“Эко автомашин импортлогчдын холбоо” төрийн бус байгууллагын төлөөлөл өнөөдөр /2024.02.07/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд “Дээрээс томилогдож ирсэн Улаанбаатар хотын шинэ дарга Х.Нямбаатар ард иргэд биднийг унах унаагүй болгох журмыг маргааш НИТХ-наар батлуулах гэж байна.
УИХ-аар өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард Автомашины түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг барилгажуулах гэсэн том хаягтай хуулийг баталсан. Нийслэлчүүдийн сүүлийн хэдэн жилийн уур бухимдал дээр дөрөөлсөн том хуулийг Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч болонгуутаа батлуулсан. Энэ хууль нь иргэний өмчтэй байх Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн хууль.
Уг хуулийг яаруу горимоор хэлэлцүүлж батлуулсан. Ингэхдээ Улаанбаатар хотод автомашины дугаарыг хязгаарлалттай олгох эрхийг НИТХ-д олгосон. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар шинэ автомашинд дугаар олгох хязгаарыг тотоох тухай зохицуулалтыг НИТХ-д оруулаад байна.
Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа автомашины тоо 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 730 мянга байгаа. Хэрвээ НИТХ-наар дээрх зохицуулалтыг баталбал ард иргэд машин авах эрхгүй болно.
Яагаад гэвэл нийслэлд нийтдээ 730 мянган автомашины дугаар олгохоор дээд хязгаарыг тогтоох журам оруулж ирээд байна. Хүний Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхийг зөрчсөн журмыг хүчээр батлах гэж байна.
МАН Засгийн эрх бариад 8 жил боллоо. Утаа түгжрэлийг буруулах дорвитой шийдвэр гаргасан нь уу. Утаа улам ихэссэн, улам хортой болсон. Утаагаар бизнес хийдэг болсон, эхнэр нөхрүүд хоорондоо мөнгө шилжүүлж, мөнгө угаадаг болсон. Одоо түгжрэлээр бизнес хийх гэж байгаа юм уу.
Улсын дугаарыг 9911 шиг үнэтэй болгоно гэж ярьж байна. Бидний амьдрал Сингапурын иргэд шиг адилхан байна уу. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Сингапурт улсын дугаар 100 мянган ам.доллар байна” гэж хэлж байна лээ. Тэр хүн амьдралаас тасарсан баян байж болно. Бидний орлого ямар билээ.
“Эко автомашин импортлогчдын холбоо” төрийн бус байгууллагын зүгээс дээрх журмыг эсэргүүцэж байгааг дэмжсэн 600 гаруй хүний гарын үсэгтэй бичгийг НИТХ -ын дарга, НИТХ дахь МАН-ын бүлэг, НИТХ дахь Ардчилсан намын бүлэг, ХҮН намын бүлэгт хүргүүлсэн. Одоог болтол хариу өгөөгүй байна. Улаанбаата рхотын захирагчтай уулзаач ээ санал бодол сонсооч ээ гэсэн хариу мөн ирүүлээгүй.
Гэтэл монголчууд сар шинэ гээд ид завгүй байх үеэр дээрх журмыг НИТХ-д оруулж батлуулах гэж байна.
Улсын төсвийн нэлээн жин дарах хэсгийг автомашины импортын татвар эзэлдэг. Энэ татварыг хэн төлдөг вэ иргэд төлдөг. Ямар машинд дугаар өгөх, яаж сонгон шалгаруулах тухай эрхийг хуулиар Х.Нямбаатар ба түүний нөхөд хэрэгжүүлэх гэж байна. Хуулиар эрх авчихсан, үнэ тогтоочихсон. НИТХ- ын төлөөлөгч нарыг дээрх зохицуулалтыг битгий дэмжээрэй, буцааагаарай, татаарай гэж хүсэх байна.
Машиныхаа үнэтэй адил улсын дугаар худалдан авах болоод байна. Ард иргэд 10, 20 саяар машин авдаг байсан бол улсын дугаар олголтод хязгаар тавьснаар автомашиныхаа үнэтэй ижил дугаар худалдаж авах болчихоод байна. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн яагаад ойлгохгүй байгааг гайхаж байна гэлээ.
Мөн тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Тулгасайхан “Би 20 гаруй жил хувиараа бизнес эрхэлж байна. Нийт автомашин худалдан авч байгаа иргэдийн 98 хувь зээлээр авдаг. Улаанбаатар хотод амьдарч байгаа 1,5 сая иргэний асуудал гэж бодож байж магадгүй. Энэ асуудал орон нутгийн иргэдэд ч хамаатай. Хотынхон автомашинаа зарах болоход хөдөөгийн иргэд авахгүй бол хог дээр хаяна. Бараа бүтээгдэхүүн зөөдөг ачааны машинуудыг мөн яах юм. а
Хэрвээ энэ журам батлагдвал бизнес эрхлэгчид бид тэмцэхээс аргагүй. Энэ журам батлагдвал бид ажилгүй болно. Бид хотын захиргааны гадаа л очно. Ард иргэдийнхээ эсрэг шийдвэрийг буцаагаач ээ гэж хүсч байна” гэлээ.
Г.ХОРОЛ