Хятад соёлын хамгийн гайхалтай үзүүлбэрүүдийн нэг бол галт луугийн бүжиг. Орчин цагт луугийн бүжиг нь Хаврын баярын салшгүй нэг хэсэг болсон. Харин түүхийг эргэн харвал МЭӨ 202-МЭ 220 он буюу Хан гүрний үеэс луугийн бүжиг эхтэй.
Хонгконгийн Баптист их сургуулийн профессор Квок Кам Чау болон түүний хамтран зүтгэгч Чун По Ин нар сүүлийн хэдэн жил галт луугийн бүжгийг судалжээ.
Судлаачдын хэлж буйгаар луугийн бүжиг анх гарахдаа баяр ёслол тэмдэглэх гэхээсээ илүү тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх агуулгатай байсан аж. Мөн эрт дээр үед хүмүүс бороо хур гуйхын тулд лууг шүтдэг байжээ. Энэ нь лууг голын бурхан, борооны бурхан гэж хүндэлдэг буддын болон даоистуудын итгэл үнэмшлээс үүдэлтэй.
Өнөөдөр Хятадын өнцөг булан бүрт луугийн бүжиг бүждэг ч өөр хоорондоо хэлбэрийн хувьд бага зэрэг ялгаатай байдаг аж.
Тухайлбал, Гуандун мужийн Фэншунь хошууны Пужай тосгонд Чин гүрний үеэс хойш жил бүр цагаан сарын шинийн 15-нд луугийн бүжиг бүждэг. Олон зуун жилийн түүхтэй уг уламжлалыг 2008 онд Хятадын үндэсний биет бус соёлын өвд бүртгэжээ.
Харин Сычуань мужийн Хуанлунши хотод сар шинийн эхний таван өдөр галт луугийн бүжигтэй үзүүлбэр болдог. Сар шинийг тохиолдуулсан олон өдрийн үзэсгэлэн худалдаа усан онгоцны зогсоол дээр болдог. Энэхүү үзэсгэлэн худалдаатай давхцуулан луугийн бүжиг бүждэг ажээ. Чин гүрний үеийн эртний архитектураар дүүрэн энэ хотод хүмүүс цагаан сарын үеэр очих дуртай.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ