Нэгэнт цагт намаасаа өрх тусгаарлаж, МАХН нэрээрээ нам байгуулж, улс төр хийж явсан Н.Энхбаяр төрхөмдөө буцаад гурван жилийн нүүр үзэж буй. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН хоёр албан ёсоор нэгдэж, гар барилцсан. Тэдний нийлэх, нэгдэх процесс тодорхой хугацаанд үргэлжилж, ажлын хэсэг байгуулж ажилласан бөгөөд Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилттой нэгдсэн юм.
55 мянган гишүүнээс дагуулж ирсэн Н.Энхбаяр МАН-д ирэхдээ 2200 гишүүнээ намын тодорхой хэмжээний албан тушаалд томилох квот өгнө гэж тохиролцоо хийснээс гадна Н.Энхбаяр өөрийн хүү Э.Батшугарыг УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх тохироог хийсэн гэдэг.
МАН-ын удирдлага Н.Энхбаяр өгсөн амлалтаа биелүүлж, түүний хүүг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга болгож, Н.Энхбаярын баруун гар гэгддэг Б.Тулгад Боомтын сайдын суудал ч өгсөн. Өөрөөр хэлбэл, МАХН-ын удирдлага амлалтаа биелүүлсэн үү гэвэл биелүүлсэн. Их, бага ч гэсэн Н.Энхбаярын хүсэл биелж, өөрийг нь хэд хэдэн албан тушаалд томилох санал тавьсан ч тэрбээр өөрөө татгалзсан байдаг. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал болгох санал тавьсан ч тэрбээр татгалзаж байв. Ийн татгалзсан нь түүнийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болох далд хүсэлтэй хэмээн улс төрийн хүрээнд яригдаж байв. Түүгээр зогсохгүй Н.Энхбаяр өөрийн хүмүүсээ МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүн болгож, зарим төрийн өмчит компанийн удирдлагад ч хүмүүсээ томилуулсан. Үндсэндээ Н.Энхбаяр МАХН-ыг МАН-тай нэгдэж, хадаг барьсныхаа шагналыг авсан, хүртсээр яваа нэгэн.
2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирж, улс төрийн намууд дотроо толхилцох, түлхэлцэх, хэн нь хэдэн хүн, хэнийг нэр дэвшүүлэх вэ хэмээх зодоон ил, далдаар өрнөж буй. Парламентын түүхэн дэх хамгийн олон гишүүнтэй буюу 128 гишүүнтэй болж байгаа учраас намууд доторх, гаднах өрсөлдөөн ч ширүүсч эхэлсэн.
2024 оны УИХ-ын сонгууль мажоритар буюу холимог бөгөөд томсгосон тойргоор зохион байгуулагдахаар болсон. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтаар 48, тойргоос 76 нь УИХ-ын гишүүн сонгогдоно. Нөгөө талдаа томсгосон тойрог шинэ залуучуудад халтай учраас намын жагсаалт руу зүтгэх, эсрэгээрээ олны танил хүмүүс нь тойрогт нэр дэвших тактикийг ихэнх намууд хэрэгжүүлэх биз. Тиймээс ч нам доторх, намын удирдлагууд хэнийг жагсаалт руу оруулах, хэнийг тойрогт явуулах вэ гэдэг толгойны өвчин болоод буй. Ийн улс төр өрнөх зуур Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд болон намаасаа квот авч чадахгүй хүмүүс намын удирдлагадаа Н.Номтойбаярын үүсгэн байгуулсан Үндэсний эвслээс нэр дэвшинэ хэмээн шахалт үзүүлээд эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын хэрэгт орооцолдсон, нэр холбогдсон, намын бодлогын эсрэг ажилласан зэрэг шалтгаануудаар зарим хүмүүс нэр дэвшүүлэх гэдгээ нэгэн цагт илэрхийлсэн байдаг.
Тиймээс МАН дотор ирэх 2024 оныг өнжих, нэр дэвших квотоо авч чадахгүй хүмүүсийн нэрсийн жагсаалт олон бий. Ялангуяа М.Энхболдын фракц, 32-ын фракц, нам, Засгийн газрын бодлогын эсрэг ажилласан Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Баттөмөр зэрэг попууд гээд олон хүнд нэр дэвших квот олдоно гэдэг хэцүү. Тиймээс ч Н.Энхбаяр “хаягдсан” хүмүүсийг нэгтгэж, 2024 оны сонгуульд 30 хувийн квот өгөхгүй бол Н.Номтойбаяртай “нэгдэнэ” хэмээн шахалт үзүүлж эхэлсэн нь МАН доторх бужигнаан үүсгэж эхэлсэн байна. Улс төрийн хүрээнд ч Н.Номтойбаяртай МАН-аас нэр дэвших боломжгүй хүмүүс ил, далд уулзалт хийгээд эхэлсэн гэх мэдээлэл ч бий. Н.Энхбаяр “хаягдах” магадлалтай хүмүүсийг цуглуулж, МАН-ын дарга нарт шахалт үзүүлэх нь 2024 оны сонгуулийн өмнө ямар нэг өөртөө ашигтай, давуу байдал үүсгэх гэсэн оролдлого гэж нэг хэсэг нь харж байгаа бол нөгөө хэсэг нь хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх л болж байна хэмээн дүгнэж буй.
Одоо МАН-ын удирдлага Н.Энхбаяр ба түүний нөхдөд боломж олгох уу эсвэл гуравдагч хүчинд алдах уу гэдэг толгойны өвчинтэй болсон. МАН-ын дарга нар Н.Энхбаярын хонь болохгүй байх хөзөр байгаа эсэхээс бүх зүйл шалтгаалах нь ээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ