Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээ өчигдөр/2024.02.06/ боллоо. Эрэгтэй болон эмэгтэй лигийг багийн амжилт, хувийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн тамирчид шилдэг болов. Ингээд та бүхэндээ шилдгээр шалгарсан тамирчдын ярилцлагыг хүргэе.
ИМПОРТ ТОГЛОГЧ БОЛЖ, ГАДААДЫН ЛИГТ ТОГЛОХ ЗОРИЛГОТОЙ
Улирлын "MVP" буюу Үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан "IHC Apes" багийн ахлагч М.Өлзий-Орших:
-Энэ шагналыг багаасаа "NBA"-ийн тамирчдыг хараад мөрөөдөж ирсэн. Мэдээж гол зорилго нь аваргын цом. Аваргын цомыг авах явцад энэ шагналыг авах нь ойлгомжтой. Золиос гэвэл чөлөөт цаг, унтаж, амрах цагаа сүүлийн 2-3 жил маш их золиосолсон.
Цаашдын зорилго юу вэ?
-Энэ жилдээ аварга авмаар байна. Хоёрдугаар сард Азийн аваргын урьдчилсан шатанд шигшээ багтайгаа мөн оролцоно. Бүр цаашилбал 2025 онд Азийн аваргад шигшээ багтайгаа оролцож, Азийн аварга болох зорилго бий. Аль болох чадлаараа олон улсын лигт, импорт тоглогч болж тоглох зорилготой.
Багануур Тулнууд багаас дээд лигийн гараагаа эхлэх үеэрээ шигшээ багт хоёр эсвэл гуравдугаар сонголтоор дуудагдана гэж байсан. Гэтэл одоо "MVP" болоод зогсч байна. Энэ хүртэлх замналд тань тууштай байхад юу нөлөөлсөн бэ?
-Тэр үед шигшээ багийн холбон тоглогч болно гэсэн зорилготой байсан. Түүний төлөө өөрийгөө өдөр бүр дайчилж, дотроо мөрөөдөж, бэлтгэлээ түүнд л зориулж хийж байсан. Мэдээж 2022, 2023 онд надад олон баяртай мөч тохиосон. Өмнө жил Ханжоугийн Азийн наадмаас хүссэн медалиа авсан. Хичээсний үр дүнд шагналаа хүртэж байна.
Шинэ дасгалжуулагчийн удирдлага дор тоглох ямар байна вэ? Бас ямар өөрчлөлт гарсан бэ?
-Өмнө жил миний хувьд гоцлон тоглолт хийхийг хичээдэг байсан гэх юм уу даа. Энэ жилээс серби мэргэжилтэн ирээд багаараа тогловол амжилтад хүрдэг гэдгийг ойлгуулсан. Багийн спортод хэзээ ч ганцаараа сайн байгаад амжилтад хүрэхгүй шүү дээ.
ХОЖИГДОХ ЭРХГҮЙ, ЗОРИГТОЙ ТОГЛОНО
Улирлын Шилдэг хамгаалан тоглогчоор шалгарсан Налайх Бизон багийн ахлагч Ш.Мөнх-Эрдэнэ:
-Үндэсний дээд лиг хоёр дахь жилдээ болж байна. Шилдэг хамгаалан тоглогч болсондоо маш баяртай байна.
Сагсан бөмбөг сонирхогчид Ш.Мөнх-Эрдэнийг оноо авдаг, тэсэрдэг гэдгээр нь илүү мэдэх байх. Харин энэ жил хамгаалдаг гэдгээрээ нь илүү харлаа. Өөрийн тоглолтдоо ямар өөрчлөлт хийсэн бэ?
-Өнгөрсөн жил бэртэлтэй байсан. Дасгалжуулагч, арын албаныхны зааж зөвлөсөн хамгаалалтын статистик дээр их ажилласан. Улирлын өмнө нь ч их ажилласан. Энэ нь үр дүнгээ өгч, өнөөдөр шагнал авсандаа баяртай байна.
Бизоны улирал ороо, бусгаа эхэлж, дасгалжуулагч ч солигдлоо. Энэ улирлыг дүгнэвэл юу гэж хэлэх вэ?
-Энэ улирал 13 багтай эхэлж, ач холбогдол өндөртэй байсан. Дасгалжуулагчийн хувьд гэвэл багийн асуудал. Бид нар шүүмжлэх эрх байхгүй. Улирлын тухайд гэвэл унаж, боссон тоглолтууд их байлаа. Гэхдээ тэр бүгдийн ард гараад одоо плей-оффдоо тоглож байгаадаа баяртай байна.
Плей-оффын тухайд "IHC Apes" багийн эсрэг 1-3 гэсэн хүндхэн байдалд орчихлоо. Фэнүүддээ юу гэж амлах вэ?
-Ямар ч байсан эцсээ хүртэл тэмцэнэ. Одоо хожигдох эрх байхгүй. Юунаас ч айхгүй. Багаараа зоригтой ажиллана гэдгээ өчигдөр ярилцсан. Тоглолт бол дуусаагүй. Энэ бол плей-офф.
ШИНЭХЭН "MVP"-ИЙГ БОЛОМЖООРОО ХАМГААЛНА
Улирлын Шилдэг зургаа дахь тоглогчоор шалгарсан Бишрэлт Металл багийн тамирчин З.Энхтөр:
-Сэтгэгдэл маш өндөр байна. Монголын хамгийн том лигээс зургаа дахь тоглогчийн шагнал авсандаа сэтгэл хангалуун байна.
Сагсан бөмбөг сонирхогчид таныг Шилдэг хамгаалан тоглогчийн шагналд хүчтэй ярьж байлаа. Ер нь сэлгээнээс талбайд гарч, багаа сэргээнэ гэдэг таны хувьд их чухал, үүрэг хүлээсэн ажил бэ?
-Хүмүүс намайг Шилдэг хамгаалагч болно гэж сошиал орчинд их бичсэн харагдсан. Өчигдөр л сагсан бөмбөгийн холбооны Шилдэг зургаа дахь тамирчин боллоо гэж мэдэгдсэн. Улирлын тоглолтуудын 60 хувьд нь сэлгээнээс тоглолтод оролцсон болохоор энэ шагнал илүү оновчтой байсан юм болов уу. Анх л Тэнүүн-Өлзий Металлын захирал н.Буян-Өлзий ах намайг Сүхбаатар аймгийн багт тоглодог байхад багийнхаа хамгаалалт дээр харж, авч байсан. Багийн эзнийхээ итгэлийг алдахгүйн тулд, хамгаалалт дээр л багтаа хамгийн том амжилтыг авчрахын тулд талбай дээр зүтгэдэг.
Металл баг дараагийн шатанд шалгарсан хамгийн эхний баг боллоо. Өнгөрсөн жил финалд шалгарсан гэхээр энэ улирал том амжилт хүлээж байгаа нь мэдээж. Фэнүүддээ хандаж ямар амлалт өгөх вэ?
-Амлалт өгөхөд эрт байна. Бөмбөг бөөрөнхий шүү дээ. Ямар ч байсан эхний шатаа давчихлаа. Дараагийн шатнаас улам нягтарч, чангарч, улам багаараа тоглож аваргын цомыг өргөхийн төлөө, амжилтаа ахиулахын төлөө зүтгэнэ.
Хэлэхэд эрт байгаа ч дараагийн шатанд "IHC Apes"-тай таарах магадлал 80 хувьтай байна. Шинэ "MVP" М.Өлзий-Оршихыг хэрхэн хамгаалах вэ?
-Мэдээж М.Өлзий-Орших бол ур чадвар өндөртэй тоглогч. Боломжоороо л хамгаална даа. Хоёр ч удаа тулаад тоглочихсон. Багийнхаа төлөө бүхнээ дайчилна.
ААВГҮЙГЭЭР ЭНЭ АМЖИЛТЫГ ТӨСӨӨЛӨХГҮЙ
Амжилт нь ахисан тоглогчийн шагналыг хүртсэн Сэлэнгэ Бодонгууд багийн тамирчин О.Тулга:
-Маш баяртай байна. Энэ жил маш онцгой байна. Шагналын хур бороо орсон юм шиг баяртай байна.
Бүх оддын тоглолтод мөн анх удаагаа сонгогдсон. Тэр талбайд гарах мэдрэмж ямар байсан бэ?
-Гоё асуулт байна. Бүх одод боллоо. Өнөөдрийнхтэй ижил мэдрэмж авсан. Шилдэг тамирчидтай хамт нэг сандал дээр суугаад, нэг талбай дээр гарсан. Ялангуяа Т.Санчир ахын хөгжилтэй зан надад маш их таалагдсан.
Плей-оффд анх удаа лидерийн хувиар тоглож, харамсалтай нь ялагдлаа. Энэ ялагдал чамайг дараагийн түвшинд гарахад хэрхэн хурцлах вэ?
-Плей-оффд эхний шатанд хүнд цувралыг хийлээ. Металл баг бол аваргын төлөө өрсөлдөж байгаа баг. 4-0 гэсэн харьцаатай хожигдсон. Хэцүү байсан ч өөрийгөө илүү хурцалж, дараа жил хүчтэй орж ирнэ гэж бодсон.
О.Тулгын хувьд шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан. Шигшээ багийн төлөөх тоглолтууд хүлээж байна. Энэ талаар юу гэж хэлэх вэ?
-Шигшээ багт тоглох бол нэр төрийн хэрэг. Бүх зүйлээ гаргана. Өнгөрсөн зун оюутны шигшээ багт багтсан. Тэндээс маш олон зүйлийг сурч, энэ улирал амжилттай тоглосон гэж бодож байна. Ер нь оюутны универсиадад явахад бусад орнууд болох Бразил, Чех улсуудын тамирчид бүгд л шигшээ багийнхаа өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдахыг хүсдэг юм байна лээ. Тэр мэдрэмжийг аваад л ийшээ зорино гэдгээ ойлгосон. Хөгжөөн дэмжигчддээ хэлэхэд та нарын дэмжлэг маш их энерги, хүч болж орж ирдэг шүү. Та нартаа буцааж өгөхийг хичээнэ.
О.Тулгын амжилтыг аавтай нь холбох зүйтэй байх. Аав нь ямар зөвлөгөө, зөвлөмжийг өгч байсан бэ?
-Аавыг ярьвал их зүйл ярина. Хүмүүст нэг их ярьж байгаагүй байх. Гэхдээ хамгийн тод санаж байгаа нь гэвэл хожигдол бүрийн араас 2-3 цагийн лекц тавьдаг байсан. Өсвөр насны хүүхэд байсан учир сайн ойлгодоггүй байсан. Одоо том хариуцлага ирж байгаа үед маш том сургамж болж, тэр үгнүүд орж ирж байгаад бахархдаг. Энэ бүх зүйлийн гол үндэс суурийг аав минь тавьсан. Аавгүйгээр энэ амжилтыг төсөөлөхгүй.
Нэргүй 2024-02-07 213.87.162.77
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-07 139.5.217.225
haruudaasa iluu garaad shaasan