Сонгуулийн өмнө Кремль сандарч эхлэв

Хуучирсан мэдээ: 2024.02.08-нд нийтлэгдсэн

Сонгуулийн өмнө Кремль сандарч эхлэв

Сонгуулийн өмнө Кремль сандарч эхлэв

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх сард болно. Дайныг эсэргүүцэгч цорын ганц нэр дэвшигч бол Борис Надеждин. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Надеждин Кремлийн төсөөлж байгаагаас ч илүү нэр хүнд сайтай аж. Тиймээс санал хураалтын дүн Путинд, цаашилбал, Украин дахь дайнд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр Оросын эрх баригчид Надежиныг сонгуульд оролцохыг хориглох төлөвтэй байна.

ОХУ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчид сонгуульд оролцохын тулд 100 мянган хүний гарын үсэг цуглуулах ёстой.

Надеждин сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулахын тулд эхний ээлжинд 105 мянган хүний гарын үсэг цуглуулсан. Үүнийгээ ОХУ-ын Сонгуулийн төв хорооны ажлын хэсэгт хүргүүлжээ. Гэвч Сонгуулийн төв хороо өнгөрсөн Даваа гаригт тэдгээр гарын үсэгнээс 15 хувийг нь няцаасан байна. Гэтэл Сонгуулийн хуулийн дагуу цуглуулсан гарын үсэгний таван хувь нь л хүчингүй байх боломжтой.

Ажлын хэсэг Надеждиныг нэр дэвшихийг хоригловол түүний кампанит ажил дуусгавар болж магадгүй юм. Комисс эцсийн шийдвэрээ энэ долоо хоногийн сүүлээр гаргана.

Сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол ОХУ-ын Дээд шүүхэд давж заалдана гэдгээ Надеждин болон түүний багийнхан мэдэгджээ.

Надеждиний багийнхан дайныг эсэргүүцдэг олон арван мянган орос иргэний гарын үсгийг цуглуулсан байна. Нэгдүгээр сарын тачигнасан жаврыг үл хайхран Надеждины дэмжигчид гудамжинд жагсч, гарын үсгээ зурцгаасан. Цаг хугацаа давчуу байсан учраас Оросоос гадна Лондон, Парис, Тбилиси гэх мэт газарт хүртэл сайн дурынхан гадаадын иргэдээс гарын үсгийг нь цуглуулжээ.

Зарим дэмжигч Надеждинтай үзэл бодол таарахгүй зүйл байгаа ч гэлээ дайныг эсэргүүцдэг гэдэг утгаараа гарын үсэг зурсан аж.

Энэ үйл явдал нь Кремль болон Путинд тодорхой мессеж илгээсэн гэж үзэж байна. Өдгөө Надеждины нэр хүнд тэднийг сандаргаж эхэлсэн ч байж магадгүй юм.

“Кремль удахгүй болох сонгуулийг Украин дахь дайнтай холбоотой албан бус санал асуулга болгон ашиглаж магадгүй” гэж АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэн мэдэгджээ. Надеждин ерөнхийлөгч Путинээс саналаараа илэрхий ялгарч, үзүүр түрүү булаалдаж магадгүй тул Кремль түүнийг санал хураалтад оруулахыг хүсэхгүй.

Надеждиний цуглуулсан гарын үсгийг Сонгуулийн төв хороо хүчингүйд тооцсоныг сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн Авлигатай тэмцэх сангийн захирал Иван Жданов үгүйсгэж байна. “Надеждин мэдээж жинхэнэ гарын үсэг цуглуулсан. Нүдний өмнө ил л байсан. Кремль зүгээр л түүнийг оролцуулахыг хүсэхгүй байна” гэж тэр жиргэжээ. Комисс энэ долоо хоногийн сүүлээр шийдвэрээ гаргана гэж хэлж байгаа ч нэр дэвшүүлэхээс татгалзана гэдэг нь хэдийнэ тодорхой болсон гэж тэр үзэж байна.

Оросын эрх баригчид сонгуулийн дүнг будлиантуулдаг гэж сөрөг хүчний төлөөллүүд шүүмжилдэг. Мөн зөвхөн Путинтэй ижил байр суурьтай, эсвэл түүний нэр хүндийг сүүдэрлэхээргүй нэр дэвшигчийг л сонгуульд оролцууллаа гэдэг. Тэгэхээр Навальный гэх мэт улстөрч Путины эсрэг өрсөлдвөл төсөөлөөгүй үр дүнд хүрч болзошгүй юм.

Борис Надеждинаас өмнө өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бие даан нэр дэвшигч Екатерина Дунцова сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулсан.

Ерөнхийлөгч Владимир Путин 2021 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар бүрэн эрхийн хугацаагаа гурав дахь удаагаа сунгах боломжтой болсон. Тэрбээр нэгдүгээр сарын 29-нд нэр дэвших эрхээ албан ёсоор баталгаажуулжээ. Путин 315 мянган гарын үсэг цуглуулснаас 91 нь хүчингүй болсон. Энэ нь нийт гарын үсгийн ердөө 0.15 хувь болох юм.

Дашрамд дурдахад, Сонгуулийн төв хорооны орлогч дарга Николай Булаев Даваа гаригийн мэдэгдлийн өмнө “Сонгуульд нэр дэвшигчдийн нэг нь гарын үсэг цуглуулахдаа нас барсан хүмүүсийн нэрийг дунд нь оруулсан байсан” гэж мэдэгджээ. Гэхдээ тухайн нэр дэвшигчийн нэрийг дурдаагүй.

Баруун төвийн үзэл баримтлалтай Иргэний санаачилга намын гишүүн Надеждинийг Путины засаг захиргааны өргөс гэлцдэг. Тэрбээр Украин дахь дайны аргачлал, стратегийг бүтэлгүй гэж мэдэгдэж байв. Хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол эхний өдрөө л Украинтай энхийн хэлэлцээ эхлүүлж, Алексей Навальный, Илья Яшин зэрэг улс төрийн хоригдлуудыг суллана гэж Надеждин амлажээ.

Борис Надеждин нь физикч мэргэжилтэй, 20 жилийн өмнө Төрийн Думд нэг удаа сонгогдсон хүн юм. Олигарх Михаил Ходорковскийг баривчилсны дараа тэрбээр Оросын сөрөг хүчний эгнээнд нэгдэн оржээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, UPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж