Хойд солонгосчууд Хятадад боолын хөдөлмөр эрхэлж байна

Хуучирсан мэдээ: 2024.02.09-нд нийтлэгдсэн

Хойд солонгосчууд Хятадад боолын хөдөлмөр эрхэлж байна

Хойд солонгосчууд Хятадад боолын хөдөлмөр эрхэлж байна

Хятадад ажиллаж буй хойд солонгосчуудын цалинг өгөлгүйгээр Пёньян руу шууд илгээдэг байсан нь илэрснээр өнгөрсөн сард бослого үймээн дэгдсэн. Тэдний цалинг Пёньян зэвсэг үйлдвэрлэлд зарцуулсан гэх мэдээлэл гарч байв.

Хойд Солонгосын иргэд эсэргүүцлийн жагсаал хийж байсан тохиолдол бараг үгүй. Учир нь тус улсын төр засаг иргэдээ бүрэн хяналтдаа байлгаж, эсэргүүцэл үймээн дэгдээсэн тохиолдолд цаазын ял хүртэл оноодог. Үймээн самууны мэдээлэл хилийн чанадад ажиллаж буй хойд солонгос ажилчдад санаа зовоход хүргэв.

Олон жилийн цалин хөлсөөр нь дайнд бэлтгэх санг санхүүжүүлснийг сонсоод хойд солонгос ажилчдын уур бухимдал чинээндээ тулжээ. Тэд зэрлэг балмад авирлаж, үйлдвэрийн тоног төхөөрөмж сэлтийг эвдэж эхэлсэн байна. Зарим нь Хойд Солонгосын албаныхныг өрөөнд түгжиж хүртэл танхайрчээ. Гэхдээ Хятад дахь Хойд Солонгосын үйлдвэрүүдийн тухай мэдээлэл маш нууцлагдмал байдаг учир дээрх мэдээллийг баталгаажуулах боломжгүй аж.

Ойролцоогоор 100 мянга орчим хойд солонгос иргэн хилийн чанадад ажилладаг. Тэдний олонх нь Хойд Солонгосын засгийн газрын үйл ажиллагаа явуулдаг зүүн хойд Хятадын үйлдвэр, барилгын талбайд ажиллаж байна. Ажилтнуудын цалингийн ихэнх хувийг шууд Хойд Солонгосын төрд шилжүүлдэг.

Тэд 2017-2023 оны хооронд Пёньянд 740 сая ам.долларын цалингаа нийлүүлсэн гэж тооцоолжээ.

Ажилчид ихэвчлэн гурван жилийн хөдөлмөрийн гэрээтэй байдаг ч Covid-19-ийн хатуу хязгаарлалтын улмаас зарим нь долоон жил хүртэл хугацаагаар нутаг буцаж чадаагүй. Хилийн хязгаарлалт суларч, Хойд Солонгос улс иргэдээ хүлээж авсан ч нутагтаа очоод цалингаа гар дээрээ авч чадахгүйгээ мэдсэн хүмүүс тэсэрсэн аж.

Өмнөд Солонгосын засгийн газраас санхүүжүүлдэг Солонгосын Үндэсний нэгдлийн хүрээлэнгийн ахлах судлаач Чо Хан-Бомын хэлснээр Жилин мужийн 15 үйлдвэрийн 2500 орчим ажилчин үймээнд оролцсон нь Хойд Солонгосын түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн жагсаал болжээ.

“BBC” агентлаг 2017-2021 оны хооронд Хятадад ажиллаж байсан Хойд Солонгосын иргэнтэй ярилцаж, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна. Тэрбээр хамгийн их ашиг орлоготой компанид ажиллаж байжээ. Ажлын байрны нөхцлийн хувьд таатай ч гэлээ тухайн ажилчин нийт орлогынхоо дөнгөж 15 хувийг өөрөө авсан байна.

Харин зарим хүний хувьд илүү хүнд нөхцөлд ажиллажээ. Өвлийн хахир хүйтэн халаалтгүй байранд хоригдмол байдалтай байсан гэж нэрээ нууцалсан ажилтан ярьсан байна. Тэднийг долоо хоногт нэг удаа гадуур гарахыг зөвшөөрдөг хэдий ч Covid-19-ийн үеэр энэ бяцхан эрх чөлөө нь хүртэл хумигдсан аж. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ажилтнуудад тавих хяналт улам чангарсныг эх сурвалжууд хэлж буй.

Янз бүрийн хориг, хязгаарлалт байгаа ч хилийн чанад дахь ажлын байр хойд солонгосчуудын хувьд эрэлттэй хэвээр. Тэд эх орондоо олж болох мөнгөнөөс даруй 10 дахин их мөнгө авдаг.

Ажиллах хүсэлт гаргасан хүмүүсийг сайтар шалгаж, гэр бүлд нь гэмт хэрэг үйлдсэн, дүрвэсэн түүхтэй хүн байгаа эсэхийг нягталдаг.

Компьютерийн програмист мэргэжилтэй нэгэн хойд солонгос иргэн “Манай улсын төр мэдээллийн технологийн ажилтнуудыг боол мэт мөлжиж, биднийг долоо хоногийн зургаан өдөр, өдөрт 12-14 цаг ажиллуулдаг” гэж хэлжээ. Түүнийг сарын орлогоос 15-20 хувийг авдаг байсан гэв. Мөн ажилчдыг зугтахаас сэргийлэхийн тулд шөнийн цагаар байранд нь цоожилдог байжээ. Компанийн менежерүүд нь муу ажилласан хүмүүсийг олны өмнө гутаан доромжилж, зоддог байсан талаар ч хэлсэн байв.

Харин амжилттай ажилласан хүмүүсийг хойд солонгос ресторанаар үйлчлүүлэх эрхээр шагнадаг байжээ.

Ажилтнууд бухимдалтай байгааг үл харгалзан Пёньян тэднийг хүлээж авахаас татгалзаж байгаа бололтой. Угтаа бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2017 онд Хойд Солонгосыг гадаадад иргэдээ ажиллуулахыг хориглон, 2019 оны эцэс гэхэд тэднийг эх оронд нь буцаахыг тушаасан.

Эсэргүүцлийн жагсаал эхэлсний дараа Пёньян Хятад дахь албан тушаалтнуудаа үйлдвэрүүд рүү илгээж, ажилчдад дутуу цалингийнх нь зарим хэсгийг нөхөн олгуулсан. Гэсэн хэдий ч олон сая ам.долларыг олгоогүй хэвээр байна.

Ажилчдын асуудлаас болоод Хятад, Хойд Солонгосын хооронд хурцадмал байдал үүсч магадгүй юм. Хятад улс өөрийн нутаг дэвсгэрт эсэргүүцлийн жагсаал өрнөхийг хүсэхгүй учраас зохицуулалт хийж магадгүй гэдгийг шинжээчид хэллээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж