Өвчний голомтод устгал хийв

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Өвчний голомтод устгал хийв

Нийслэлийн ХАН-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Нионшель” компанийн шувууны аж ахуйд гоц халдварт “Шувууны ньюкаслийн өвчин” гарсан учир хорио цээрийн дэглэм тогтоосон билээ.

Өчигдөр ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга, комиссар С.Цогтбаатар, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, комиссар Х.Батбилэг нар  хээрийн штабын үйл ажиллагаатай танилцаж хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах талаар заавар, зөвлөгөө өгсөн. Мөн өдөр дүүргийн Онцгой комиссын хурал болж өвчний голомтод байгаа тахиа шувууг нядлах, устгах ажлын хэсгийн 289 дүгээр захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу урьд шөнийн 00.20 цагаас 08.10 цаг хүртэл устгалын ажлыг хийж гүйцэтгэжээ. Устгалын ажлыг эхлэхээс өмнө дүүргийн Онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу голомтоос 3 км-ын радиустай хязгаарлалтын бүсийг есөн цэгт байгуулж, хязгаарлалтын бүс тогтоох тухайгаа 28 өрхийн 95 хүнд урьдчилан дуулгаж, уг бүсэд байсан 30 гаруй үхрийг голомтоос гаргасан байна.

Ингээд голомтод байсан нийт 4847 тахиа, 3.5 тн тэжээл, өндөгний үүр, хайрцаг, сангас зэргийг булж, ариутгал хийж устгалд оруулжээ. Уг ажилд нийслэл, дүүргийн Онцгой комиисын гишүүд, онцгой байдлын 20 албан хаагч болон мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийнхэн оролцлоо.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж