Гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших твиттер хуудаснаа “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дууг дуучин Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нар дуулахыг онцгой эрхийн хүрээнд бүрмөсөн хориглож байгаагаа мэдэгдсэн. Түүний шийдвэр үзэгч сонсогчдын дунд маргаан дагуулав. Нэг хэсэг нь маш зөв шийдвэр. Олон жил хууль, журмаар бус ах дүүсийн харилцаагаар явж ирсэн оюуны өмчийн асуудлыг цэгцлэх цаг нь болсон гэж дэмжиж байна. Нөгөө хэсэг нь бүх зүйлийг зоосны нүхээр харж болохгүй гэж түүнийг шүүмжилжээ.
Энэ талаар Зохиогчийн эрхийн тухай хуульд тусгахдаа тухайн бүтээлийг эзэмшдэг буюу зохиосон зохиогч өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд нийтэд түгээхийг хориглоно гэжээ. Уг хуулийн 14.5 болон 14.3 дугаар заалтад,
- Зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.
- Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.
Харин сүүлийн үед "Номин талст" хамтлаг болон бидний ах дүүсийн сайхан харьцаан дундуур урлагийн чэнжүүд орж, их хэмжээний ашиг олж байгаа нь шударга бус байна" гэдгийг онцолсон юм.
Энд ганцхан жишээ татъя. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С.Баатарсүх бол "Цэнхэр залаа", "Цэцгэн зүйрлэл", "Нүдэн нуур", "Дөрвөн улирал, хоёр амраг" зэрэг олон олон дууны хөгжмийг бүтээсэн нэгэн.Хэрэв Монголд Зохиогчийн эрхийн тухай хууль хэрэгждэг бол алдартай бүтээлүүдээрээ амьдарчих хэмжээний уран бүтээлч. Гэвч тэгж чадаагүй. Өнгөрсөн 2014 онд МҮОНТ-ийн хамт олон С.Баатарсүхэд хүндэтгэл үзүүлж, тухайн үеийн ерөнхий захирал М.Наранбаатар таван сая төгрөгөөр урамшуулахдаа "Цэнхэр залаа" бүтээлийг МҮОНРТ эзэмшихээр боллоо" гэдгийг мэдэгдэж байж. Энэ бол зохиогчийн онцгой эрхийг худалдаж авах гэсэн арга залийн тод жишээ гэдгийг уран бүтээлчид хэлж байгаа юм.
Ирэх хаврын чуулганаар нэгэн цоо шинэ хуулийг хэлэлцэнэ. Энэ бол Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль юм. Урлагийнхан дунд ч хүлээлт их байна. Энэ талаар Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн, продюссер Б.Лхагвасүрэн ярихдаа "Хуультай болсноор дуу хөгжмийн бүтээл өндөр үнэтэй болно гэж ойлгодог. Гэтэл иргэд өнөөдөр караокед 10, 20 мянган төгрөг төлөөд дуулж байна. Тэнд дуучны уран бүтээлийн нэмүү өртөг шингэсэн байгаа. Бизнес эрхэлж байгаа хүнд ямар ч хүндрэл байхгүй. Харин ч албан ёсны эрхтэй дуу, дүрсний бүтээлтэй болж, ая нь түрүүлж явахгүй, ямар ч хамаагүй дүрс дэлгэцэн дээр нь гарахаа болино.
Дуу дуулж байхад тухайн хамтлаг дуучны зураг эсвэл эх орны байгаль, шинэ залуу үеийн залуусын зураг гарах гэх мэт сонголттой болно. Хоёрт, тэр орж байгаа мөнгөний тодорхой хувь нь уран бүтээлчдэд ирэхээр дараагийн уран бүтээлээ санхүүжүүлэх боломж бүрдэнэ.
Уран бүтээлч хүмүүсийн талхны дараагийн хөрөнгийг худалдаж авч, дэмжиж байна гэсэн үг. Бид оюуны өмч бүтээж буй бүтээлчдийн хувьсгалыг хийх цаг болсон. Аж үйлдвэрлэл буюу бүтээлч үйлдвэрлэлээс гарч буй бүтээгдэхүүн нь гар утастай адил хэрэглээ болох ёстой" гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ