Сар шинийн өмнө сүм, дуган, хийдүүд их цэвэрлэгээ хийдэг. Монголын бурхан шашны төв /МБШТ/ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуган урьд урьдынхаа ч цэвэр цэмцгэр, бурхан тахилууд нь гялалзаж харагдана.
Үүдээр нь ороод, шатаар дээш өгсөхөд хурал номын дуу улам тодорно. Хоймортоо X дугаар богдынхоо дүрийг залсан Батцагаан дуганд XVII Жарны "Хилэнт-Эх" хэмээх модон луу жилийн "Хуучин номын хурал” хурж байна. Лам нарын унзад хоолойн дуунд сүсэгтэн олон бүүвэйлэгдэнэ.
ХУРАЛ НОМ ДАГАН БАЯСАХ ШИГ САЙХАН ЗҮЙЛ ҮГҮЙ
Нүдээ анин, гараа алга хавсарган залбирч, амандаа маань мэгзэм унших сүсэгтэн олон хурал ном даган баясаж иргэдэд зориулсан суудалд эгнэн суужээ. Хонх, дамар дуугарч, бүрээн дуун чангарахад тэд улам ихээр сүсэглэн биширнэ өвөр дээрээ ямар нэгэн ном тавьсан 50 гаруй насны эмэгтэй эрхи эргүүлэх зуураа номоо дагаж уншина.
Түүний хувьд Энэтхэг хүртэл очиж Далай багшаас адис хүртээд ирсэн аж. Түүнчлэн өөр олон багш нараасаа авшиг хүртсэн. Багш нарынхаа унш гэсэн тарни ном уншиж, зарлигийг нь биелүүлж, шүтээндээ мөргөөд сууж байна. Эрдэм номд шамдан сурснаар хамаг амьтаны тусын тулд залбирах чадамжтай болж байна. Залуучууд сүүлийн үед гандан хийдээр их ирж, оройн ангид хүртэл суралцаж байна. “Миний хүүхдүүдийн зарим нь хотод, зарим нь гадаадад бий. Монголд ирэхдээ заавал засал номоо хийлгэдэг. Алс холоос ч байсан багш нартаа залбирч мөргөж, цахимаар үйлчилгээгээ авдаг болсон. Одоо үед юм сайхан болж. Гар утсаараа овог нэрээ явуулаад уншуулах номоо уншуулчихдаг болсон байна шүү дээ гэж сэтгэл өөдрөг ярина. “Сар шинийн баяр дөхсөн энэ үед хурал номонд даган баясах цаг зарцуулахад хүндрэлтэй байдаг уу гэхэд “Ээ бурхан багш. Хурал номондоо сууж, даган баясах шиг сайхан зүйл хаа байхав. Амьтан ах дүү хамаг амьтны тусын тулд сууна шүү дээ” гэв.
ШИНЭ ДУГАНТАЙ БОЛСНООР ҮЙЛЧИЛГЭЭ САЙН, ТАВ ТУХТАЙ БОЛЖЭЭ
Тэхий голдоо X Богдын дүрийг залсан танхимын хоёр талаар лам нар дөрөв, дөрвөн эгнээ болон суужээ. Хошуу цорвойлгон, хоолой мэдэн, номоо хурц, тод унших ламхай нараас авахуулаад хашир туршлагатай лам нар, тэр ч бүү хэл Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба Лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэн ийнхүү “Хуучин номын хурал” хурж байна. Энэ хурлыг өнөөдрийг дуустал хурах аж.
Батцагаан дуганы үүдээр орж ирсэн сүсэгтэн олон алга хавсарган залбираад зүүнээс баруун чиглэлд алгуурхан тойрч бурхан тахилын өмнө сүсэглэг залбирна. Гартаа эрхи барин тойруулж байсан ахмад настан гэнэтхэн өврөө уудлан түрийвчээ гаргаж ирээд тахилын өмнө 10 мянган төгрөг тавьж, залбиралаа үргэлжлүүллээ. Сунаж мөргөж, сүсэглэн мөргөх иргэдийн цуваа татарсангүй…
Малгайгаа өвөр дээрээ тавьж, алга хавсруулан зальбирах эмэгтэй хааяа нэг чанга дуугарах бүрээний дуунаар нүдээ нээж хурлын хоймор хэсэг ширтээд залбиралаа цааш үргэлжлүүлнэ.Түүний хувьд өдрийн 12.00 цагт уг хурлыг даган баясахаар ирсэн нь энэ аж. Хурал дуусах хүртэл суухаар . “Нас өндөр болж байгаа бид хийх зүйлгүй гэртээ сууж байхаар үр хүүхдүүддээ буян хишиг хурааж, хурал ном даган баясч суух нь өлзий дэмбэрэлтэй. Хамаг амьтны тусын тулд хүний өөрийн гэлгүй л залбирч сууна. Номын дуу сонсох хичнээн сайхан. Сүүлийн жилүүдэд шинэ дуган хийдтэй болоод үйлчилгээ сайтай, тав тухтай болсонд их баярладаг. Өмнө нь багталцахгүй жижиг өрөөнд зай талбай муутай байсан. Одоо бол бүх үйлчилгээ нэг дор аваад тухтай сайхан байна шүү хүүхээ” гэснээ “Ум ма ни бад ми хум” хэмээн эрхээ эргүүлж, мааниа уншсаар цааш явав.
С.ГАНТӨМӨР: БАЙГАА ГАЗРААСАА ЦАЙНЫХАА ДЭЭЖИЙГ ӨРГӨХӨД ЛХАМ САХИУСНЫ ИВЭЭЛД БАГТАНА
МБШТ Гандантэгчэнлин хийдийн дэд Хамба С.Гантөмөр хэлэхдээ одоогийн байдлаар 300 гаруй лам “Хуучин номын хурал хурж байна. Энэ бол дээр үеэс уламжилж ирсэн хурал ном. Хуучин номын хурлыг тухайн оны төгсгөл дээр хуучин жил улирах үед Гандантэгчэнлин хийд “Арван хангал” сахиусаа хурдаг ёстой. “Арван хангал” сахиус гэдэг нь хамаг амьтны амар амгалангийн төлөө залбиран мөргөдөг. Бурханы шашины сургууль өнө удаан орших нь олон хүнд тустай гэж үздэг. Энэ сургаалийг өнө удаан оршооход гадна дотны харын зүгийн барцад саад их байдаг. Тиймээс тэдгээрээс сахин хамгаалж, барцад саадыг оруулахгүй хэмээн бурхан багшийн өмнө ам тангараг өргөсөн сахиуснууд бий. Эдгээр сахиуснуудыг тухайн хийд орон өөрийн буян номын үйл ажиллагааг ёсчилон явуулахад элдэв саад тотгор оруулахгүй байхын тухайд сахиуснуудыг урин залж, тахил өргөж, тэдгээрийн өмнө олон янзын зан үйл үйлддэг. Эдгээр үйлийг үйлдсэнээр эдгээр сахиусныхаа даалтанд ордог ёстой.
Хуучин номын хурал нь эдгээр сахиусыг тахихад хуучин болон шинэ ая дангаар номоо хурдан. Тиймээс гурав хоногийг турш хуучин номын хурлаа хурж, битүүний өдрийн үд болтол энгийн хурлаа хурж, битүүний оройноос шинийн нэгний өглөө үүр цайх хүртэл Лхам сахиус тахидаг уламжлалтай.
Энэ жилийн тухайд 26,27,28-нд хуучин номын хурал хурж, 29-нд битүүний зан үйл хийнэ. Жилд нэг удаа хурдаг. Лхам сахиус тахих хуралд сүсэгтэн олон олноороо оролцдог. Энэ хурлын үеэр сүсэгтэн олон байгаа байгаа газраасаа цайныхаа дээжийг өргөж, даатгах юм бол энэ сахиусны ивээлд багтана. Зарим иргэдийн хувьд шинийн 1-15-ний хооронд заавал засал номоо хийлгэх ёстой гэсэн бодолтой байдаг. Бурханы шашинд заавал 1-15-ны хооронд замслаа хийлгэх талаар дурьдсан зүйл үгүй. Засал, номоо хэзээ ч хийлгэж болно. Хүнд засал хийлгэх хэрэгцээ гарсан тэр үедээ л засал хийлгэх ёстой. Хамгийн гол нь Шинийн 1-15-ны өдрүүд Бурхан багшийн дүйчэн өдөр гэж явдаг. Бурхан багш эдгээр өдрүүдэд бусад бурханы шашины төлөөлөлтэй эрдэм чадлаараа тэмцэлдэж шинийн 8 гэхэд бүгдийг нь ялж, үлдсэн хугацаанд эрдэм чадлаараа олныг бишрүүлж хувилгаан дүрийг үзүүлсэн. Нэг ёсондоо бурханы сонгосон цаг үе учраас энэ үед хийсэн буян бусад цаг үед хийсэн буянааас ялгамжтай байдаг. Тиймээс нэгэнт жилийнхээ заслыг хийлгэх гэж байгаа учраас энэ цаг үед хийлгэх нь илүү хүч нөлөөтэй, буян их хураах болов уу гэдэг үүднээс иргэд эдгээр өдрүүдэд заслаа хийлгэхийг хичээж ирсэн гэдгийг учирлалаа.
Сар шинийн өдрүүдэд сүсэгтэн олны хөлд дарагддаг гандан хийдүүдэд номын дуу хадаж, сүсэгтнүүдийн цуваа үргэлжилсээр байна…XVII Жарны "Хилэнт-Эх" хэмээх модон луу жилдээ буян их хураах болтугай.
Нэргүй 2024-02-07 122.201.31.193
За үхсэн түвдээс гаралтай шарын шашин лай л байна
ужуж 2024-02-07 66.181.179.89
Сүүлийн үед ном сурсан эсэх нь мэдэгдэхгүй залуухан лам нарыг өргөмжилж цол олгодог боллоо. Нэг царайлаг залуу байдаг хэн билээ байз. Тэр одоо ид шидтэй юм уу эсвэл олон тэрэг ном уншсан хүн юм уу тэрийгээ тодорхой болгож өгөө. Ид шидтэй юм бол зарла. Хэн нэг номтой хүний хойд дүр тэгээд тэр өмнөх хүнийхээ мэдлэгийг өвлөөд төрчихдөг юм бол энийгээ дэлхий дахинд шинэ нээлт болгож зарла. Яг ямар учиртай юм?
Нэргүй 2024-02-07 213.87.162.77
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-07 88.230.60.175
Бурхны номоо монгол хэлээрээ уншдаг болгох хэрэгтэй. Ард түмэн бичиг үсэггүй байх үед хүнээр номоо уншуулдаг, тэгэхдээ ямар гээч юм уншаад байгааг нь ч ойлгохгүй, зүгээр л ном уншиж байгаа ламтандаа мухраар итгэж суудаг байсан тийм цаг өнгөрсөн. Одоо бүх хүн бичигтэй болсон тул лам нартайгаа хамт номоо дагаж уншвал илүү үр дүнтэй байх болно_ Тиймээс бүх сүм хийдийг монголоор ном хурдаг болгооч ээ!
Зочин 2024-02-07 202.21.104.2
Аливаа нэгэн Дээд хүчинд итгэж сүсэглэх явдал аль ч үед, аль ч ард түмэнд байта л асуудал. Сүсэглэж бишрэхдээ юунд даатгаж, ямар учиртай ном уншуулж байгаагаа өөрсдөө ойлгож ухаараасай л гэж боддог доо. Бурхан, сахиус ай харьцаж даатгана гэдэг чинь амьд ахуйдаа гэгээрч, орчлонгоос эгээрсэн хойноо бурханы оронд заларч олны тусад үйлчлэх тангараг өргөсөн гэгээрсэн хүмүүсийн сүнс гэх юмуу тийм нэгэн хий бодгальтай харьцаж, өөрсдийгөө даатгаж байгаа зан үйл л юмдаа. Лам нар зуучлагч нь гэхиймудаа.
Нэргүй 2024-02-07 109.70.100.5
Цагаан сарыг бүүр нэг өмчлөөд хэдэн өлөн лам, зурхайч нарын жилийн орлогоо хийдэг "баяр" болгож авсан. Угтаа Азийн хаврын шинэ оны баяр болхоос огт шашных биш. Тэд зүгээр олонд үйлчлэх ёстой. Гэтэл манайд идэж уугаад, айлын хойморт суучихаад өргөл барьц аваад. Өөрсдөө ч сайн мэдэхгүй харийн хэл дээр хэдэн чээжилсэн шүлгээ амандаа хагас дутуу бувтнаад л… Шившгийн далай.
Нэргүй 2024-02-07 202.126.89.49
ХАШАА ХОРОО, ЭД ХОГШЛОО ЦЭВЭРЛЭХ БУС НААД ЭЛДЭВ ГАЖ ЛАМ НАРАА ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Лам багш 2024-02-07 66.181.185.248
Ум сайн амгалан болтугай. Өрх гэрийнхээ хойморт Бурханаа залсан хүмүүс гэртээ номоо даган баясаад явж болдог.Заавал Батцагаанд очиж бөөгнөрөл үүсгэх хэрэггүй. Харин ч Цайныхаа дээжийг гэрийнхээ гаднаас өргөвөл хүртээмж нь өргөн дэлгэр болно.
Нэргүй 2024-02-07 66.181.181.156
хашаагаа цэвэрлэх яах вэ.балинч нар минь сэтгэл дотроо цэврэл.шунал дачаалаа даваагүй байж гэгээрнэ нтрээ болиоо.
Лам багш 2024-02-07 66.181.185.248
Ум сайн амгалан болтугай. Өрх гэрийнхээ хойморт Бурханаа салсан хүмүүс гэтээ номоо даган баясаад явж болдог.Заавал Батцагаанд очиж бөөгнөрөл үүсгэх хэрэггүй. Харин ч Цайныхаа дээжийг гэрийнхээ гаднаас өргөвөл хүртээмж нь өргөн дэлгэр болно.
почин 2024-02-07 202.131.226.197
ТӨВД ХЭЛ ДЭЭР ЦЭЭЖИЛСЭН ШҮЛЭГЭЭ ЯРЬЖ БАЙНА ГЭЖ ҮНЭНИЙГ ХЭЛ Л ДЭЭ
ХУРАЛ ХИЙЖ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ЯРИХАА ГАНДАН БОЛИМООР БАЙНА