Дээд лигийн 2023-2024 оны улирлын плей-оффын нэгдүгээр шат тун өрсөлдөөнтэй өрнөж байна. Одоогоор дөрвөн цувралын нэг нь өндөрлөж, Бишрэлт Металл баг дараагийн шатанд шалгарсан.
BCH ГАРЬД 67 – 78 ХАСЫН ХҮЛЭГҮҮД
Цуврал тэнцсэн учир тав дахь тоглолт тун хариуцлагатай байлаа. Гэхдээ Гарьдын гол тоглогчдын нэг болох Э.Дөлгөөн өмнөх тоглолтод шагайндаа гэмтэл авсны учир энэ удаагийн тоглолтыг өнжив. Харин Хүлэгүүдийн зүгээс өмнөх тоглолтод хожил авчирсан шидэлттэй гарааны бүрэлдэхүүнээ гаргажээ.
Цувралын тав дахь тоглолтод бид хуучны Б.Билгүүний харсан. Энэ улиралд төсөөллөөс тааруу тоглож, шүүмжлэлд өртсөн тэрбээр Гарьдын эсрэг 24 оноо авч, гурван хаалт гүйцэтгэсэн аж.
Тоглолтын тухайд Хүлэгүүд эхний хагаст ялимгүй давуу тоглосон. Өнгөрсөн тоглолтоос гол ялгаатай нь Жастин Мосс будагтай талбайд эхнээсээ эзэрхэг тоглолтыг үзүүлэв. Түүний хувьд 26 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлжээ. Тэгвэл гуравдугаар үед Гарьд хариуг нь барьж, оноо илүү гарсан. Цувралын турш гайхалтай байгаа Б.Болдбаатар хоёр дахь боломжуудыг үүсгэж, багтаа тус хүргэв. Мөн багийн ахлагч О.Эрдэнэцогт болон Жеррикол Хеллемс чухал оноонуудыг авч байлаа.
Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Хүлэгүүдийн хоёр Билгүүн онцгойрч, Б.Барсболд зоригтой шидэж, эцэст нь Хүлэгүүд хожлыг авснаар 3-2 гэсэн харьцаатай цувралыг тэргүүлж эхэллээ. Тэд дараагийн шатанд шалгарахад ердөө ганцхан хожил дутуу.
ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД 67 – 73 ЗАВХАН БРОДЕРС
Бэртэл, гэмтэлд нэрвэгдсэн Уурхайчидын аваргаа хамгаалах аялал өндөрлөхөд тун ойртлоо. О.Энхбаатар, Г.Болор-Эрдэнэ хоёр эзгүй байсан ч Пендарвис Уиллиамс байхад тэд хоёр дараалан ялсан. Гэвч цувралын гурав дахь тоглолтын үеэр Пендарвис гарандаа бэртэл аван талбайг орхисноос хойш Уурхайчидын тоглолт бүрэн утгаараа унав. Тэд дараалан гурав хожигдож, цуврал 2-3 гэсэн харьцаатай Завханы давамгайлалд шилжлээ.
Өчигдрийн тоглолтод Даймонд Стөүн утгаараа эзэрхийлж, багийнхаа тал оноог ганцаараа авчээ. Түүнийг будагтай талбайд зогсоох бүү хэл сааруулах хүн хүч, тактик Уурхайчидад байсангүй. Угтаа хоёрдугаар үеийн төгсгөлд аваргуудаас Г.Баттөр цойлж, багтаа онооны давуу байдлыг авчирсан ч гуравдугаар үеэс Стөүн хариуг нь барьж, багтаа ялалтыг авчирлаа.
Уурхайчид улирлын дундуур Т.Санчирыг явуулсан нь буруу шийдвэр байжээ гэж сагсан бөмбөг сонирхогчид ярьж байна. Бүтэн дөрвөн үе тактик, хувилбараар оноо авах дутмаг учир тулсан үед хувийн гоцлон тоглолтоор багийнхаа оноог ахиулах хүн Уурхайчидад тун ядмаг харагдана. Угтаа Пендарвис эгзэгтэй мөчид онцгойрдог ч бэртэл түүнийг зогсоолоо. Тулсан үед Уурхайчидад Тунгалагийн Санчир байсангүй.
Нөгөө талд Т.Санчирын шинэ баг ч нуман тулгуурт орж, “Apes”-ийн эсрэг цувралд 1-3 гэсэн харьцаатай явна. Өнөөдөр/2024.02.07/ хожигдвол Бизоны улирал дуусна. Өчигдөр Бизоны ахлагч Ш.Мөнх-Эрдэнэ лигийн шилдэг хамгаалагч болж, гангарсан. Харин өнөөдөр MVP М.Өлзий-Оршихыг хэрхэн зогсоох вэ? Бүхий л давуу байдал “Apes”-д байна.
Ерөнхийдөө Бизоны бүрэлдэхүүн сул, туршлага дутуу учир цувралд 7-8 тамирчинг л ашиглаж буй. Харин эсрэг баг нь бүрэлдэхүүн зузаан тул бүтэн талбайд тоглолтын турш шахаж, өрсөлдөгчийнхөө тэсвэр тэвчээрийг шавхаж байгаа нь нууц биш.
Уурхайчид ч ялагдах дургүй Т.Санчирыг, Т.Санчир ч бүрэлдэхүүн зузаан Уурхайчидыг үгүйлж байгаа нь лавтай.
Нэргүй 2024-02-07 213.87.162.77
Харуулах боломжгүй.
зочин 2024-02-07 66.181.186.107
Хөгшин Санчраар хүүрээ хийхэв
Баавай 2024-02-07 59.153.115.111
Завхан аварга болно.