин нэмэгдсэн.
Тийм учраас зовлонгийн шалтгааныг олж, ангижрах ёстой.
Импортын автомашины замбараагүй хэрэглээ түгжрэлийн гол шалтгаан болж байна. Улаанбаатарчууд амьдралынхаа нэг сарыг түгжрэлд зарцуулдаг. Жилд 50 мянгаас дээш тооны автомашин импортоор орж ирдэг. Энэ янзаар явах юм бол Улаанбаатар хотод 2025 онд ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй болж, өдрийн турш тэг зогсолт болно” гэж мэдэгдсэн.
Харин “Эко автомашин импортлогчдын холбоо” төрийн бус байгууллагын төлөөлөгчид “Хэрвээ НИТХ-наар дээрх зохицуулалтыг баталбал ард иргэд машин авах эрхгүй болно.
Журам батлагдсан өдрөөс улсын дугаарын үнэ 10 сая төгрөгт хүрнэ. Машиныхаа үнэтэй адил улсын дугаар худалдан авах болоод байна” гэж мэдэгдсэн юм.
Эл тайлбарт Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Шуналтай автомашины ченжүүд НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч нартай нийлэн ашиг орлогоо л бодож байна. Тэдэнд улс орны эрх ашгаас илүү өөрсдийнх нь ашиг орлого л чухал” гэж няцаасан.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2022 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Үүний 56 хувь буюу 710 гаруй мянга нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Импортоор жил бүр хамгийн багадаа 50 мянга гаруй тээврийн хэрэгсэл орж ирж буй аж.
2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэн тооцоход 2025 он гэхэд Улаанбаатар хот 840 мянга, 2030 онд 1 сая 129 мянга, 2035 онд 1.5 сая, 2040 онд 2 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцоолол гарчээ. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1213 км. Нэг үгээр хэлбэл, жилээс жилд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг авто замын нэвтрүүлэх чадвар хангаж чадахгүй байгаа юм.
Иймээс зохицуулалт хийхгүй хэвээр үргэлжлүүлбэл 2040 он гэхэд Улаанбаатар хотын автозамын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэх дүр зураг буужээ.
Авто замын түгжрэл хамгийн их үүсдэг их тойруугийн бүсэд өдөрт 198-233 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог судалгаа гарсан байна. Энэ төвлөрлийн бүсийн авто замын урт нь 62 км. Энэ уртад тээврийн хэрэгслийн хурд, жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын урт, тээврийн хэрэгслийн урт зэргийг тооцоход автомашин 25 км/ц хурдтай явахад 85783 тээврийн хэрэгсэл л хөдөлгөөнд оролцох боломжтой юм байна. Харин 157 мянга тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцвол авто машин 9-24 км/ цагийн хурдтай л явах боломжтой аж. Иймээс дээрх зохицуулалт хийхээр журмыг батлуулсан нь эцсийн дүндээ улсын дугаарын үнийг өсгөж, авлигачид нь хөлжих боломжийг олгох вий гэдэг болгоомжлол төрүүлж эхлээд байна. Гэхдээ аливаа хуулийн үйлчлэлд хяналт тавих нь чухал.
Хяналт тавьж чадвал төрд алба хаших нэрээр аливаа зөвшөөрөл олголт дээр мөнгө хийж ирсэн төрийн авлигачдын үйлдлийг хязгаарлах боломж бий.
Иймээс тээврийн хэрэгслийн улсын дугаарын үнийг хаданд гаргахгүй байхад тал, талын хяналт чухал болж байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ