Michael Douglas хорт хавдартайгаа тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Michael Douglas хорт хавдартайгаа тэмцэж байна

Оскарын шагналт жүжигчин Michael Douglas хүзүүндээ хавдартай болсон тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Eli Barach энэ сарын эхээр мэдээлсэн.

Түүнээс хойш жүжигчин хэвлэл мэдээллээр төдийлэн харагдалгүй эмчилгээндээ шамдаж байсан ба өчигдөр David Letterman-ы "Late Show” нэвтрүүлэгт оролцож, дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Тэрбээр “Би зөвхөн эхний долоо хоногийн эмчилгээгээ л дуусгаад байна. Туяаны болон химийн эмчилгээ хийлгэж байгаа. Дахиад есөн долоо хоног эмчилгээ маань үргэлжилнэ. Энэ эмчилгээний үр дүнгээс би бүрэн эдгэрэх эсэх нь тодорхой болно гэж эмч нар хэлсэн. Тиймээс өөдрөг сэтгэлээр эмчилгээгээ шаргуу хийлгэж байна” хэмээн ярьсан байна.

Мөн Letterman түүнээс хорт зуршилтай эсэх талаар асуухад тамхи татдаг, мөн алкоголь хэрэглэдэг гэдгээ хэлээд “50-иас насныханд тамхи, архи хэрэглэх нь хорт хавдар тусах магадлалыг ихэсгэдэг тухай би саяхан уншлаа. Өмнө нь эрүүл байхдаа энэ талаарх мэдээлэлд ач холбогдол өгдөггүй байсандаа харамсаж байна. Гэхдээ би бүрэн эдгэрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа шүү” хэмээжээ.

Letterman нэвтрүүлгийнхээ төгсгөлд “Би чиний төлөө ямар нэг юм хиймээр байна. Юу хийх вэ?” гэхэд Michael Douglas “Намайг нэг сайн тэвэрчих” хэмээн хошигносон байна.

Сануулахад, эмч нарын дүгнэснээр түүний хорт хавдар эрт үедээ оношлогдсон учраас бүрэн эдгэрэх магадлалтай. Бүрэн эдгэрэхгүй байлаа гэхэд 80 хувь эдгэрнэ хэмээн мэдээлээд байгаа юм.

Н.Наран

Нэвтрүүлэгт оролцохоор ирж буй үеийн гэрэл зургуудыг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж