ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн нь хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэхүйц ач холбогдолтойг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудыг биелүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, уул уурхай, аж үйлдвэр, зам тээвэр, хот байгуулалт зэрэг салбарт томоохон төсөл хэрэгжүүлэх, үр бүтээлтэй хамтын ажиллагааг өрнүүлэх боломжийн талаар санал солилцлоо.


Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Монгол, Германы иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэхэд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод хоёр улсын хооронд үйлдэж буй шууд нислэгийг нэмэгдүүлэх, визний шаардлагыг хялбаршуулахад үргэлжлүүлэн хамтран ажиллахаар боллоо. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам нь тархан суурьшдаг учир сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх өргөн боломжтой. ХБНГУ энэ чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр тэмдэглэлээ.