3.1 сая иргэн ногдол ашгаа аваад байна

Хуучирсан мэдээ: 2024.02.07-нд нийтлэгдсэн

3.1 сая иргэн ногдол ашгаа аваад байна

3.1 сая иргэн ногдол ашгаа аваад байна

Монгол Улсын иргэн бүрийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой асуудлаар өнөөдөр /2024.02.07/ Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг өнөөдрийн байдлаар 3.1 сая хүнд олгоод байна. Үүний 2.5 сая иргэний ногдол ашиг нь брокерын компанид нээлгэх үед өгсөн дансаар тараагдсан.

Зарим иргэн “Ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс,  и баримтаар олгочих байсан юм биш үү. Брокерын компанид нээлгэсэн дансаар дамжуулах шаардлага байсан юм уу” гэдэг асуудлыг хөндөж байгаа.  Үнэт цаасны компани  дээр данс нээлгэснээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэдэг байгууллага дээр бүх мэдээлэл цуглардаг. Тэгэхээр брокерын компаниар дамжуулан, тухайн байгууллага дээр цугларсан мэдээлэлд үндэслэж ногдол ашиг тараагдсан байна.

Өнөөдрийн байдлаар иргэдийн 3 хувьд ногдол ашиг хараахан олгогдоогүй байна.  3 сая хүний гүйлгээ хийгдэхэд зарим хүн дээр мэдээллийн зөрүү гардаг. Үүнийг эс тооцвол ногдол ашиг тараах ажил амжилттай явж байна.

Ер нь иргэн хувьцаатай л бол Үнэт цаасны компани дээр данстай байх нь зөв. Өнөөдөртөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа арилжаанд ороогүй байгаа ч арилжаанд ороод нээлттэй болох өдөр ирэхэд данс ашиглагдах учраас хүн бүр данстай байх нь зөв юм.

Үнэт цаасны компани дээр гарч байгаа сорилт нь урьд нээлгэсэн дансаа хаалгая, солъё гэхчлэн маш олон хүн зэрэг залгахаар ачаалал авч удаан хариулах тохиолдол гарч байгаа. Хүлээцтэй хандаж, үйлчилгээ авбал чирэгдэл гарахгүй.

Ногдол ашиг тараах үеэр 16800 хүн дээр гүйлгээн дээр алдаа гарсан. Алдааг өдөр, өдөрт нь тогтоогоод олгоод явж байгаа. Хэдийгээр иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, ногдол ашиг тараах шийдвэр богино хугацаанд гарсан ч өнөөдрийн байдлаар 97 хувь ногдол ашгаа авсан нь маш  амжилттай явж байна гэж хэлж болно.

Манай холбоо, “Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй болж, үнэт цаасаа арилжаанд оруулах нь зөв гэдэг байр суурьтай байгаа гэлээ.

Н.Буянхишиг:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, ногдол ашиг тараах ажлыг Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдрийн шийдвэрийн дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гүйцэтгэж байгаа.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим хуудаснаас өөрийнхөө данстай эсэхийг шалгах боломжтой.  Мөн лавлах утас руу  залгаад мэдээлэл авах боломжтой. Та мэдээллээ  шалгахад үнэт цаасны компани дээр данстай бол дахин данс нээлгэх шаардлагагүй.

Үнэт цаасны данс нээгдсэнээр хувьцаа тараах, эзэмшүүлэх гүйлгээ нь Үнэт цаасны компани дээр нээгдсэн дансыг үндэслэж хийгдэх юм.

1072 хувьцааны ногдол ашиг өөр дүнгээр орж байгааг иргэд маань өөрсдөө нягтлаад үзэхийг хүсч байна. Иргэд хувьцаагаа төрд худалдсан, эрүүл мэндийн даатгал, сургалтын төлбөр зэрэг үйлчилгээг авахад тодорхой хувийг шилжүүлсэн учраас хувьцааны тоо нь өөр, өөр байгаа.

Хувьцааны энэ тоонд үндэслэж ногдол ашиг тараагдсан учраас бүх хүнд 104 мянган төгрөг ороогүй. Тийм учраас хувьцаагаа ямар хэлбэрээр зарцуулсныгаа өөрсдөө нэг нягтлаарай.

Маш олон банкны данстай иргэд бүх дансаа шалгасны дараа шаардлагатай бол хандаарай. Үнэт цаасны компаниуд энэ өдрүүдэд бүх мэдээллээр иргэдийг хангаж, дансыг нь шинэчилж, гүйлгээ нь буцсан иргэдийн дансыг нээх зэргээр хамтарч ажиллаж байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж