Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр/2024.02.06/ болжээ. Тус барилдаан авхаалж самбаа, уран мэх сорин барилдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, аймгийн начин Дашийн Төрбаяр түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, аймгийн өсөх начин Хадбаатарын Мягмарсүрэн үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн өсөх начин М.Гантулга, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн начин Б.Улаалзгана нар шалгарлаа. Хари наймд аймгийн өсөн нэмэх начин Т.Мөнх-Эрдэнэ, аймгийн өсөх начин Ш.Нямсайхан, аймгийн өсөх начин О.Баярбаасан, аймгийн начин З.Мөнхтулга нар үлдэв.
Маргааш 11:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай.
Мөн өчигдөр болсон өсвөрийн бөхийн барилдаанд 160 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Баярмагнайн Баднаанямбуу түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Содбаярын Мөнхүслэн үзүүрлэв. Гуравт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат Очирсүхийн Мөнгөн-Эрдэнэ шалгарлаа. Шөвгийн тавд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаярын дүү Буянтогтох, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат Гантөмөрийн Өрнөхбаяр нар үлджээ.
Тус барилдааныг Монголын хүүхдийн ордон уламжлал ёсоор МҮБХ-той хамтран зохион байгуулж, шөвгийн гурван хүүхдэд бай шагналыг хариуцан гардуулсан аж. Харин уран барилдаантай бөхийн шагналыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Р.Омар, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Өрнөхбаяр, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Э.Сэрдамба нарт Монголын хүүхдийн ордоноос гардууллаа.
Нэргүй 2024-02-06 213.87.154.253
Харуулах боломжгүй.