“Брэндийн автобус оруулж ирснээрээ буруутан болоод байна” гэх мэдэгдэл хийн олныг төөрөгдүүлж суусан “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг хорих ангиас захидал бичиж, улстөрчидтэй ямар ч холбоо хамааралгүй гэж зарлав.
Тэрбээр цагдан хоригдоод дөрвөн сар болсны эцэст анх удаа олон нийтэд хандаж байгаа нь энэ юм.
Гэхдээ А.Ганхуягийн МАН-ын улстөрчидтэй холбоогүй гэх үгэнд итгэх хүн ховор л доо. Учир нь, 2016 оны УИХ-ын сонгуульд Ардын нам ялсан үеэс л цагаан байрнаас нь салахгүй гүйдэлтэй болсон байсныг цэвэрлэгчээс нь эхлээд олон хүн гэрчилнэ. Тиймээс “Миний зүгээс Ж.Сүхбаатар сайд, хотын дарга нартай ямар ч ойр дотно холбоо хамааралгүй, эсрэгээрээ манай компанид таагүй дургүй гэдэг” нь сонгууль угтсан улс төр л гэж уншигдаад байгаа.
Яг үнэндээ ногоон автобусны хэргээр өнөөдөр МАН-ын улстөрчдөөс УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар л шалгагдаж, яллах дүгнэлттэйгээ танилцаад буй. Уг нь энэ хэргээр шалгагдах ёстой хүний нэг нь Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяазар. Гэвч Авлигатай тэмцэх газар өнөөдрийг хүртэл түүнийг шалгаагүй нь олон нийтэд хардалт ч төрүүлээд буй. Шалтгааныг нь сонгуультай холбох болсон. Учир нь, 2020 оны УИХ-ын сонгуульд Нийслэлийн МАН-ын хороог удирдаж, ялалтад хүргэсэн хүнийг ногоон автобусны хэргээр шалгаад эхлэх нь эрх баригч хүчинд халтай гэх.
Ямартай ч АТГ энэ хэрэгт холбогдуулан, Түгжрэлтэй тэмцэх сайд асан Ж.Сүхбаатараас гадна нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарыг шалган, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байдаг.
Энэ үед хэргийн эзэн хэнгэргийн дохиур А.Ганхуяг “Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нартай хамааралгүй. Харин ч тэд надад дургүй” гэх месежийг захидлаараа дамжуулан олон нийтэд цацахдаа БНСУ-ын "Дэү" компанид гомдож байгаагаа илэрхийлсэн нь эцсийн дүндээ чавцаа ногооны гол буруутан нь зөвхөн автобусыг угсарсан "Дэү" компанийнхан болж хувираад байна.
Нүүрсний хэрэгт холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нарыг хуулийнхан шалгаж эхлэхэд тэд “Шанага нүүрс ч аваагүй” гэж өөрсдийгөө өмөөрцгөөсөн. “Чирдэг жорлонгийн хэргээр буруутгаж байна” гэдэг сүржин мэдэгдлийг Б.Ганхуяг хийж байсан ч шүүхээс түүнийг гэм буруутайд тооцон, 5.9 жилийн хорих ял оноосон.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан "Костюм зарж, олсон мөнгөөрөө адууны жүчээ байгуулсан байсныг нь Авлигатай тэмцэх газрынхан ташаарч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болгож буруутгалаа" гэсэн. Гэтэл шүүхээс мөн л гэм буруутайд тооцон гурван жилийн хорих ял оноосон.
Тэдэн шиг А.Ганхуяг ямар ч буруугүй, зөвхөн "Дэү" компаниас л бүх юм боллоо гэж бухахын цаад шалтгаан нь эцсийн дүндээ гэм зэмгүй өнгөрөх оролдлого биш гэж үү.
Монголын улстөрчид, бизнесмэнүүд хэрэгт нэр холбогдоод ирэхээр "Би буруугүй. Намайг хэлмэгдүүллээ. Хуулийнхан хонгилоороо чирч байна" гэж өөрсдийөө зөвтгөн, хэргийг шалгаж буй хуулийнхныг буруутгадаг. Энэхүү технологиор А.Ганхуяг ажиллаж, захидлаараа дамжуулан МАН-ын нэр холбогдсон улстөрчдийг холбоогүй гэх мэдэгдэл хийж буй нь эцсийн дүндээ сонгууль угтсан цэвэрлэгээ биш гэж үү.
Тэрбээр зөвхөн ногоон автобусны хэрэгт нэр холбогдоод байгаа юм биш. Өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл нэрээр автобус нийлүүлэгдэхэд компанидаа 50 автобус авсан ч 10 гаруй жил болоход төлбөрийг нь төлөлгүй өнөөдрийг хүргэснээс эхлээд Нийслэлийн тээврийн газрын даргаар өөрийн хүнийг томилуулдаг, түүгээр дамжуулж эрх ашгаа гүйцэлдүүлдэг гэхчлэн олон ноцтой зүйл сонсогдсоор байгаа.
Дээр нь нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад жил бүр 300 орчим тэрбум төгрөгийн татаасыг нийслэлээс олгодог. Тухайн компаниудаар хэчнээн хүн үнэгүй зорчиж байгаа судалгааг нарийн гаргадаггүй хэр нь тэрхүү мөнгийг олгож ирсэн нь мөнгө угаах схем гэж хардаж буй хэсэг ч бий. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн жил авсан улаан автобус, цавчаа ногоон зэргийг тендер зарлалгүй шууд худалдан авалт хийсэн нь угсарсан, үйлдвэрлэсэн оныг засварласан, арлын дугаарыг нь сольсон автобуснууд оруулж ирэх далим болсныг уг салбарыг гадарлах хүмүүс шүүмжилдэг. Харин А.Ганхуяг бухаж эхэллээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ