Цагаан сарын баярын өдрүүдэд иргэд хүнд махан хоол иддэг учраас энгийн өдрүүдээс илүү дасгал хөдөлгөөн хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Энэ талаар НЭМҮТ-ийн ерөнхий захирал С.Өнөрсайхан зөвлөгөө өгсөн.
Тэрбээр "Оюун ухаант хүн төрөлхтөн араатан амьтнаас юугаараа ялгардаг вэ гэхээр сайн сайхан амьдарч, чанартай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Үүнд тавигдах тодорхой шаардлага гэж бий. Хүмүүс тогтмол хөдөлгөөн хийж, хоолныхоо илчлэгийг тааруулж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих асуудал тулгардаг. Хүн биеийнхээ өндөртэй таарсан жинтэй байх ёстой. Цагаан сарын баяраар гурван айлаар орж хоол идэхэд 4000 орчим калорийг биедээ шингээдэг. Үүний 3500 калори нь 420 грамм өөх болж хуримтлагдаг. Энэ өөхийг алхах, гүйх, дасгал хийх маягаар шатаах ёстой. Иргэд энгийн өдрүүдээсээ илүү их идэж байгаа учраас дасгал хөдөлгөөнийг эрхэмлээрэй.
Мах, өөх, гурил нь таарсан нэг ширхэг бууз 200 калори байдаг. Гэтэл монгол эрэгтэй хүний өдөрт авах ёстой калорийн хэмжээ 2500, эмэгтэй нь 2200 калори байдгийг тогтоосон байдаг.
Өдөрт 4-5 айлаар орно гэж тооцвол хэдэн бууз идвэл зохистой вэ гэдгээ тооцож хоолны зохистой хэрэглээнд анхаармаар байна. Монголчуудын 15-69 насны иргэдийн судалгаагаар хоёр хүний нэг нь таргалалттай, 50 хувь нь илүүдэл жинтэй, гурван хүний нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлтэй гэдгийг харуулсан байдаг" гэсэн юм.
Холбоотой мэдээ