Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Болормаа цагаар сарын баярын хооллолтын талаар зөвлөгөө өглөө.
Тэрбээр "Монголчуудын хувьд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин сэдэрдэг сар шинийн баяр, наадам гэсэн хоёр том баяр байна. Бид уламжлалт баярын ширээгээ хэрхэн засдаг талаар сайн мэднэ. Баярын өдрүүдэд мах, өөх тостой бууз, нийслэл салат, архи согтууруулах ундаа, чихэрлэг ундаа ихээр хэрэглэдэг. Ингэснээр хоол боловсруулах эрхтний тогтолцооны өвчлөл эрс нэмэгддэг.
Жишээлбэл, нойр булчирхайн цочмог үрэвсэл, хоолны хордлогот халдварт өвчин, ходоодны шарх, нойр булчирхайн архаг үрэвсэл, элэгний эмгэг, цөсний хүүдийн чулуутай болон чулуугүй үрэвсэл сэдэрдэг.
Тиймээс уламжлалт сайхан баяраараа ахмад настнаа хүндлэн золгодог энэ баярын идээ ундааны соёлд өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Монгол түмний сар шинийн цагаалдаг ёс өргөн баялаг түүхтэй. Дээр үеэсээ цагаан идээ зонхилж, хэрэглэдэг байсан. Судлаачдын хэлж байгаагаар цагаан сарын баяр нь цагаалга, цагаан идээгээр ширээгээ дүүргэдэг баяр гэдэг. Гэтэл орчин үед тэр соёл маань алдагдаж байна.
Зочинд амсуулах хамгийн эхний идээ цагаалга юм. Үүнийг үндэстэн ястнууд өөр өөрийн гэсэн онцлогтой хийдэг хэдий ч сүүлийн жилүүдэд цагаалга хийдэг айл ховор болсон. Энэ ёсоо баримтлаасай гэж хүсч байна.
Буузыг хүртэл улаан махыг цагаан гурилаар хучиж цагаан болголоо гэж үздэг. Гэрийн эзэгтэй нар маань аль болох майонез, төмс зэрэг калори ихтэй бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол хүнсээ аль болох багасгаж, ислэг болон навчит ногоо ихтэй хоол хүнс хэрэглэх нь зүйтэй. Зорин ирсэн гийчдээ цагаалгаар дайлж, аарцтай будаа, сүү амсуулдаг. Үүнийг сэргээмээр байна. Мөн гэрийн эзэгтэй нар ууцны мах, буузыг амархан шингээдэг шинэ ногооны салат, зуушаар баярын ширээгээ чимэхийг зөвлөж байна. Иргэд айл хэсэхдээ хоолоо тохируулж, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй" гэдгийг онцолсон юм.
Холбоотой мэдээ